2015/02/04

С.Баярцогт “Соёмбо” фракци байгуулах уу?

Ардчилсан намын зүг чиг болж явсан "Алтан гадас" фракци хоёр хуваагдаж, тус нам дахь фракциудын тоо дахин нэгээр нэмэгдэх бололтой. Н.Алтанхуягийг толгойлж явсан "Алтан гадас" фракцийн нөлөөгөөр эрх мэдэл, албан тушаал болгоны өөдтэй, өнгөтэйг нь хүртэж явсан дүү нар нь өнөөдөр түүнээс салан тусгаарлаж, өрх гэрээ бариад эхэлчихсэн гэх сураг саарал ордоноос сонсогдож байна.

Шинээр мэндлэх бэлтгэлээ саарал ордонд сэмхэн базааж байгаа "Соёмбо" фракцийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон түүний үй зайгүй, үнэнч найз С.Баярцогт нар үүсгэж байгуулж, фракцидаа Г.Батхүүг "урвуулах"-аар болжээ. Г.Батхүүгийн хувьд "Чандмань" клубтэй, мөн мөнгө ихтэй хүний хувьд С.Баярцогт фракцидаа авахаар ил далд тойглох болсон гэх.

Ардчилсан намын гол хүч нь байсан "Алтангадас"-т задрал явагдсан нь өчигдөр экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн номны нээлтэд ч харагдсан. Учир нь түүний хуучин танхимаас Ц.Оюунгэрэл, Д.Тэрбишдавга гэсэн цөөн хэдэн хамтрагчид нь ирсэн бол өнгөрсөн хугацаанд баруун, зүүн гар нь болж явсан С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар харагдаагүй нь тэдний дунд хагарал явагджээ гэсэн хардлагыг олон хүнд бататгаж өгсөн болов уу. Эрх мэдлийн төлөөх энэхүү тэмцэл АН-ын "Алтангадас"-ыг нам дотроо гүрвэлийн чинээ болгож байна.

Олон фракцитай, фракциудынхаа амбицаас болоод засаглаж чаддаггүй гэдэг шүүмжлэлийг хүртээд байгаа А нам үнэхээр үхрийн эвэр шиг олон бүлэглэлүүдийнх нь тоо ийнхүү нэгээр нэмэгдлээ. Энэ олон фракциудын ая эвийг аятайхан олох том үүрэг З.Энхболд, Л.Эрхэмбаяр нарын нуруун дээр ногдож байх шиг.

А.ШАРХҮҮ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment