2014/07/31

Наадмын дараах улс төр

Найр наадам, амралт зугаалга гээд улс төр нам жимхэн байгаа мэт гаднаасаа харагдавч дотроо аль хэдийн уур савсаад эхэлсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Гучин хэмийн халуунтай зэрэгцсэн ханшийн халуурал эдийн засгийг туйлдуулж, 100 хоногийн хугацаатай амлалт аваад ажилдаа орсон Засгийн газрын хэлсэн, хийснийг нь хамтад нь дүгнэх цаг ойрхон ирснийг сөрөг хүчин үе үе сануулах болов. МАН-ын дарга М.Энхболд ойрноос хэвлэлүүдэд эдийн засгийг эрчимжүүлэх зуун хоногийн хөтөлбөрийг энэ сарын 20-доор үнэлж дүгнэнэ хэмээн ярилцлага өгч, УИХ-ын ээлжит бус чуулганы яаралтай зарлан хуралдуулах ёстой гэсэн саналыг ч зарим намын зүгээс тавьж эхэлснээс харахад намрын улс төр наадмын маргаашнаас л эхэлжээ гэлтэй.

Хаврын чуулганыг хаахдаа УИХ-ын дарга З.Энхболд "УИХ-аас шалтгаалах асуудал гарвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг үгүйсгэхгүй" хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн БНХАУ-ын дарга Си Жинпиний айчлалын үеэр буюу энэ сарын 20-нд хүндэтгэлийн чуулганыг зарлан хуралдуулахаар болсон гэх. 

Одоогийн байдлаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай ямар нэгэн яриа, шийдвэр гараагүй байгаа ч  хүндэтгэлийн чуулгантай залгаад ээлжит бус чуулганыг зарлах, үүгээр 2014 оны төсвийн тодотгол болон хаврын чуулганаар буцаагдсан зарим хуулийг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байна.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаа ойртох тусам Засгийн газрын сайд нарыг огцруулах тухай мэр сэр санаа ч цухалзах болов. Мэдээж, 100 хоногийн хүрээнд ямар ажил хийснээ Н.Алтанхуягийн танхим парламентад танилцуулах нь тодорхой ч, эдийн засаг доройтсоны хариуцлагыг зөвхөн засаг үүрэх нь өрөөсгөл. Тэр тусмаа эдийн засаг хямралтай байгаа дээр Засгийн газрыг өеөдүүлж, улс төрийг хямруулбал, хоёр оронтой тоонд эргэлдэж байгаа инфляцийн инерци улам эрчимжихгүй гэх баталгаагүй юм. Аливаа орны улс төрийн байдал тогтворгүйжих тусам эдийн засаг нь уналтад ордог  тогтолцоо бий.

Намрын улс төрийн угтал болов уу гэлтэй, наадмын дараахнаас АН, МАН-ын зарим гишүүн энд тэнд сэм сэмхэн уулзалдаж, шивнээ яриа өрнүүлэх болсон  нь олон нийтийн дунд МАНАН байгуулагдах вий гэсэн харыг төрүүлж эхэллээ. Чухамдаа бол Ардчилсан намын фракц, эвслүүдийн зөрчилдөөн наадмын үеэр нам жим болсон мэт харагдавч, цаанаа улам ширүүсч, эрх мэдлийн төлөөх тэмцэлд бэлтгэн, энд тэндгүй хор найруулах ажиллагаа явагдах болсон гэдгийг ч улс төрийн хүрээнийхэн "Хэнд ч битгий хэлээрэй"  хэмээн бие, биедээ хэлээд яваа бололтой.

Ардчилсан нам засгийн эрхэнд гарах бүртээ талцан хэрэлдэж, сандал суудлын зодоон хийдэг, энэ нь эргээд хэн нэгний идэш хоол болдог гашуун түүх байдаг. Эл алдаа сөрөг хүчин болоод засгийг унагах зорилготой зарим нэг хүнд сайхан шалтаг болж байгааг ч үгүйсгэхгүй. Өнөөдрийн олонхийн зөрчилдөөн маргаашийн унах нүх болон хувирах эрсдэл байгааг ч Ардчилсан намыханд дуулгахад гэмгүй болов уу. Эрх барих болгондоо засгаа унагаж санаа нь амардаг Ардчилсан намынхан дотоод ардчилалтай гэхээсээ дотроо эв түнжингүй гэж дүгнэгдэх нь тодорхой билээ.

Оюутолгойн далд уухайн бүтээн байгуулалт зогсонги байдалтайгаар нэг жилийг үдэж, Монголд орж ирдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.доллараас хоёр тэрбум болтлоо буурсан хариуцлагыг ганцхан Н.Алтанхуягийн танхимд тохож, тэднийг огцрууллаа гээд байдал дээрдэх үү. Монголын төр засгийг зүгээс олон жилийн турш хэрэгжүүлсэн буруу бодлогын алдаа өнөөдөр илэрч, 800 тэрбум төгрөгийг "Эх орны хишиг", "Эрдэнийн хувь болгон" хүртсэнийхээ балгийг монголчууд нуруун дээрээ үүрч, өр зээлээ төлөх гэж эдийн засаг нь хүртэл тартагтаа тулах нь холгүй ядарч байна. Нэг үгээр хэлбэл, сар бүр авч идсэн 21 мянган төгрөгөө өнөөдөр арав дахин үржүүлсэнтэй тэнцэх өртгөөр төлөх боллоо. "Оюутолгой"-н асуудлаар популизм хийж, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсаныхаа хариуд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш 30 хувь уналаа. Энэ бүхэнд хариуцлага тооцъё гэвэл ийм байдалд хүргэх эхлэлийг тавьж, нөхцөлийг бүрдүүлсэн цөөнх мөн эх оронч нэртэй популистууд ч  уснаас хуурай гарах боломжгүй гэсэн үг. Тэдний хэрэгжүүлсэн буруу бодлого, амны алдаа нь эдийн засагт хуримтлагдаж байгаад ийнхүү тэсэрч буйг юу гэх вэ. Тиймээс Ардчилсан нам ч, Ардын нам ч эдийн засгийг элгээрээ хэвтүүлснийхээ хариуцлагыг хамтдаа үүрэлцэх ёстой юм.

Хаваржингаа дээл, хувцас, сандал суудлын хэрүүл хийсэн Монголын улс төр наадмын дараахнаас халуурч, намрын өдрүүдэд бүр ч хурцадмал байдалд хүрч болзошгүй хандлага ажиглагдаж байна.  Ингэж Монголын улстөрчид талцаж, муудаж, эрх мэдлийн төлөө тэмцэлдэх тусам эдийн засагт ямар ч хожил ирэхгүй нь тодорхой. Нэг засгийг нөгөөгөөр солилоо гэхэд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Учир нь улс төр нь тогтворгүй улс орноос хөрөнгө, мөнгө, хөгжил дандаа зугатаж байдаг  билээ.

 Ж.НЯМСҮРЭН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment