2015/01/23

Т.Хасбаатарыг Ардчилсан намаас хөөгөөгүй гэв

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг Ардчилсан намаас хөөгдсөн учраас Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны нөхөн сонгуульд өрсөлдөх эрхгүй юм байна гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Т.Хасбаатарын Ардчилсан намын гишүүнчлэл хүчин төгөлдөр хэвээрээ" гэв.

Мөн Т.Хасбаатарыг Өвөрхангай аймгийн Ардчилсан намын ҮЗХ-ны нөхөн сонгуульд өрсөлдөх бүрэн эрхтэй гэдгийг Дотоод сонгуулийн хорооноос тус аймгийн Ардчилсан намын хороонд албан бичгээр мэдэгджээ. Тэрээр тус аймгийн Ардчилсан намын ҮЗХ-ны нөхөн сонгуульд өрсөлдөхөөр болж, мандатаа авсан байсан ч нэрийг нь баталгаажуулаагүй тул энэ асуудлаар Дотоод сонгуулийн хороондоо гомдол гаргаад байсан юм.

Онцлоход, түүнийг УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх гомдлын дагуу Хяналтын ерөнхий хороо хуралдаж намаас хасах дүгнэлт гаргаж, холбогдох шийдвэр гаргахыг Ардчилсан намын удирдлагад даалгаж байсан аж. Гэвч тус намын удирдлагууд Т.Хасбаатарт хариуцлага тооцож, намаас хөөсөн шийдвэрийг өнөөдрийг хүртэл гаргаагүй юм байна. Тиймээс Ардчилсан намын гишүүн мөн болохыг баталж, ҮЗХ-ны нөхөн сонгуульд өрсөлдөх бүрэн эрхтэй гэж үзжээ. Өвөрхангай аймгийн Ардчилсан намын ҮЗХ-ны нөхөн сонгууль маргааш болно.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment