2014/04/30

Хятадын банк нээх хүсэлт ирүүлээгүй байна гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж, мөн гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч буй юм.

Хэлэлцүүлгийн шатанд хамгийн их хөндөгдсөн асуудал нь Хятадын "Bank of China"-гийн салбар Монголд нээгдэх эсэх тухай байлаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Ганбат "Гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбар Монголд үйл ажиллагаа явуулах нь зээлийн хүүг бууруулах сайн талтай. Банкны салбарт өрсөлдөөн байхгүйгээс аж ахуйн нэгжүүд жилийн 18 хувийн хүүтэй, малчид ард иргэд жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээлийг авч байгаа нь эргээд сөрөг нөлөө үзүүлж байна. Арилжааны банкуудын хүүг буулгах боломж нь гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг нээх явдал. Хятадын банкны салбар нээгдэх тухай мэдээлэл гарсан. Энэ бодитой юу, үүнд төв банк хариулт өгөх ёстой" гэв.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын тайлбараар төв банкинд өнөөдрийг хүртэлх хугацаанд Хятадын "Bank of China"-гийн салбарыг Монголд нээх хүсэлт албан ёсоор ирээгүй байна. Дээрх банк нь Хятадын төрийн өмчийн оролцоотой банк,  Монгол Улсад салбараа нээх хүсэлт тавьбал эхний ээлжинд Засгийн газар асуудлыг хэлэлцэнэ, улмаар төв банк тэр дагуу судалгаа хийж, зөвшөөрөл олгох эсэхийг нягтлах юм байна. Тодруулж хэлбэл, Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиар зохицуулагдана гэсэн үг аж.

Мөн гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбар Монголд нээгдэх нь зээлийн хүүг бууруулах сайн талтай ч эргээд иргэдийн мөнгөн хадгаламжид эрсдэл үүсгэх сул тал бий. Гэхдээ хүсэлт тавигдсан нөхцөлд санхүүгийн зах зээл, эдийн засагт ямар эерэг болоод сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдгийг төв банк нарийн судалж шийдвэрээ гаргах учиртай гэж төв банкны ерөнхийлөгч онцоллоо.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл:

Post a Comment