2014/09/05

“Өөрчлөлтийг мэдэрч, сэтгэн бод”

Ө.Шижир: Нийгмийн өөрчлөлтийг сэрж мэдэрч, сэтгэн бодож, ялж чаддаг хүмүүсийг залуус гэнэ... 

"УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ" зорилтот төслийн координатор Ө.Шижиртэй ярилцлаа. 

-"Улс төрд шинэ манлайлагч" төсөлд оролцож буй, оролцохоор бэлдэж буй залууст хандаж юуг хэлмээр байна?

-"Улс төрд шинэ Манлайлагч" төсөлд оролцож байгаа болон оролцох гэж байгаа нийт залуусдаа амжилт хүсье. Яагаад заавал "Улс төрд шинэ Манлайлагч" гэж . Магадгүй энэ нэрийг анх удаа сонссон хэн нэгэн гайхахүлээж авч байж  магадгүй. Монголд одоо шинэ улс төрч л дутав гэждээ гэдэг ч юм уу. Гэтэл Монгол улс бол залуучуудын орон.  Залуучууд гэдэг бол  нийгмийн өөрчлөлтийг сэрж мэдэрч, сэтгэн бодож,  тэгээд ялж чаддаг. Өнөөгийн нийгмийн болохгүй бүтэхгүй бүхнийг ярьж хэлж шүүмжлэхээс илүүтэй энд та бүхний оролцоо чухал гэдгийг залууст хандаж хэлмээр байна. Монгол улсын 16 дах ерөнхий сайд Д.Содном гуай саяханы нэгэн ярилцлагадаа "Төрийн дээд албан тушаалтануудад хоноцын сэтгэлгээтэй хүмүүс олон байна" гэж хэлжээ. Тэгэхээр энэ нийгмийн сэтгэлгээг өөрчлөх,  үзэл баримтлалыг зогсоох хүмүүс нь залуучууд бид. Үндсэндээ өнгөрсөн 24 жилийг бид нар хоёр нам болон талцаж монголын хөгжлийг хойш татлаа. Яг одоогийн байдлаар харахад АН  МАН ч юм шиг,  МАН  АН ч юм шиг ижилхэн бараг л ялгагдах зүйлгүй  болсон. Үзэт зүйл, үзэл баримтлалын ялгаа байхгүй. Тэгэхээр одоо залуучууд бидний итгэл үнэмшил, үнэт зүйл энэ бүхнийг өөрчилнө гэдэгт итгэлтэй байгаа. Аливаа асуудлыг хэн нэгэн хувь хүний үзэл бодлоор биш, хуулиар зохицуулдаг засаг төртэй байхыг л хүсдэг. Энэ бол залуучуудын хүсэж байгаа нийгмийн өөрчлөлт.

-Улс төр гэж таны бодлоор юу вэ?..

-Монголын улс төр одоо гудамжны улстөрөөс бодлогын улс төрлүү шилжих шилжилт явагдаж эхэлж байна. Талбай дээр жагсаал хийгээд ч юм уу улс төрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байсан үе саяхан хүртэл байлаа шд. Одоо бол илүү бодлогын улс төр гэдэг талруугаа шилжиж байна. Улс төрийг ганц үгээр хэлбэл "Бодлого" юм. Улстөрч гэдэг бол бодлого тодорхойлогч. Бодлоготой улс хөгждөг, зорилго тавьдаг, ирээдүйгээ харж чаддаг. Өнөөдөр монголын улс төрийн бодлого, төлөвлөгөө дөрөв, дөрвөн жилийн циклээр ээлжилдэг. Хэн засгийн эрхэнд гарахаас шалтгаалаад тухайн хүний хувийн үзэл бодол шууд нөлөөлдөг. Нэгдсэн төрийн бодлого гэж бараг байдаггүй мэт. Нэгэн сонирхолтой жишээ ярья.  дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа газар нутгийн хэмжээгээр дэлхийд 109-д ордог Солонгос улс 40-хөн жилийн өмнө ийм байсан байна гээд л харьцуулсан бодит зурагнууд интернэтээр зөндөө л байдаг. Тийм улс байхдаа хөгжлийн стратеги-ээ боловсруулж маш тодорхой хөгжлийн бодлогоо тодорхойлж зорилго тавьсан. Өнөөдөр хөгжил нь ямар түвшинд байгааг бид харж байна. Хамгийн ойрын бодит жишээ. Байгалийн баялаг байхгүй мөртлөө аж үйлдвэрийн хүчирхэг улс болсон. Харин өнөөдөр манай улсад тийм зорилго байхгүй байна.Хэн ерөнхий сайд, яамны сайд болно үүнээс шалтгаалаад бидний бодлого дөрөв дөрвөн жилийн циклээр өөрчилөгдөнө.  Тийм ч учраас "Улс төрд шинэ Манлайлагч" төсөл маань үнэт зүйлтэй, худлаа амалдаггүй, хууран мэхэлдэггүй популист биш тийм улс төрчдийг гаргаж ирэх туйлын зорилготой. Өнөөгийн нийгмийн болохгүй бүтэхгүй бүхнийг та бид мэднэ, өөрсдөө оролцдог. Харин үүнийг өөрчлөх хэрэгтэй байгаа. Саяхан болсон нэгэн жишээг дурдъя. 30 мянган төгрөгний үнэтэй гар утас дээрэмдсэн хоёр залуу бүлэг танхай хэмээгдэж таван жилийн ял сонсоодп хоригдож байхад улсад гурван тэрбум төгрөгний хохирол учруулсан албан тушаалтан 2.1 жилийн ял авах жишээтэй. Энэ шударга явдал мөн үү.

Өнөөдрийн шинэ үеийн залуус иймэрхүү жишээтэй эвлэрч сууж чадна гэж үү. Залуучууд одоогийн улс төрчид ах нараасаа ядаж ёс зүйтэй байхыг л шаардаж байгаа.

-Ёс зүй гэдэг та нарынхаар ямар ойлголт вэ?

-Хэрвээ та бүхэн санаж байгаа бол 2000, 2004,  2008 оны сонгуулийн зурагт хуудсууд таны гэрт хадгалагдаж байвал эргээд нэг хараарай. Тэр хүний амласан зүйлээс хэд нь хэрэгжсэн бэ? гэдгийг харьцуул. Залуучууд ирээдүйн амьдралаа яг энэ замаар авч явахыг хүсдэггүй гэдэгт итгэж байна. Харин үүнийг өөрчлөхөд залуусын оролцоо хамгаас чухал гэдгийг онцолж хэлмээр байна. Саяханы статистик мэдээнээс харахад ажилгүй иргэдийн 65% нь залуус байна. Гэтэл монголын хүн амын 60хувийг 15-39 нас хүртэлх залуус эзэлж байна. Монгол бол залуучуудын орон. Дэлхийн улс орнууд энэ үеийг хүн амын цонх үе гэж нэрлэдэг. Хүн амынхаа цонх үеийг зөв зохистой ашиглаж чадсан улс орон нийгмийн хөгжилд ахицтай хурдан очдог. Манай улс энэхүү хүн амын цонх үеэ зохистой ашиглаж чадвал бидний өмнө хөгжил дэвшил нээлттэй байна. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ залуучууд ажилгүй сууж байгаа нь харамсалтай. Намар болж сургууль, цэцэрлэг орох цагаар хүүхдээ цэцэрлэгт оруулах хүсэлтэй хүмүүс хонон өнжин оочирлодог. Энэ бол гэнэт гараад ирсэн асуудал биш юм.. Гэтэл яагаад улс үүнд бодлоготой хандсангүй вэ?. Дээр хэлсэнчлэн улс төр бол бодлого юм. Нийгмийн 65% бүрдүүлж байгаа 35 хүртэлх насны залуучууд дөрвөн жил их сургуульд сурсан зүйлээ гурван жил ажилгүй байх хугацаандаа мартаж орхидог. Жил ирэх тусам шинэ боловсон хүчин төгсөж ирнэ, өмнөх үе нь ажлын байрнаас шахагдаж гарна. Энэ үйл явдлыг хараад шүүмжлээд суух биш залуучууд дотор нь ажиллаад бүтээх боломж бидэнд байна гэж л бид харж байгаа.

-Энэ нь улс төрд шинэ манлайлагч төсөл үү?

-Тийм. UBS телевиз "Улс төрд шинэ Манлайлагч" төслийг боловсруулаад EBI хүрээлэн, Liberel house бодлогын судалгааны хүрээлэн, Монгол сан нар хамтраад  хэрэгжүүлж байна. Бид төслийн хүрээнд 168 дугаар бэлтгэнэ.Улс төрд шинэ манлайлагч гэж юу вэ? монгол улсын хөгжил, ирээдүйг зорилготой хүсэлтэй тэмүүлэлтэй боловсролтой шинэ үеийн бүтээлч залуучууд л бүтээнэ. Үнэт зүйлтэй өөдрөг тэмүүлэлтэй бүтээлч залуусын бодит оролцоог дэмжиж ёс зүйтэй шудрага өрсөлдөөнийг бий болгон өрсөлдүүлэхэд  энэ төслийн зорилго оршиж байгаа. Монгол улсын өнцөг булан бүрт 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 51 хороо нийт дээ 451 нэгжид манай төсөл хүрч ажиллана. Нийт нэгж бүрээс 10 хүртэлх оролцогч орж Надад шийдэл байна гэсэн нэрийн дор эсээ бичиж явуулах юм. Төслийн нийт үргэлжлэх хугацаа 9 сар. Нийгэмд бухимдал төрүүлж буй асуудлыг бид гаргаж ирнэ. Тэгээд шийдэл олно. Шийдэл гэдэг чинь боломж. Монгол улс залуучуудын нүдээр ямар бодлогоор хөгжих вэ гэдэг хөгжлийн төлөвлөгөө гаргаж ирнэ.

Сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байна за яахав гэдэг ч юм уу бүх зүйлийн аясыг нь харсан байдлаар хандах биш. Бид хэрхэн бий болгох вэ? гэсэн бодлого боловсуулахад залуучууд өөрсдөө гар бие оролцоно.

Төсөл маань нийт таван үе шаттайгаар 9 сарын хугацаанд үргэлжилнэ. Энэхүү төслийг төслийн багийнхан үзэхдээ оролцогчдоо хамгийн ихээр хүрч ажилласан, үр дүнтэй төсөл хэмээн дүгнэж байна.  Учир нь төслийн таван үе шат тутамд оролцогч нар маань тодорхой хэмжээгээр өөрсдийгөө хөгжүүлж, боловсрол эзэмшинэ.

-Баярлалаа.

 

0 сэтгэгдэл:

Post a Comment