
Хоёр их гүрний дунд орших Монгол Улс хүссэн хүсээгүй урд, хойд хоёр хөршийнхөө хамтын ажиллагаа, дэмжлэг туслалцаагүйгээр "хол" явахгүй нь тодорхой. Тэр тусмаа далайд гарцгүй орныхоо хувьд Хятад, Оростой сайн харилцаатай байж чадвал гуравдагч зах зээлд нэвтрэх гүүрээ болгож чадах юм. Тиймээс 20 жилийн хугацаанд 10 хөтөлбөрт бодит хөрөнгө оруулалт хийх тохиролцоонд хүрсэн Н.Алтанхуягийн айлчлалыг амжилттай болсон гэдэг ганц үгээр үнэлбэл хэтэрхий чамлалттай санагдах болов уу. Учир нь Хятад улс их гүрнийхээ хувьд мөн хөршийн хувиар Монголд 70-80 тэрбум ам.долларын өртөг бүхий хөрөнгө оруулалт болохуйц хамтран ажиллах тохиролцоо хийсэн нь үнэндээ өнгөрсөн хугацаан дахь хамтын ажиллагааны хувьд түүхэн гэж тодорхойлохуйц үйл явдал болж чадлаа гэж дүгнэж болно.
Гэхдээ нөгөө талд маш их мөнгө яригдаж буй хамтын ажиллагааны хүрээнд чухам юу хийх нь вэ гэж харах хүмүүс ч байна. Монголчуудын хувьд их мөнгө яригдах бүхэнд цаана нь юу болоод өнгөрөв өө гээд хардаад эхэлдэг нь гэм биш зан юм хойно. Айлчлалын хүрээнд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг сайжруулж, уул уурхай, боловсрол, газрын тос, төмөр зам, эрүүл мэнд, хүмүүнлэг, улс төр, эдийн засгийг харилцааг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулахаар болжээ.
Тухайлбал, Монгол Улс Хятадын газрын тос-химийн корпораци "SINOPEC"-ийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, гаргасан бүтээгдэхүүнээр өөрийн орны хэрэгцээг хангахаас гадна Хятадын зах зээлд борлуулах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Энэ гэрээ нь дэлхий нийтээр эко түлш гэгдэх хийн түлшийг өөрийн оронд үйлдвэрлэхээс гадна, 20 мянган монгол иргэн тухайн салбарт ажлын байраар урт хугацааны туршид хангагдаж, цаашлаад эдийн засгийн тогтвортой байдал, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт болох гэнэ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд нэг улсаас хараат байхын зовлонг хангалттай эдэлж ирсэн. ОХУ-аас гаргасан шийдвэр бүхэн Монголын дотоодын зах зээлд нөлөөлж, тэр хэрээрч иргэдийн амьдралд сөрөг тусгалаа үзүүлдэг байлаа. Тэгвэл Ерөнхий сайдын Хятадад хийсэн ажлын айлчлалын хүрээнд Монгол Улс цаашдаа шатахууны хараат байхын зовлонг амсахгүй нь бололтой. Учир нь Хятадаас нийлүүлэх шатахууны нийлүүлэлт 3-4 дахин нэмэгдэж сард 35-40 мянган тонн шингэн түлш авахаар болсон. Үүнийг эдийн засагчид хамгийн наад зах нь шатахууны үнэ тогтворжих, Орос ханиалгахад түүнийг нь Монгол хүртдэг байдлаасаа салах боломж гэж харж буйгаа нуухгүй байгаа юм. Нөгөө талаар шатахуун нийлүүлэх гадаад сувгийн тоо нэмэгдсэнээр экспорт өсч, дотоодын эдийн засаг тэлэх таатай нөхцөл бүрдэх гэнэ.
Айчлалын хүрээнд шийдвэрлэгдсэн нэг сайхан боломжийг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Монгол Улс нүүрс экспортлогчдийг төлөөлж, "Эрдэнэс Тавантолгой", "Энержи ресурс", "Тавантолгой" зэрэг хувьцаат компаниуд Хятадын "Шинхуа Энержи" компанид 20 жилийн туршид нэг тэрбум тонн нүүрсийг нийлүүлэхээр болжээ. Үүнийг өнөөдрийн ханшинд хөрвүүлбэл, 50 тэрбум ам.долларын худалдаа хийхээр болсон гэсэн үг. Эдийн засгийн хувьд энэнийг л сайхан мэдээ гэхгүй юм бол өөр юуг сайхан мэдээ гэж хэлэх билээ. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсний зах зээл баталгаатай болж байна. Цаашлаад монголчууд гуравдагч оронд байр сууриа алдах вий гэж айх хэрэггүй болсон гэсэн үг. Хоёр улс боловсролын салбарт мянга, мянгаар нь мэргэжилтэн бэлтгэхэд хамтрахаар болсон гэдэг чихэнд чимэгтэй бас нэгэн сайхан мэдээ байна. Энэ бүхнийг ганц өгүүлбэрээр дүгнэхэд эдийн засаг, зах зээлийн хувьд бие биенээ нөхсөн өмнө нь шийдэгдэж байгаагүй асуудлыг дээд хэмжээнд нь авч үзсэн амтархам мэдээ олонтой бахархам айлчлал болж чаджээ. Монгол Улсын ганц том зах зээлийнхээ хувиар Хятадыг харахад шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалыг стратегийн түншлэл түүхэн боломж авчирлаа.
Н.ХҮСЛЭН

0 сэтгэгдэл:
Post a Comment