2013/12/18

Маргаан дагуулсан сайдын асуудал

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн нь МАН, АН-ынхныг "талцаж" маргахад хүргэв. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сайдыг оцгруулах талаархи үндэслэлүүдээ танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Сангийн сайдыг огцруулах талаар гишүүд өөрсдийн саналаа илэрхийллээ.

УИХ Сү.Батболд:Суурин дээр нь тарвалзах боломжийг бид олгосон

-МАН-ыг Засгийн газарт байх үеийн алдаа дутагдал байгаад түүнийг нь сайжруулаад авч байгаа бол сайн зүйл. Бидний үед 2008, 2009 онд дэлхийн хэмжээний хямралтай байсан. 2010-2012 онд эдийн засгийн өсөлтийн талаар гадныхан хараагаа сунгаж, Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх улсуудын нэг болж байна гэж байсан нь үнэн. Гэтэл жил хагасын хүрээнд нэлээд уруудсан, хөрөнгө оруулагчид буурсан нь бас үнэн. Хэрэв алдаа оноо байвал хамт ярих ёстой, хатарсан Засгийн газар барьж байсан шүү дээ. Гарцаагүй гацсан байсан Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөөнд оруулсан нь хамтарсан Засгийн газар. Өнөөгийн сөрөг хүчин үүргээ биелүүлэх боломж байхгүй, байнгын хороонд харьяалагдах тоо бага, санал хураалтаа олонхоороо шийдээд явчихдаг гэх мэт зүйлүүд бий.  Өмнөх Засгийн газрын буруу гэж ярих гэж байгаа бол бүгдийг хамтарсан Засгийн газар хийсэн. Бид хамтдаа ярилцаж, хамтдаа алдаагаа засаад явья гэдэг зүйлийг яриад байгаа учраас өнгөрсөн намраас хойш ярьсан ч олонхи авч хэлэлцэхгүй байна. Саяхан Ерөнхийлөгч энэ асуудлыг авч үзээд эдийн засагт асуудал байна, үүнийг нийлж байгаад ярья гэсэн санал гаргасан. МАН дургүйцсэн зүйл алга. Бодит зүйлийг яриад, ил тод биш байгаа зүйлд хаалт хийгээд байгаа нь зохисгүй зүйл юм. Бид бонд гаргая гэж УИХ-аар оруулсан ч өнөөгийн УИХ-ын дарга эсэргүүцээд унагааж байсан удаа ч бий. Суурийг тавьж өгөөд, суурин дээр "тарвалзах" боломжийг бид гаргаж өгсөн. Харин үүнийг хариуцлагатайгаар ярих ёстой. Цаашид зөв дүгнэлт хийж, өргөжүүлж, хариуцлага, хяналттай болоё гэж яриад байгаа. Хяналт, оролцоог сайжруулахын тулд эхлээд хариуцлагаас эхлэх ёстой гэдгийг МАН ярьж байна.

Л.Эрдэнэчимэг: Хоёр сайд хийж байгаа ажлаа үргэлжлүүлээсэй

-Чингис бондыг босгосон болоод хэрхэн зарцуулсан талаар хоёр сайдыг огцруулах гэж байгаа гол шалтгааны нэг гэж бодож байна. Дэлхий даяар эдийн засаг хямралтай байгаа энэ үед бүтээн байгуулалт хийх байсан уу, 2013-2014 ондоо бүтээн байгуулалтаа хийсэн нь дээр үү гэдэг ялгааг Чингис бондоос олж харж байгаа. Чингис бондын мөнгийг эргүүлэн төлөх боломж нь байгаа учраас бид бондыг ашиглахгүй өнгөрнө гэдэг нь ард түмний өмнө хийж байгаа алдаа гэж харах байсан. 2013 онд бүтээн байгуулалтын хурд сайн байсан, энэ хурдаараа цааш хөгжвөл Монгол Улсын хөгжлийн хурд сайжирна гэж бодож байна. Энэ бүх ажлыг нуруун дээрээ үүрч ирсэн хоёр сайд хийж байгаа ажлаа улам эрчимжүүлж ажиллах байх гэж үзэж байна. Тиймээс огцруулах асуудлыг дэмжихгүй.

Д.Лүндээжанцан: Үндэслэлийг олонхи,  засаг нухацтай дүгнэх ёстой

-МАН-ынхныг бонд хувааж идэх гэж, Засгийн газарт орох гэж ийм үйлдэл хийж байна гэж ярьж байна. Энэ бол худлаа. Бид хариуцлагын асуудлыг л ярьж байгаа. Бид шүүмжлээд, яриад нэмэр байгаагүй учраас огцруулах асуудал ярьж байна. 2013 оны төсөв муу төсөв болсон. Татвар хураагчид их чардааж байна. Татвар хураагаад, төсвөөс танаад ямар ч нэмэргүй байгаа нь 2013 оны төсөв ямар байдалтай байсан бэ гэдэгт дүгнэлт хийж байна. Урсгал зардал хэрээс хэтэрч орж ирсэн шиг 2014 оны төсөв ямар байдалтай байгаа бол гэдгийг гайхаж байна. Эдийн засгийн зөв бүтэцтэй, зөв бодлоготой байвал амжилтанд хүрдэг. МАН-аас гаргасан дүгнэлтүүдэд олонхийн бүлэг ч Засгийн газар ч нухацтай дүгнэлт хийх шаардлагатай байна.

Д.Эрдэнэбат:Хариуцлагаа АН өөрөө тооцож чадна

-Ойлголтын асар том зөрүү байна. Огцруулах санал оруулж болно. Гэхдээ огцруулах үндэслэл нь улс төрийн шинжийг илүү агуулсан байж болохгүй гэж бодож байна. МАН-ыг  бүтээлч, санаачилгатай ажиллаад, хамтраад юм хийх байх гэж бодож байсан. Ерөнхийлөгчийн Том төрөөс ухаалаг төрлүү шилжих тогтолцоонд хамтрахаар гарын үсэг зураад тав хонолгүй энэ асуудлыг оруулж ирж байгаа нь ам ажил зөрж байна гэж харлаа.  Яг үнэнийг хэлэхэд ард түмний итгэл, хүсэлт эрмэлзлийг идээд бараад дууссан нь МАН. Тиймээс ард түмэн АН-ыг сонгосон. Хамтарвал хамтарсан шиг хамтарч ажиллая. Хариуцлага тооцоё гэж байгаа бол одоо үүсээд байгаа нөхцлийг бий болгосон хүмүүс, хийж байгаа нь хамтдаа хариуцлага тооцуулна гэж байгаа бол болох асуудал. Гэх мэт асуудал олон байгаа ч АН хариуцлага тооцох асуудлаа өөрсдөө хийж чадна. Гэхдээ хэн нэгний өдөөн хатгалтаар хийхгүй.

Ш.ЧИМЭГ

0 сэтгэгдэл:

Post a Comment