2015/03/04

Х.Тэмүүжингийн хүмүүсийг хуулийн салбараас цэвэрлэж эхэлжээ

-ХҮЧНИЙ ЗАРИМ БАЙГУУЛЛАГАД БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ, ДАРГА НАРЫГ НЬ СОЛИНО ГЭВ ҮҮ-

Төр барьж буй эрх­мүүдийн хүсэл сонирхол, за­хиал­гаар ажлаа аваад удаа­гүй байгаа хууль, хүчний бай­гууллагын томчууд завгүй байна. Тухайлбал, сар шинийн өмнөхөн Улсын Ерөнхий про­курор болсон М.Энх-Амгалан ойрын үед орон нут­гийн, дүүргийн, тээврийн про­ку­рорын үйл ажиллагаатай танил­цах, сургалт явуулах гээд завгүй байгаа бол өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн за­хирлаар томилогдсон Э.Бат­баяр түүний замналаар оржээ. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хүн хэмээн нэрлэгддэг Х.Номин­гэрэлийн оронд томилогдсон тэрбээр ажлаа авсан даруйдаа салбартаа халаа сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдэж, түүнийгээ цомхотгол хэмээн тайлбарлаж буй аж. Хамгийн сонирхолтой нь түүний цомхотголд өртөх магадлалтай хүмүүсийн тоонд экс сайд Х.Тэмүүжингийн хү­мүүс багтсан байна. Х.Номин­гэрэл 2012 оны арав­дугаар сард Хууль зүйн үндэс­ний хүрээлэнгийн захирал болсон бөгөөд энд ажил­лах хугацаандаа өөрийн болон Х.Тэмүүжингийн гэх тодотголтой чамгүй олон хүнийг ажилд оруулсан гэдэг.

Иймээс тус хүрээлэнгийн шинэ удирдлага шахааны, өмнөх дарга нарын хүмүүсээс салахын тулд "цомхотгол" гэдэг үгийг бамбай болгож буй нь энэ бололтой. Тэгвэл хуулийн салбарт хийх томилгоо, Х.Тэмүүжингийн эхлүүлсэн шинэчлэлийг эмхэлж цэгцлэх ажил нэг хэсэгтэй үргэлжлэх гэнэ. Энэ тухай зарим эх сурвалж мэдээлж, тун удахгүй эл салбарт томоохон халаа сэлгээ хийх гэнэ хэмээн ярьж эхэллээ. Тодруулбал, хүчний зарим байгууллагад бүтцийн томоохон өөрчлөлт хийх бөгөөд энэ үеэр дарга, цэргийн асуудлыг хөндөх аж. Ингэхдээ ШШГЕГ-ын дарга болоод удаагүй байгаа Б.Билэгтийг АТГ-ын дарга болох магадлал өндөр гэдгийг зарим хэвлэл онцолсон байсан. Үнэндээ Б.Билэгтийн хувьд энэ суудалд очиж магадгүй гэсэн яриа эртнээс гарсан. Ингэхдээ АТГ-ын даргаар ажиллаж буй Н.Ганболдыг гадаадад Элчин сайдаар томилуулах замаар тэрбээр албаа авна гэж байв. Гэвч  экс Ерөнхий сайд Н.Алтанхуягаас заргаа авсан тэрбээр ШШГЕГ-ын дарга болсон бөгөөд харин удахгүй АТГ-т очиж магадгүй гэсэн мэдээлэлд салбарынхан нь янз бүрийн тайлбар өгч байсан. Ингэхдээ зарим нь "Манай салбарын удирдлагуудыг улстөрчид байнга өөрчилдөг. Одоогоор энэ талаар бидэнд мэдэгдсэн зүйл алга" хэмээсэн бол нөгөө хэсэг нь "Б.Билэгт энэ суудалд эрт очих байсан. Гэхдээ дэд даргаар ажиллаж байсан Б.Хурцыг гэнэт Тагнуулын Ерөнхий газрын дарга болгосон. Түүнтэй зэрэгцээд Н.Ганболдыг солино гэж байхгүй. Нэг байгууллагын хоёр удирдлагыг зэрэг өөрчилнө гэвэл ажил нь цалгардана. Тэгээд ч Н.Ганболдын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй болохоор энэ асуудлыг түр хүлээх болов уу" гэсэн юм. Түүнчлэн энэ салбарт хийх бас нэг томилгоо нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж буй Б.Батсуурийг очиж магадгүй гэсэн мэдээлэл байна. Харин үүнийг цагдаагийнхан үндэслэлтэй хэмээсэн. Учир нь тэрбээр Нийслэлийн прокурор Б.Бат-Оршихын төрсөн дүү, цаашлаад Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай нутаг ус, ураг төрлийн холбоотой аж. Иймээс ч сайдын даргаас ойрын хүнээ ЦЕГ-ын дэд даргад дэвшүүлэх магадлал өндөр гэдгийг үгүйсгээгүй биз. Уг нь түүний ах Б.Бат-Оршихыг Д.Дорлигжав өөрийнхөө оронд буюу Улсын ерөнхий прокурор болгож магадгүй гэсэн мэдээлэл гарч байсан. Үүнийг маш олон эх сурвалж баталж байсан ч УМБГ-ын дарга, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан М.Энх-Амгаланг Улсын ерөнхий прокурор болгосон юм. Тухайн үед энэ томилгоо мөн л олны анхаарлыг татаж, зарим нь "Хууль зүйн сайд яах аргагүй өөрийн хүнийг Улсын ерөнхий прокурор болгочихлоо. М.Энх-Амгалан өмнө нь Эрдэнэтийн хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан цагдаа" хэмээн бухимдацгааж байсан нь үнэн. Ийнхүү хууль, хүчний салбараас Х.Тэмүүжингийн хүмүүсийг баллуурдаж, түүний хийсэн шинэчлэлийг өөрчлөх, үүнийг дагаад дарга нарыг солих, дахин томилгоо хийх тухай яриа гарч эхэллээ.

Дашрамд мэдээлэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авсан даруйдаа АТГ-ын дэд дарга Б.Хурцыг ТЕГ-ын даргаар тавьсан бол ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг Хууль сахиулахын их сургуулийн захирал Р.Чингисээр сольсон. Түүнчлэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг хууль бусаар халсан хэмээн шүүхэд хандаж заргаа аваад байсан Б.Билэгтийг ШШГЕГ-ын дарга болгосон. Харин УИХ-аас Улсын ерөнхий прокуророор М.Энх-Амгаланг, харин АТГ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг тус тус томилсон юм.

Л.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

 

 

0 сэтгэгдэл:

Post a Comment