2015/08/26

Л.Пүрэвсүрэн Монгол-Япон улстай эдийн засгийн форумыг нээж үг хэлэв

Эдийн засгийн өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлэгч Япон улсын бизнесмэнүүд Монгол Улсад айлчилж байна. Зургаан сарын өмнө Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан юм.

Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй 50 гаруй төлөөлөгчид 8 дугаар сарын 25-наас 26-ны  өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.

Монгол-Японы эдийн засгийн форум зохион байгуулж, төлөөлөгчдөд зориулж Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал болон хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл хийв.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн форумыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох үйлсэд бизнесийн байгууллага, хүмүүсийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Токио хотноо зохион байгуулсан  Монгол, Японы Бизнес форумын үеэр хэлсэн "Хамтарч судлая, хамтарч үйлдвэрлэе, хамтарч борлуулъя" гэсэн уриаг  ажил хэрэг болгож, хамтарч ажиллахыг уриалав.

Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо(Кэйданрэн) нь дэлхийд танигдсан японы 1329 компани, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төрөлжсөн 109 холбоо, орон нутгийн эдийн засгийн 47 холбоодыг эгнээндээ нэгтгэсэн Японы эдийн засгийн 3 том холбооны нэг юм. Тус холбоо нь Японы  үндэсний хэмжээний компани, аж ахуйн нэгжийг дэмжих, японы эдийн засгийн хөгжил, хүн ардын аж амьдралыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагдсан. Худалдааг либеральчлах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих,бизнес орчныг сайжруулахад орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудтай хамтран ажиллах, хувийн хэвшлүүдийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих,эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмэр оруулж ирсэн нэр хүндтэй байгууллага юм.

Эх сурвалж: /www.mfa.gov.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment