2015/07/02

Хөтөлийн хувьцааг үнэгүй эзэмшүүлэхгүй

УИХ чуулганы үдээс өмнөх хуралдаанаараа Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 70.8 хувийн дэмжлэгтэйгээр баталлаа.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд Монголын хөрөнгийн бирж, Монгол шуудан, Монголын цахилгаа холбоо компани, Оргил рашаан сувилал зэрэг төрийн өмчит компаниудын тодорхой хувийг хувьчлах, мөн зарим компанийн хувьцааны 10 хүртэл хувийг ажиллагсдад нь үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр тусгаад байсан ч УИХ хүлээж авсангүй. Дээр нь нийгмийн салбар буюу нэгдсэн I, II, III эмнэлэг, их, дээд сургуулийг хувьчлахаар заасан ч УИХ цаг нь болоогүй гэж үзэн, энэ бүлгийг үндсэнд нь хассан юм.

Засгийн газрын зүгээс дээрх хувьчлалаас 170 орчим тэрбум төгрөг олж, төсөвт оруулахаар төлөвлөсөн ч түүндээ хүрэхээргүй болж буугаад байна.

Хувьцааг ажилчдад нь үнэгүй эзэмшүүлэхгүй

Засгийн газраас тогтоолыг өргөн мэдүүлэхдээ Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийг технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгийн санхүүжилтэд хамтарч ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч этгээдэд оруулсан хөрөнгөд нь тохируулан нэмэлт хувьцаа эзэмшүүлэхээс гадна ажиллагсдад нь төрийн эзэмшлийн хувьцаанаас 5 хүртэл хувийг нь үнэгүй эзэмшүүлэхээр заасан ч гишүүд боломжгүй гэж үзэв.

Мөн "Хөтөлийн цемент шохой" төрийн өмчит хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааны 10 хувийг ажиллагсдад нь үнэгүй эзэмшүүлэх заалтыг ч хүлээж авсангүй.

Нэр бүхий гишүүдийн зүгээс эдгээр асуудлыг хүлээн авах боломжгүй шалтгааныг өмч хувьчлал анх эхэлж байсан үед ийм арга хэмжээ авч болно. Одоо бол шударга бус байдал бий болгоно гэж үзсэн юм.

Оргил рашаан сувиллыг хувьчилна

Оргил рашаан сувилал нь 100 хувь төрийн эзэмшилд байдаг цорын ганц сувилал юм. Уг сувиллын үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр дуудлага худалдаагаар бүрэн хувьчлахаар болж шийдвэрлэлээ.

УИХ-аар энэхүү асуудлыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Оргил рашаан сувиллаа нийгмийн салбартаа оруулж, хувьчлахааргүй авч үлдэж болоогүй юм уу" гэдгийг тодруулж байлаа.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын тайлбараар бол уг рашаан сувиллыг төрийн өмчид нь авч үлдэх саналыг гишүүд гаргаагүй тул энэ асуудал хөндөгдөөгүй гэж тайлбарласан юм. УИХ-ын даргын тодруулснаар бол тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд гишүүдээс Оргилыг төрийн мэдэлд нь авч үлдэх санал гаргасан бол дэмжлэг хүлээж болох байжээ.

Эцсийн хэлэлцүүлгийн шатанд асуудал хөндөгдсөн тул буцаах боломжгүй, нэгэнт оройтсон байлаа.

Хууль бусаар мод бэлтгэвэл техник хэрэгслээ хураалгана

УИХ Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Одоо мөрдөж байгаа хуульд хулгайн мод бэлтгэсэн байгаль хамгаалагчид тухайн модыг борлуулсны ашгийн 15 хувийг олгодаг аж. Тэгвэл дээрх төсөлд энэ заалтыг хэвээр үлдээн, ТББ, хоршоо, Хил хамгаалах газар хууль бус мод бэлтгэлийг илрүүлвэл мөн л урамшуулах авах юм. Ингэхдээ хууль бус мод бэлтгэсэн техник хэрэгслийг борлуулсны 70 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн ТББ, хоршоо, нийгэмлэг, иргэдэд олгохоор төлөвлөөд байна.

Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 74 хувийн саналаар дэмжин баталлаа.

Монгол Улс энэхүү олон улсын конвенцид нэгдэн орсноор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар холбогдох дүрэм, журам, стандартуудыг гаргана. Уул уурхайн салбарт гарч байгаа осол аваарын шалтгааныг судалж үзэхэд нийтдээ 20 орчим хувь нь техник, тоног төхөөрөмжийн гэмтэл, эвдрэлээс үүдсэн үзүүлэлт гарсан аж. Мөн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөөгүй, аюулгүй ажиллагааны арга барил дутмаг, энэ чиглэлээр хангалттай суралцаагүйтэй холбоотой юм байна. Түүнчлэн бусад хүрээнд гал буюу химийн бодис, тэсрэх материалтай хамааралтай осол эндэгдэл гарч байна. Энэ конвенцид нэгдэн орсноор хөдөлмөр аюулгүй, эрүүл ахуйн эрх зүйн орчныг тодорхойлоход суурь болж өгөх аж. Мөн талуудад нэмэлт, үүрэг хариуцлагуудыг бий болгох юм байна.

УИХ Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөөд байгаа бөгөөд үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. Ингэхдээ Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Энэ асуудал улсын нууцад хамаарах учраас чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай горимоор үргэлжлэхээр болоод байна.

Г.ДАРЬ


 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment