2015/03/05

Хөдөлмөрийн хуулийг өргөн барихаа хойшлуулсан

Хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос дараах тодруулгыг хийлээ.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны саналыг тусгасангүй. Шинэчилсэн төсөл нь одоо хэрэгжиж байгаа хуулиасаа зарчмын хувьд ухарчихаад байна гэсэн асуудлыг хөндөж, Засгийн газар болоод Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд хандан мэдэгдэл гаргасан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг гэнэт өнөөдөр ярьж байгаа юм биш шүү дээ. Дөрвөн жилийн өмнө буюу 2011 оноос асуудлыг ярьж, гурван талт ажлын хэсэг гаргаад ажиллаж эхэлсэн юм билээ. Тэр хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гурван талтаар хэлэлцэн, зөвшилсөн гээд Засгийн газрын хуралдаанаар оруулаад УИХ-д өргөн барихад бэлэн болсон байсан.

Гэхдээ Засгийн газар шинээр байгуулагдаж, шинэ сайд томилогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нягталж харах шаардлагатай гэж үзээд УИХ-д өргөн барихаа хойшлуулсан. Нөгөө талаас уг хуулийн төсөлд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтраад зөвлөмж авч ажиллаж байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар бүхий л талуудыг оролцуулсан зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ бүхэнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооныхныг оролцуулж саналыг нь сонсч байгаа. Хамтраад ажиллаж байж мэдэгдэл гаргасанд үнэхээр их гайхсан.

-Саналаа хэлээд байхад нь тусгаагүй юм биш үү?

-Хөдөлмөрийн тухай хуульд ийм зүйл тусгамаар байна гэдэг саналаа бичгээр ирүүлээч ээ гэсэн одоог хүртэл ирүүлээгүй. Тэгсэн атлаа сонин хэвлэлээр дамжуулж, мэдэгдэл гарган, Үйлдвэрчний эвлэлийн саналыг сонсохгүй байна гэх. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтчихсан хуралдаанд оролцоод явах. Цаанаа улстөрийн зорилго агуулаагүй байлгүйдээ л гэж бодно. Ер нь гурван талын хэлэлцээр бол биенийхээ үгийг сонсох, ойлголцох, зөвшилцөлд хүрэх л асуудал. Ажил явуулах арга барилыг хаа, хаанаа өөрчилмөөр байгаа юм. Албан бичгээр саналаа өгдөг, хэлэлцээрт сууж асуудлаа шийддэг болох ёстой. Би ч гэсэн "Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо саналаа өгөхгүй байна шүү дээ" гээд сонинд мэдэгдэл гаргавал болно.  

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиас дорчихсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-Аливаа хуулийг өөрчлөхдөө өмнөхөөс нь дордуулах бус сайжруулах, дэвшил гаргах л гэж өөрчилнө. Хөдөлмөрийн хууль бол Үндсэн хуулийн дараа орох хууль. Иргэдийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудлыг зохицуулж байгаа учраас өөрчлөлт хийхдээ маш болгоомжтой хандах ёстой. Зайлшгүй гурван талт зөвшилцөлд хүрч, батлах ёстой. Ингэхийн тулд ажилчны эрх ашгийг хамгаална. Гэхдээ Хөдөлмөрийн хууль бол зөвхөн ажилтны эрх ашгийг хамгаалсан хууль биш, ажил олгогчийн ч эрх ашгийг хамгаалах ёстой. Энэ блансыг хангах ёстой.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment