2014/10/31

Төсвийн мэдэгдэл, төсөөслийн өөрчлөлтийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганаар дөнгөж сая Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнгүй. Иймд Засгийн газарт хуулийн төслийг буцаахаар болсон бөгөөд "хуучин хүчин төгөлдөр байгаа төсвийн хүрээний мэдэгдэлд л баригдана гэсэн үг" хэмээн УИХ-ын дарга З.Энхболд онцолсон байна.

Уг төсөлд 2015 оны хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 7,1, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 7,160.4 тэрбум төгрөг, хэрэглээний үнийн индексийн дундаж түвшин 7,0 хувь,  нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 7,638.8 тэрбум төгрөг, улсын өрийн нийт хэмжээ нь ДНБ-ийн 40 хувьд байна гэх зэргээр тооцсон байв.

Санал хураалтын өмнө сөрөг хүчний гишүүдээс голдуу шүүмж өрнөсөн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Хоёрхон жилийн дотор эдийн засгийг долоо дахин унагасан. Цалин тэтгэврээр амьдардаг иргэдийн амьдрал улам бүр муудсан. Гадаадын хөрөнгө оруулалт 5,4 дахин буурсан. Энэ бууралт 2015 онд ямар хэмжээгээр сэргэх юм. Төсвийн хөрөнгө оруулалт дахин тасрахгүй байх боломж алга уу. Төсвийн хөрөнгө тасарч байхад орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлнэ гэж байгаа нь буруу. ДНБ-д эзлэх өрийн хэмжээ нь бодитоор яг хэд юм. Тооцоолол, бодлогогүй энэ их зээл, өрийн асуудлыг засч залруулахгүй юм уу" гэсэн бөгөөд Сангийн яамнаас тайлбар хийж "Улсын өр 17 наяд байгаа гэх тайлан бий. Үүнийг нь зөрүүтэй байна гэдгийг тайлагнасан. Энэ тоо бол улсын байгууллагын бүх өрийн хэмжээг нийлүүлээд тавьчихсан тоо" гэсэн юм.

Б.МАНДАХ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment