2015/02/04

Чөлөөт бүсийн хуулийг хэлэлцэж байгаад завсарлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай болон түүнтэй холбогдох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаад завсарлалаа.

Чөлөөт бүсийг байгуулах асуудлыг Монгол Улс 1995 оноос эхэлж хууль эрх зүйн хүрээнд тусгаж, мөн хөрөнгө мөнгийг тодорхой хэмжээгээр тусгаж ирсэн ч тодорхой үр дүн гараагүй байна. Тиймээс Засгийн газар хууль эрх зүйг шинэчлэхээр болж, дээрх төслүүдийг өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төсөлд чөлөөт бүсийг хэлбэрээр нь ангилсан заалтыг өөрчилж, чөлөөт бүсийг хилийн боомт болон Засгийн газрын санал болгосон тусгай бүс нутагт байгуулж хөгжүүлэх, хил дамнасан чөлөөт бүсийн эрх зүйн орчинг тодорхой болгох зарчим барьжээ.

Тухайлбал, 1. Чөлөөт бүсэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд үл харшлах, олон улсын гэрээний тулгуур зарчим, шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, олон улсын банк санхүү, даатгал, төлбөрт таавар, бооцоот тоглоом, нийгэм, зах зээл, дэд бүтцийн бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болохоор тусгасан байна.

2.Чөлөөт бүсийн удирдлага, менежментийн тогтолцоог боловсронгуй болгож, Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагынэрх, үүргийг хуульчилж, Чөлөөт бүсийн Захирагчийн эрх хэмжээг нэмэгдүүлжээ.

3.Татвар, гааль, шалган нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах зэрэг үйл ажиллагааны тусгай дэглэмийг хуульчилж өгсөн байна.                            

4.Концессын гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийн хөрөнгөөр чөлөөт бүсийг бүхэлд нь буюу хэсэгчлэн байгуулж, хөгжүүлэх боломжтойгоор шинэчлэн тусгажээ.

5.Чөлөөт бүсэд гадаад болон дотоодын иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших, ашиглах зохицуулалтыг тодорхой болгосон байна.

Энэ мэтчлэн зохицуулалтыг тусгаж өгснөөр Монгол Улсын хилийн боомтын бүсэд чөлөөт бүсийг түлхүү байгуулж хөгжүүлэх, Чөлөөт бүсэд иргэний бараа солилцоо, худалдааг дэмжих, чөлөөт бүсийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний шинэ салбарыг хөгжүүлэх, татвар, гааль зэрэг тусгай дэглэмийн зохицуулалтыг хуульчилах замаар хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлсэнээр үр ашгийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн дагалдан өргөн мэдүүлэгдсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд "Худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхний таван жилд чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувь чөлөөлнө" хэмээн заасан юм.

Мөн  "Чөлөөт бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхний 10 жилд чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрөөс 100 хувь чөлөөлөхөөр  тусгаад байна.

Тэгвэл ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд "Чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500 мянган ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх Орлогын албан татварын хөнгөлөлтийг үзүүлнэ. Чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын үйлдвэрлэл байгуулахад 300 мянган ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлнэ. Чөлөөт бүсэд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн татварын тайлангаар гарсан алдагдлыг бүтээн байгуулалтын ажил дуусч, зорилтот үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эхлүүлсний дараагийн 5 жилд албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох зэрэг татварын хөнгөлөлтүүд дээрх хуулийн хүрээнд тусгагдаад байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгахад "Чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг 60 хүртэл жилийн хугацаатай олгох бөгөөд түүнийг нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно" гэсэн заалт  олонхийн дэмжлэг хүлээлээ.

Харин чөлөөт бүсэд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйлдвэрлэл эхэлсэн өдрөөс эхлэн чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс 100 хувиар чөлөөлнө гэсэн заалт олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа.

Санал хураалгах шатанд цайны цаг болсон тул УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойшхи хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Г.ДАРЬ

 

1 сэтгэгдэл: