2015/10/08

"АН ёс зүйн болон дүрмийн чадамжгүй дарга, генсектэй байна"

ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргалтай ярилцлаа.

-Та одоо ямар ажил эр­хэлж байна вэ?

-Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй л явна. Улс төрийн болон төрийн ажлыг нэлээд хугацаанд хийлээ, жаахан завсарлага авъя гэж бодсон юм. Олон жил ийм идэвхтэй амьдраад сурчихсан хүн чинь зүгээр суугаад байж болдоггүй юм байна. Саяхнаас дахин суръя гэж бодоод МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн докторантурт бүртгүүлчихлээ. Эдийн засгийн ухааны доктор болох санаатай.

-Таныг яагаад ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлсөн юм бэ. Шинэчлэлийн Засгийн газар огцроод, шинийг байгуулахдаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилсөнтэй холбоотой юу?

-Ерөнхийдөө тийм.

-Төрийн ажлаа өгөөд намын гишүүнчлэлээ сэргээв үү?

-Тийм, гишүүнчлэлээ сэргээлгэсэн. Гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн АН-ын хороонд сэргээлгэсэн.

-Дараа нь ямар нэгэн өөр албан тушаал санал болгоогүй юу?

-Албан тушаал санал болгосон ч би өөрөө очих сонирхолгүй байсан л даа.

-Яагаад?

-Нэгд улс төрөөс жаахан завсарлая гэж бодож байснаа би түрүүнд хэллээ. Хоёрт гэвэл, болж байгаа процессыг гадна талаас нь харъя л гэсэн юм. Олон жил төрийн ажил, улс төрийн дотор нь явсан хүн өөрөө мэдэлгүй ваакумд ордог. Асуудал яам, Төрийн ордонд нэг өөр, амьдрал дээр бүр өөр харагддаг. Тиймээс тэр ваакумаас гаръя гэж бодсон. Хийж байсан ажлууд амьдрал дээр  ямар байгааг үзье гэж бодсон. Арьсаараа мэдэрнэ гэж ярьдаг даа.

-Тэгээд арьсаараа мэдрэхэд ямар байх юм. Гаднаас нь харахад танай нам ер нь болж бүтэж байна уу?

– Гадна талаас нь ажиглахад АН-д болж байгаа юм ч байна, болохгүй байгаа нь ч бас байна. Аль аль нь л байна даа.

-Болж байгаа нь юу байна, болохгүй байгаа нь юу байна вэ?

-Болохгүй байгааг нь хэлэхээс өмнө болж байсан зарим зүйлийг сануулах нь зөв байх. Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байх үед манай намынхан ажлыг хийж байжээ. Монгол Улсыг удирдаж явах үүргээ биелүүлж байсан юм байна. Шийдлийн Засгийн газар гарч ирсний дараагаас манай нам иргэдийн шүүмжлэлд маш их автлаа. Хүн болгон л хэлж байна. Найз нөхөд маань уулзахдаа ч энэ тухай ярьж байна. Хаа сайгүй л манай намыг шүүмжилж байна. Монгол Улсыг өрөнд орууллаа, "Чингис", "Самурай" бондыг дэмий авсан юм, хэрэггүй зүйлд зарцуулсан гээд л шүүмжлэх юм. Эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн, бизнесийн орчныг байхгүй болголоо, валютын ханшийг хөөрөгдлөө гээд олон шүүмжлэл байгааг та бүхэн ч мэдэж байгаа биз дээ. Зарим асуудал дээр би харин намаа өмөөрнө шүү.

-Өмөөрөх өө? Эдийн засаг хямарсан нь үнэн шүү дээ.

-АН засаглаад хямрал эхэлчихсэн юм шиг ярьдагтай би санал нийлэхгүй. Монгол Улсын өнөөгийн энэ хямралын эх 2012 оны тавдугаар сард тавигдсан байдаг юм. Тэр үед УИХ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулснаас л энэ бүх хямрал үүдэн гарсан. Тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалтыг УИХ шийддэг хууль баталснаас болж бүх хөрөнгө оруулагч үргэсэн. Нэг ёсондоо манайхан хөөж гаргасан. Үүнээс болж Монгол Улсад жил бүр орж ирдэг байсан 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт таг зогссон. Ялангуяа уул уурхайн хайгуулын өрмийн ажиллагаа, ашигт малтмалтай холбоотой бүх хөрөнгө оруулалт зогсчихсон. Ийм юм болсны дараа АН Засгийн газраа бөйгуулсан шүү дээ.

-Хөрөнгө оруулалт зогслоо гээд заавал өр тавих, бонд гаргах хэрэг байсан юм уу?

-АН-д ердөө хоёрхон сонголт л байсан ш дээ. Өр тавих уу, бүсээ чангалах уу гэсэн тийм л хоёр сонголт. АН эхнийхийг нь сонгосон. Яагаад гэвэл, дөнгөж засгийн эрх авмагцаа цомхотгол хийгээд, хөрөнгө оруулалтыг хасч бизнесийг царцаагаад л, цалин бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч эдийн засгийг 30, 40 хувиар агшаах замыг бид сонгоогүй, сонгож болох ч үгүй байсан. Сонгуулиар олон суудал авчихсан нам дөнгөж гарч ирээд эдийн засгийг агшаана гэдэг өөрөө байж болохгүй зүйл л дээ. Агшаана гэдэг иргэдийн амьдрал дээр эдийн засгийг шууд ухраасанд тооцогдоно. Тиймээс АН ухрахгүйгээр урагшаа явах зам сонгосон.

-Гэхдээ өр тавихад бас учир байна биз дээ. Ямар ч бодлогогүй, хэрэгжүүлэх бэлэн төсөлгүйгээр өр тавчихсан нь эргээд эдийн засгийг хямраах үндэс болсон гэж МАН-ынхан шүүмжилдэг шүү дээ?

-Наадахтай чинь бас л санал нийлэхгүй. Бидэнд бодлого, зорилт, төлөвлөгөө нь бүгд байсан. Юуны өмнө хөрөнгө оруулалт хийж эдийн засгийн өсөлтийг хангахыг зорьсон.    Сангийн яамны газрын дарга байсан Б.Батжаргал Монгол Улс ашигт малтмалаа олборлосон ч гэсэн түүнийгээ Монголын эдийн засаг өөртөө шингээж авах дэд бүтэц байхгүй байна. Энэ дэд бүтцийг монголчууд  байгуулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан. Түүний энэ санааг бид цааш нь хөгжүүлэн хэрэгжүүлж эдийн засгаа урагшуулахыг зорьсон.  Төмөр зам барих, дэд бүтцийг сайжруулах, цахилгаан станц байгуулах гэх мэтчилэн ажлуудыг хэрэгжүүлье гэсэн юм.Ингээд энэ бүхнийг санхүүжүүлэхээр "Чингис" бондыг босгож, олон улсын зах зээлд амжилттай арилжсан. Үүний үр дүнд Монголын эдийн засаг сүүлийн гурван жилийн хоёрт нь маш их бүтээн байгуулалт хийлээ
Дараагийн зорилт бол 2012 оны тавдугаар сард гаргасан хуулийг өөрчилж гадаадын хөрөнгө оруулалтад эрх зүйн таатай орчин бүрдүүлэх байсан. Үүнийгээ бид хийсэн. Гуравдагч зорилт бол "Оюутолгой", "Тавантолгойн" төслийн хэрэгжилтийг эхлүүлэх явдал байсан.  

-Зөвхөн зээлээр л эдийн засгаа сэргээе гэж төлөвлөсөн гэсэн үг үү?

-Үгүй.  АН-ын хийх гол зүйл бол зээл аваад ажил явж байгаа энэ хугацаандаа жинхэнэ валют өгөх эдийн засгийн зүтгүүрүүдээ бушуухан хөдөлгөх хэрэгтэй байсан юм. Эхний ээлжид Оюутолгой, Тавантолгойгоо явуулах нь гол ажил байлаа л даа. Харамсалтай нь, энэ хоёр асуудал дээр нэлээд их цаг авлаа. Яагаад яваагүй, юунаас болоод цаг алдав гэдэг нь бүгд хэвлэлээр бичигдэж байсан зүйл болохоор нэмж хэлээд байх том тайлбар алга.

-Тавантолгойг, Оюутолгойг та нар, АН-ынхан өөрсдөө л гацаасан биз дээ.

-Би "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийн ярилцлагыг уншсан л даа. Тэгээд Тавантолгойн үнэнийг тэр хүн голоор нь хэлжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд айлчлах үеэр бол Тавантолгойн гэрээ зурагдаж болохоор байсан юм билээ. Үүнийг бүтэн жил хойш татчихсан.  
Оюутолгойн тухайд гэрээг нь сайжруулах шаардлагатай байсан. Гэтэл "Рио Тинто"-гийн тавиад байгаа шаардлагууд нь УИХ-аас баталсан тогтоолыг зөрчих гээд байсан учраас л тодорхой хугацаанд удаасан. Энэ бол Монголын төлөө хийсэн юм. Харин одоо яаж шийдэж байгааг нь мэдэхгүй байна. Ер нь бол энэ хоёр толгой гацсаар ирлээ. Гацаасан, саатуулсан хүмүүс нь ч дан ганц АН бас биш л дээ.

-Тэгээд хэн юм бэ. АН засаглаж байгаа болохоор тэднээс нь л бурууг хайна?

-АН гэхээс илүүтэй Монгол дахь бизнесийн бүлэглэлүүдийн зөрчлөөс болж л Тавантолгой саатсан. Эргэлзэх хэрэггүй. Бизнесийн бүлэглэлүүд гэдэг ойлголтод нь дан АН-ынхан хамаараад байгаа юм ч байхгүй. АН, МАН хоёроос гадна МАХН нь, өөр юу нь байдаг юм бусад нам бүгд холилдчихсон. Ийм л нам дамнасан бүлэглэлүүд Тавантолгойг гацаасан. Ер нь нам дамнасан бүлэглэлүүдийн нэг нь нөгөөгөө дийлэх, зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх гэсэн өрсөлдөөнөөс болж төрийн үйл ажиллагаанд гацаа үүсч байна.

-Хоёулаа буцаад 2012 оны тавдугаар сар руугаа оръё. Үнэхээр таны тодорхойлж хэлсэн шиг сонгуулийн өмнө, түрүүчийн парламентын гаргасан шийдвэрээс болж энэ бүх хямрал эхэлсэн юм бол АН яагаад өөрийнхөө байгуулсан Засгийн газраа "хямралын буруутан" гэж цоллосон юм бэ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах нэг гол үндэслэл нь эдийн засгийн энэ хүндрэл шүү дээ.

-Урд хөл бүдрэхэд хойд хөлийг нь ташуурддаг гэдэг шиг юм болсон. Уг нь хямрал юунаас эхтэйг, эдийн засаг яагаад хүндэрснийг АН-ын гишүүд бүгд л мэдэж байсан. Тэгсэн ч шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан. Ингэхдээ бас шууд хямрал гээгүй юм аа. Огцруулах гурван үндсэн шалтгаан гаргаж тавьсан шүү дээ, та бүхэн санаж байгаа байх. Нэгд, давхар дээл тайлах ёстой гэсэн шүүмжлэл явсан. Хоёрт, том төслүүдээ, тухайлбал Оюутолгой, Тавантолгойгоо явуулж чадаагүй гэсэн. Гуравт, Н.Энхбаяр гэдэг хүнтэй гэрээ байгуулсан нь байж болшгүй зүйл гэж олон хүн үзсэн, их хүчтэй шүүмжилсэн. Энэ нь ч Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулахад том түлхэц болсон. Өнөөдөр харин байдал ямар байгааг эргээд харъя.
Давхар дээлүүд тайлагдсан уу, тайлагдаагүй. Харин ч давхар дээлийг тайлах ёстой гэж хамгийн их шүүмжилсэн УИХ-ын гишүүд нь өөрсдөө давхар дээл өмсчихөөд явж байна. Энэ бол ёс зүйн хувьд байж боломгүй зүйл. Манай АН-ын жирийн гишүүд давхар дээл өмсчихсөн яваа энэ хүмүүсээсээ үнэхээр их ичиж байгаа, уур нь хүрч байгааг дашрамд хэлчихье. Яагаад гэвэл, АН гэдэг Төрийн ордонд байгаа цөөхөн хүн биш. АН гэдэг олон мянган гишүүн. Энэ хүмүүс бүгдээрээ ямар нэгэн дарга болоогүй, даргын суудал аваагүй. Тэглээ гээд уурлаж бухимдаагүй. Мөрөөрөө амьдраад л явж байгаа. Бүгд жирийн иргэн баярлах үедээ баярлаад, гомдох үедээ гомдоод явж байгаа. Гэтэл АН-аас нэр дэвшиж сонгуульд ялалт байгуулаад, зарим нь жагсаалтаар УИХ-д орж ирж суучихаад зохисгүй авир гаргаж байгаагаас жирийн гишүүд үнэхээр ичиж, бас жигшиж байгаа.  

-Том төслүүд одоо ч бас урагшилсангүй хэвэндээ л байна?

-Тийм, Оюутолгой, Тавантолгой хөдөлсөнгүй. Шинэчлэлийн Засгийн газрыг энэ хоёр төслийг явуулж чадсангүй гэж л огцруулсан, ажлыг нь авсан. Одоо тэгээд чадаж байгаа нь юу юм бэ гэхээр бас л мэдрэгдэх зүйл алга. Байдал ийм л байна.

-Н.Энхбаяртай байгуулсан гэрээний хувьд бүр утгаа алдлаа шүү дээ. Нөгөө дургүйцээд байсан хүмүүс нь Н.Энхбаярт зориулж Өршөөлийн хууль хүртэл баталж өглөө гэсэн шүүмжлэл явж байгаа. Шүүмжлэл буруу ч биш байх?

-Н.Энхбаяр гэдэг хүнтэй хамтарна гээд гэрээнд гарын үсэг зурчихсан нь буруу гээд юу болж байлаа. Том том дарга нар хурал хийгээд л… Ингээд зогсохгүй МАН-тай хамтарч ажиллах ёстой гээд Засгийн газар хүртэл байгуулсан биз дээ. Юу болов, тодорхой хэдэн сарын дараа л МАН-тай хамтрах нь буруу юм байна. Буцаад Н.Энхбаяртайгаа хамтрахаас өөр сонголт алга гээд явж байна шүү дээ. Тэгэхээр шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан гурван том шалтгаан нь хагас жил илүүтэйн дараа ийм л байдалтай явна. Ердөө найман сарын дотор үнэнд гүйцэгдлээ.

Ерөнхий сайд нь, АН-ын дарга нь хэн байснаас үл хамаараад "Шударга ёс" эвсэлтэй хамтрах л байж.  Тавантолгойн төсөл нь Засгийн газраас илүүтэй УИХ-д маш том нөлөөтэй бизнесийн бүлэглэлүүдийн зөрчлөөс болж гацсан л юм байна. Давхар дээл гэдэг бол шал худлаа асуудал байсныг мэдлээ. Юу бодит, юу нь худлаа байсныг одоо бүгд л мэдэж авлаа шүү дээ.

-Тэгэхээр асуудлын гол нь Н.Алтанхуяг гэдэг хувь хүнтэй л холбоотой байсан юм биш үү. Энэ хүнийг унагах нь л АН-ын зарим хүний зорилго байсан гэвэл та санал нийлэх үү. Хувь хүн нь биш, багаараа ажил хийж чадаагүй юм бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг нь Ерөнхий сайл болгохгүй байсан байх. Фракцын хуваарилалтаар харсан ч тэр хоёр "Алтан гадас"-ынхан.

-Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулах гэж АН-ынхан дотроо тэгж том эвдрэлцсэн юм бол байхгүй ээ. Жирийн гишүүдийн хувьд ч, ҮЗХ-ны гишүүдийн хувьд ч тийм юм огт болоогүй. Харин УИХ-ын гишүүд болон тэрнээс дээш албан тушаалтай хүмүүсийн хооронд харилцааны асуудал байсан нь харагдаж байна.  Яг ингэсэн, тэгсэн гэдгийг дунд нь байгаагүй учраас би хэлж мэдэхгүй нь. Миний харж байгаагаар фракц толгойлдог нөлөө бүхий УИХ-ын гишүүд, төрийн гурван өндөрлөгт багтдаг хүмүүс ямар нэгэн байдлаар Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулаад 2016 оны сонгуульд өөр хүн энэ намыг удирдаж, өөр хүн Ерөнхий сайд болоод орвол илүү их амжилт гаргана гэсэн л тооцоо хийсэн байгаа юм. Харин ямар үндэслэлээр ийм тооцоо гаргасныг би ойлгодоггүй.

-Энэ тооцоо нь тэгээд бүтэх магадлалтай юу. Та ямар бодолтой явдаг вэ?

-Би хувьдаа тэр үед ийм тооцоо гаргалгаа нь алдаатай, бүтэхгүй зүйл гэж  бодож  байсан. Яагаад гэвэл, шинэчлэлийн Засгийн газар эв нэгдлийг эрхэмлэн бүх чадлаараа  хийж бүтээхийн төлөө ажиллаж байсан. Үүнийг илүү сайжруулна гэдэг бол хэрэгжүүлэхэд хэцүү л даваа байхгүй юу. Гэтэл тооцоо хийгээд огцруулсан, бүх юмыг шинээр байгуулсан. Харин сайжруулж чадаагүй муутгасан. Үүнийг Монголын бүх хүн өнөөдөр мэдэж байгаа.   

-Гэхдээ тооцоолол хийсэн хүмүүс нь бол санасандаа хүрсэн биз дээ. АН-ын дарга өөрчлөгдчихлөө.

-Тооцоолсон хүн нь намын даргын суудлыг авчихсан л байна. Ер нь бол тэр тооцоог хийхэд олон хүн орсон доо. Тэр үед экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг их ганцаардсан байх аа.

-Танхимынх нь сайд нар хүртэл огцруулах талд зогсоод л…?

-ҮЗХ-ны хурал дээр танхимынх нь сайд Ерөнхий сайдынхаа эсрэг үг хэлсэн. Энэ бол ёс суртахууны ялзрал.

-Сонгуулийн дараа АН-д хоёрхон зам байсныг та хэлсэн. Одоо ямар зам байна вэ. УИХ-д орж ирсэн 2016 оны төсвийн төслийг харахад бүсээ чангалах арга руу нь шилжчихсэн байна л даа. Та хэдийн сонгож авсан зээл авч эдийн засгаа тэтгэх зам зөв байсан уу. Эсвэл хугацаа хожих л алхам байсан юм уу. Одоо танд бодогддог уу, 2012 онд бүсээ чангалаад л эхлэх байж гэж. "Чингис" бондыг авах нь зөв байж уу?

-Сонгуулийн дараа шууд бүсээ чангалсан байсан бол АН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тухай санах ч хэрэггүй болно. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж төрийн эрх авсан нам сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг, эрх баригч нам урагшаа харж ажиллах ёстой болохоос ухрах тухай бодох ёсгүй. Ямар ч улс төрийн хүчин хойшоо алхах сонголтыг хийхгүй. Тиймээс ч би тэр үед гаргаж байсан шийдвэрт одоо ч эргэлздэггүй. Гол юм нь хоёр том төслөө хөдөлгөх байсныг  бид чадаагүй. Хэрэв хоёр том төслөө хөдөлгөчих юм бол олон улс дахь Монголын нэр хүнд ч сайжрах байсан. Гэвч бид хөдөлгөж чадаагүй. Ялангуяа Тавантолгойг хөдөлгөж чадаагүйд хамаг юм бий. Ер нь бол нүүрс өндөр үнэтэй байх үед шийдчихсэн байсан Тавантолгойг төмөр замын царигийн асуудлаас болж л зогсоосон шүү дээ. Улсаас нэг ч төгрөг гаргуулахгүйгээр хувийн хөрөнгөөр төмөр зам бариулаад нүүрсээ гаргаад явчихаж болох байсан юман дээр манай намын, миний сайд байсан Х.Баттулгын толгойлдог хүмүүс эсэргүүцсээр байгаад гацаасан. Гэтэл өнөөдөр ОХУ өөрийнхөө нутаг дэвсгэр дээр нүүрсний ордоосоо хил хүртэл нарийн царигтай төмөр зам тавьж байна шүү дээ. Ер нь бол Х.Баттулга гишүүн шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн. Өөрөө анх давхар дээлээ тайлж байна гэж сайдаасаа татгалзаж өргөдөл бичиж л байсан. Одоо фракцаасаа давхар дээлтэй сайдууд томилоод л сууж байна.

-"Чингис" бондын тухайд…?

-Зээл авсныг буруу гэж боддоггүй. Харин авсан зээлээ дараа нь юугаар нөхөхөө хийхдээ хэтэрхий их хугацаа алдсан. Гэтэл цаг хугацаа алдуулахад маш их хүчин зүтгэж, хорлосон, нөлөөлсөн хүмүүс нь өнөөдөр хамгийн шударга царайтай, нийгэмд хамгийн сайн улстөрч гэж харагдаж, Монгол Улсын үндэсний баатрын хэмжээнд яригдаад явж байдаг. Үнэн хэрэгтээ тэр хүмүүс хамгийн хорлонтой л юм хийсэн. Нүүрсээр жишээ авъя л даа. Аль ч уурхайн аман  дээр нүүрс өндөр үнээр зарагддаг бараа биш. Харин нүүрс тээвэрлэгдээд хэрэгтэй цэгтээ очихоороо өндөр үнэтэй бараа болдог. Тээвэрлэлт нь төмөр зам. Өөрөөр хэлбэл, нүүрсийг тээвэрлэж байгаа нь нүүрсээ ухаад зарж байгаагаасаа бараг илүү ашигтай. Иймээс Монгол Улс нүүрс тээвэрлэх төмөр замаа маш хурдан байгуулах ёстой байсан. Нүүрс өндөр үнэтэй зарагдаж байсан алтан үед бушуухан дэд бүтцээ бариад, бушуухан хөрөнгө оруулалтаа нөхөж аваад явах байсан ч хэдэн улстөрч их ухаантай хүн болох гэж байгаад цаг хугацаа алт гэдгийг ойлгохгүйгээр алдсан. Алдсан хүн нь мэдээж эрх баригч намын хувьд АН-ын эрх мэдэлтэй хүмүүсийн алдаа гэж хэлж болно. Гэхдээ тэр алдаа хийсэн хүмүүс нь өнөөдөр баатар төрхтэй л явж байна. Хийх гэж зүтгэсэн улсууд нь болохоор Хятадын тагнуул, Монголоо худалдсан, өрөнд бариулсан гэсэн имижтэй л болж байгаа даа.

-Бонд босгоод л, хоёр толгойгоо хөдөлгөөд л бүх юм болно бүтнэ гэсэн сайхан бодолтой байсан байх. Харин шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж байх үед өр тавьчихлаа, Монгол Улсыг дааж давшгүй зээлтэй болголоо, үр дүнгүй зарцууллаа гэж байсан. "Чингис" бондын мөнгөнөөс хамгийн их санхүүжилт авсан яам нь ҮХААЯ байсан уу?

-Зам тээврийн яамны дараа манайх орох байх. Манай яамны хувьд "Чингис" бондыг маш үр бүтээлтэй ашигласан гэж үзэж байгаа. Миний өөрийн бодол гэвэл нэмэгдсэн өртгийн сүлжээг Монголд байгуулах ёстой. Төрд ажиллаж байгаа бүх хүний толгойд энэ зорилго байх ёстой би гэж үздэг. Яагаад гэвэл, нэмэгдсэн өртгийн сүлжээгээр л баялаг бүтдэг. Бэлтгэн нийлүүлэгч, тээвэр, үйлдвэр, худалдаа, энийг дэмждэг хяналтын байгууллага, боловсрол, банк, санхүүгийн дэд бүтэц гээд олон юмнаас энэ нь тогтоно л доо. Нэмэгдсэн өртгийн сүлжээ нь өөрөө монгол хүн сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ. Түүхий эдийг хэчнээн гүн боловсруулах тусам илүү өндөр технологи орно. Илүү өндөр технологи орохоор тэр технологийг мэддэг өндөр боловсролтой ажиллах хүч шаардлагатай. Тэгэхээр өндөр цалинтай, өндөр бүтээмжтэй ажилладаг давхарга Монголын нийгэмд бий болно гэсэн үг. Энэ бол Монгол Улсын үндсэн гол зорилго.

Монголд уг нь энэ байсан юм. Социализмын үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед нэмэгдсэн өртгийн сүлжээгээ хийчихсэн байсан. Бүх борлуулалт нь тухайн үеийн Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн улсуудтай холбогдчихсон байсан. Тэр систем дампууран уналаа, бэлтгэн нийлүүлсэн бүтээгдэхүүн нь хэрэглэгчгүй болчихсон. Үйлдвэрүүд, агентууд, гадаад худалдааны бүх юм нь нурсан. Яах вэ гэсэн шоконд ороод л бид нэмэгдсэн өртгийн сүлжээгээ нураачихсан. Үүнийг шинэ нөхцөлд буцааж шинээр байгуулах хэрэгтэй байна.

-Одоо ямархуу төвшинд байгаа вэ?

-Сүлжээ бага ч болов ажиллаж байгаа. Малчин, тариаланчаас түүхий эд ирдэг. Дээр үед бол агент авдаг байсан бол одоо ченжүүд авдаг. Тэрийгээ цуглуулаад шууд Хятадын үйлдвэрүүдэд худалдчихдаг. Өөрөөр хэлбэл, өөр дамжлага байхгүй болчихсон. Түүхий эд бэлтгэгдэнэ, цуглуулагдана, Хятадын үйлдвэрүүдэд хүргэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Хятад Улсын нэмэгдсэн өртгийн сүлжээг дэмжээд явчихаж байгаа юм. Манай яамны барьж байгаа бодлого бол түүхийгээр нь өгөхөө больё, ядаж хагас боловсруулж өгье. Дараа нь гүн боловсруулъя, бүр болдог бол бэлэн бүтээгдэхүүн болгоод өгье л гэсэн бодлого гаргаж, зорилт тавьж ажилласан. Нэмэгдсэн өртгийн сүлжээг шат шатанд нь ингэж хөгжүүлэхээс өөр ч арга байхгүй. Иймээс "Чингис" бондын санхүүжилтээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэсэн зорилт тавьсан. Яаж дэмжих вэ гэхээр түүхий эдийг Хятадын үйлдвэрүүд аваад байсан учраас тэдэнтэй өрсөлдөж түүхий эдээ  авдаг үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй гэж үзсэн юм. Энэ бол ҮХААЯ-ны хамгийн гол ажил байсан. Гэтэл Хятадын үйлдвэрүүдийн цаанаасаа авдаг бизнесийн зээл нь жилийн 5.5 хувийн хүүтэй, манайх жилийн 18-20 хувь байсан.  Иймээс үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, Хятадын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж түүхий эд аваад боловсруулах боломж олгохоор зээлийн хүүг буулгасан. Өөрөөр хэлбэл, "Чингис", "Самурай" бондоос жилийн долоон хувийн хүүтэй 269 сая ам.доллар, 140 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргаж өгсөн. Бүх зээл арилжааны банкаар дамжаад явж байгаа. Үйлдвэрлэгчдийг дэмжих гол алхам нь энэ. Энд онцолж хэлэхэд манай яамны чиглэлээр "Чингис" бондоос санхүүжсэн бүх зээл хувийн секторт гарсан бөгөөд эргэн төлөгдөнө. Хоёрт, захиргааны биш, гэхдээ нэг цонхоор экспортод гаргах бүтцийг бий болгосон. Тэр нь Хөдөө аж ахуйн бирж. Сүүл рүүгээ энэ бодлогыг ойлгохгүйгээр Хөдөө аж ахуйн биржийг төрөөс дэмжихгүй байна. Ер нь бол Монголоос түүхий эд бэлтгээд аваад явж байгаа гаднынхан ямар ч бүртгэлгүйгээр гаалийн мэдүүлэг бичүүлээд л аваад явчихдаг байсан. Иймд хэнээс нийлүүлэгдээд хэн, хэчнээн ширхэг юмыг хэдээр үнэлж худалдаж авав гэдгийг ил тод гаргаж ирж байгаа зүйл бол Хөдөө аж ахуйн бирж. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн дэд бүтэц. Нөгөөтэйгүүр, бирж байгуулагдаагүй байх үед Хятадын худалдан авагч нар худалдан авалтаа дандаа бэлэн мөнгөөр хийгээд явчихдаг байсан. Өөрөөр хэлбэл, банкны гадуур бүх арилжаа хийгддэг байсныг Хөдөө аж ахуйн бирж дээр авчирснаар заавал брокер компаниар, банкны дансаар дамждаг болсон. Нэг ёсондоо далд эдийн засгаар яваад байсан юмыг банкны систем рүү аваад ирсэн. Үүгээрээ Монголд хэрэгтэй юм.

-Төрийн албанаас түрдээ хөндийрөөд байгаа ч та ажиллаж байсан салбарынхаа талаар мэдээллийг сонирхдог, сонсдог байх. Таныг энэ салбарт ажиллаж байхад Халх голын чөлөөт бүс байгуулах тухай яригдаж байсан уу. Эсвэл Бурмаа сайд гарч ирээд л ганц хоёрхон сарын дотор УИХ-д өргөн бариад батлуулчихав уу?

-Халх голын  сав газарт манай яам Солонгосын КОЙКОГООР судалгаа хийлгэж байсан. Гэхдээ чөлөөт бүсийн зориулалтаар биш, бас 500 мянган га талбайд биш. 170 мянган га газарт стратегийн судалгаа хийлгэж байсан юм. Хэзээ нэгэн цагт ашиглавал ийм нөөц бололцоо байгаа юм байна, ингэж хэрэглэнэ гээд судалгаа хийлгээд хадгалдаг л даа. Тэр дагуу л хийлгэсэн судалгаа байсан. Харин өнөөдрийн Бурмаа сайдын хийж байгаа чөлөөт бүсийг бол буруу гэж боддог. Буруутгах хоёр үндэслэл байгаа. Халх голын бүс нутаг, Увсын Баруунтурууны нутаг бол Монгол Улсын үүц. Энэ үржил шимтэй газар нутгийг бид чөлөөт бүс болгох биш, үүцэнд үлдээгээд үр хүүхдэдээ өвлүүлэх ёстой.Дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангахын тулд газар тариалан эрхлэх тийм үүц болгох ёстой. Тэрийг одоо заавал экспортын бүс болгож мөнгө болгох гээд хэрэггүй.Ялангуяа газрыг яаран хагалах гээд хэрэггүй байдаг. Тийм л их мөнгө хэрэгтэй байгаа юм бол, тийм л их бүтээгдэхүүн экспортоор гаргамаар байгаа юм бол мал аж ахуйн салбараас эсвэл уул уурхайгаа л эргэлтэнд оруул. Халх голын сав газар болбид усаа хайрладагтай ижил  ашигт малтмалын ордоос илүү хайрлах ёстой нутаг.Хоёрдугаарт, чөлөөт бүс гэдэг ойлголтоо эхлээд бодох ёстой.Түүхэндээ чөлөөт бүс дандаа далайн боомтыг түшиглэн үүссэн байдаг. Далайн боомтууд аль болохоор олон усан онгоц авчирч, аль болох их худалдаа хийлгэхийн тулд янз бүрийн хөнгөлөлтүүд зарладаг байсан.Чөлөөт бүс ихэнхдээ боомт түшиглэдэг, хоёрдугаарт гадаад худалдаа, гадаадын  хөрөнгө оруулалтыг дэмжих үүрэгтэй бүс. Ийм байтал Халх голын үржил шимтэй үүц болсон газартаа гадаадынхныг урин дуудах нь ухагдахууны хувьд маш буруу.

-КОЙКО-гийн судалгааны дүнг харсан хүмүүс л чөлөөт бүс байгуулъя гээд дайрчихсан юм биш үү?

-Нэг хардалт байна. Хөдөө аж ахуйн газрын зөвшөөрлийг сум, аймаг мэдэж олгодог. Халх гол сумынхан бол өөрийн газар нутгаа, үржил шимт хөрсөө олон жил хамгаалж ирсэн уламжлалтай. Харин чөлөөт бүсийн координатад батлагдсан газрыг Чөлөөт бүсийн захирагч захирамжаараа олгодог. Газраа яаж хувиарлах эрх мэдэл нь чөлөөт бүсийн захиргаанд ирнэ. Чөлөөт бүс байгуулах гол зорилго нь магадгүй газар хуваарилах эрх мэдлийг Улаанбаатарт авчрах гэсэг далд санаархал байхыг үгүйсгэхгүй.

-Хуваарилаад эхэлчихсэн юм бишүү. Баттулга гишүүний хүү авчээ, Дагвадорж аварга үйл ажиллагаа эхлүүлжээ гэсэн мэдээллүүд байна. Та тиймэрхүү мэдээллүүд сонссон уу?

-Чөлөөт бүс гэдэг бол Аж үйлдвэрийн яамны харьяанд байдаг, захирагчийг нь тухайн яам мэддэг. Гэтэл чөлөөт бүсийн зориулалт нь өөрөө хөдөө аж ахуйнх гээд гарчихсан байдаг. Аль аль яаманд хамаараад байдаг. Тэгэхээр Чөлөөт бүсийн захиргааг, захирагчийг томилоход жаахан хүлээлт үүсгээд байгаа байх.Чөлөөт бүсийн захиргааг байгуулаагүй тохиолдолд газрын хуваарилалт хийгдэхгүй л дээ. Яахав тухайн бүс нутагт манай Х.Баттулга сайдын хүү, "Алтай констракшн", МАК-ийнхан гээд олон аж ахуйн нэгж байгууллага газар тариалан эрхэлж байгаа. Тэднийг би хардахгүй. Харин хэн гэдэг хүн ямар лоббигоор чөлөөт бүсийн захирагч болохыг харах үлдэж байна. Чөлөөт бүсийг 500 мянган га талбайд байгуулна гээд 150 мянгыг нь газар тариаланд, 150 мянгийг нь аялал жуулчлалд, үлдсэнийг нь эрчимжсэн мал аж ахуйд гээд хувиарлаж байгаа. Хайран 150 мянган га газар нутагт гадаадын, эсвэл хамтарсан компани орж ирээд тариалан эрхлээд хөрсний үржил шимийг доройтуулна гэдэг бидэнд хохиролтой. Дэлхийд үржил шимтэй хөрс юунаас ч чухал болсон. Дэлхийн тулгамдсан хоёр асуудлын нэг нь хүнсний аюулгүй байдал. Нөгөө нь дулаарал. Нэг их наяд хүн өлсгөлөнгийн байдалтай байгаа гэсэн НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуй байгууллагын статистик байдаг. Цаашид энэ тоо улам л нэмэгдэнэ. Гэтэл Монгол заавал өөрсдийн хүнсний үйлдвэрлэлийн гол нөөц нутгаа гаднынханд ашиглуулах гээд байгаа нь буруу шүү дээ.

-Хятадууд гэхэд л өөрсдийн газар нутгаа нөөцлөөд өөр нутагт тариалан эрхэлж байгаа гэдэг.

-Заавал Хятад энэ тэр гээд яахав. Айлаар бодъё л доо. Нэг айлынхан нь арай ухаантай, нөгөө нь мангардуухан.Ухаантай айл нь мангарыгаа мадлаад л, юмыг нь хямдхан авчихъя гэж бодно шүү дээ. Тэр бол амьдралын хууль. Хамгийн гол нь тэр мангар нь бид байж болохгүй шүү дээ.

-Халх голын чөлөөт бүсээс гадна тариаланчид ба салбарын сайдын үл ойлголцол хөдөө аж ахуйн салбарт гарах боллоо. Гэтэл үр тариа гэдэг стратегийн бүтээгдэхүүн байдаг…

-Цандэлэг ба Бурмаа гэвэл би яамаа, Бурмаа сайдыгаа өмөөрнө. Атрын III аян эхэлснээс хойш Монголын тариаланчдыг төр харж үзэж болох бүх хэлбэрээр эрхлүүлсэн.Байгаа чадлаараа дэмжсэн.Энэ жил бол өөр, гантай жил байлаа. Монгол орны улаан буудайн тариалалтын 50 хувийг Сэлэнгэ аймаг тариалдаг.20 хувийг Төв, үлдсэн 30 хувийг бусад аймаг тариалдаг. Гэтэл газар тариалангийн гол бүс нутгаар энэ жил гантай байлаа.Улаан буудай ургах цаг агаарын нөхцөл байдал тохиосонгүй.Сайдын буруу бодлогоос биш гамшгаас болж ургац алдлаа.

-Харин тариаланчид бол Бурмаа сайдын буруу их байсан гэх юм билээ ш дээ.

-Бүх тариаланчид Цандэлэг шигбиш ээ. Цандэлэгийг би сайн мэднэ. Бурмаа сайдыг үгүй мөн их зовоох юм аа. Цагтаа намайг бас нэг сар орчим тамласан. Яг ний нуугүй хэлэхэд Цандэлэг жаахан давраад байгаа л даа. 2012 оноос өмнө улаанбуудайн нэг тн-д улсаас 50 мянган төгрөгийн урамшуулал өгдөг байсан.Үүнийг шинэчлэлийн Засгийн газар100 мянган төргөг болгон нэмсэн. Нэмсэн шалтгаан нь гурилын үнийг л өсгөхгүй гэсэн юм. Улаанбуудайн нэрлэсэн үнийг хямд байлгаж байж талхны үнэ хямд байна, гурилын үнэ хямд байна. Тийм байлгах гэхээр тариаланчид хөрөнгө оруулалтаа нөхөхөд мөнгө дутаад байсан учраас нэмж урамшуулал өгсөн. Тэгээд хоорондоо хамтарч ажиллаад сайхан явж байтал Цандэлэг бослого гаргасан. Улаанбуудайн үнийг 700 мянга болгоно оо л гэсэн.

-Хэд байсныг нь ингэж нэмнэ гэсэн хэрэг вэ?

-450 мянга байсан. Бид үүнийг хүлээн авах боломжгүй.Цандэлэгийн хүсэлтийг хүлээж авбал яамны бодлого байхгүй болчихож байгаа юм. Гурил талхны үнийг хямд байлгахын тулд нөгөөдүүлд 100 мянган төгрөгийн урамшуулал олгоод байдаг. Нөгөөдүүл чинь 100 мянгыгаа ч авна, үнээ ч өсгөнө гээд дайрчихсан. Ингэвэл хэдэн тариаланч хожоод ард түмэн хохирно биз дээ. Тийм учраас бидний хооронд зөрчил гарсан.Зөрчил нь сүүлдээ намайг гурилын үйлдвэрийн эрх ашгийг хамгаалагч болгоод л дууссан даа. Одоо Бурмаа сайд дээр үргэлжлээд явж байна.Гэхдээ бүх тариаланч Цандэлэг шиг биш юм шүү. Ажлын шугамаар олон тариаланчтай уулзаж байлаа. Өө болж байна, үүнээс илүү дэмжлэг гэж юу байх вэ гэдэг л юм. Цөөхөн хэд нь "Цандэлэг" болж бүтэхгүй байна гэдэг. Мань хүн төрөөс аль болох их урамшуулал авч, улаанбуудайгаа өндөр үнээр зарахыг л хүсдэг. Зөвхөн амиа л боддог. Гэтэл бодлогын яаманд ард түмэнд гурил хэдэн төгрөгөөр, талх ямар үнээр очих нь хамгийн их хамааралтай. Гол үзүүлэлт. Үүнийг барихын тулд бид тариаланчдыг ч гурилын үйлдвэрээ ч дэмждэг. Гэтэл бидний гол үзүүлэлтийг эвдэх гээд байгаа учраас эвлэрэх аргагүй байдаг л даа.

-Гэхдээ бас дандаа болж бүтэхгүй мэдээ сонсогдоод байгаа ч юм биш. Жишээ нь 100 гаруй мянган тн мах экспортлохоор боллоо гээд байсан. Үнэхээр сайн мэдээ тийм үү?

-Өнгөрсөн баасан гарaгт Ерөнхий сайдын цагаар өвөлжилтийн бэлтгэлийн талаар ярихыг сонссоон.Үүн дээр 128 мянган тн мах экспортлоно гээд хэлчихэж байгаа юм. Тэгэхээр энэ өвлийн хийх ажил болох нь ээ дээ. Энэ бол огт бүтэхгүй зүйл.

-Яагаад тэр вэ?

-Социализмын үед мал бол хувийн өмч байгаагүй, нэгдлийн мэдэлд байсан.Худалдах, худалдан авах тухай ойлголт байгаагүй. Тавдугаар сараас малаа бэлтгээд, Мах комбинат долдугаар сарын 1-нээс хоёр ээлжээр өдөр шөнөгүй нэгдүгээр сарын 15 хүртэл ажилладаг байсан.Тэгж байхад Монголын махны үйлдвэрүүд жилдээ 40 мянган тн махыг экспортонд гаргаж байсан. Дээрээс нь амьдаар нь, хөлөөр нь 40 орчим тн мал гаргадаг байсан. Нийлээд 80-аад мянган тн. Гэхдээ энэ бол ямар ч худалдан авалтгүйгээр шууд захиргааны системээр төлөвлөгөө өгөөд л шууд бэлтгүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр 300 орчим тн мах л экспортонд гаргасан байгаа.Бусдыг нв хэзээ яаж гаргах юм. Ингэж худлаа ярьж болохгүй. Олон жилийн зорилт тавиад жилдээ 100 мянган тн мах гаргадаг улс болъё гээд тэрний төлөө хуулиа өөрчлөөд, малчдаа дэмжээд, мал эмнэлгээ хөгжүүлээд гадаад зах зээлээ нээгээд жил болгоноор нь шат ахиулсан төлөвлөгөө хийгээд явбал энэ үнэхээр сайхан санаачилга. Харин энэ жил хийнэ гэж байгаа бол энүүн шиг үлгэр байхгүй. Тэртэй тэргүй үр дүн нь хэдхэн сарын дараа ил болчих юман дээр тооцоо судалгаагүй, худлаа ярьж болдог ч юм уу даа. Цагаан сарын дараа хаврын чуулган эхлэхэд УИХ-ын гишүүд чинь хэдэн тн мах гаргасан бэ гээд л эхэлнэ шүү дээ. Тэр үед юү гэж хэлэх гэж байгаа юм бүү мэд.

-"Монгол мах экспо" гээд Төрийн өмчит компани байгуулсан. Энэ компани л зохион байгуулна гэж ойлгоод байгаа шүү дээ.

-Монгол мах экспо компани нэг цонхны бодлого хэрэгжүүлнэ, ялангуяа Хятад улс руу гаргах махыг зөвхөн тэр компаниар дамжуулж гаргана гэж би сонссон. Зөв хэрэгжүүлбэл үнэхээрийн зөв. Яагаад гэхээр манайхан чинь худалдаа хийхээрээ бие биеийнхээ үнийг унагаад байдаг байхгүй юү. Нэг нь дөрвөн доллараар зарна гээд гэрээ контракт хийгээд явж байтал нөгөө нь очоод надаас 3.90-ээр ав гээд л явчихдаг.Тийм учраас нэг компани сайн гэрээ хийчихээд бусад махны үйлдвэрүүдээ туслан гүйцэтгэгч болгоод явах хэрэгтэй. Харин тэр нэг цонхны компани нь ашгийн төлөө бус байх ёстой. Нэг ёсондоо менежментийг нь л хийгээд явна гэсэн үг. Ингээд ажиллавал зөв болно. Тэгэхгүйгээр төрийн компани нь өөрөө мах бэлтгэнэ, өөрөө зоорьтой болно гээд эхэлбэл маш том завхрал болно.

-Эргээд улс төрийн сэдэв рүү оръё. Та намын гишүүнчлэлээ сэргээсэн гэсэн.ҮЗХ хуралдаагүй удлаа. Хуралдуулъя гэсэн шаардлага жирийн гишүүдээс сонсогддог юм билээ. Танд тэгж мэдрэгдэв үү?

-Манай намын хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа зүйл нь удирдлагуудын эв түнжин алдагдаад байгаад л байна. Тухайлбал Ерөнхий сайд ҮЗХ-гоо хуралдуулъя гэж байгаа. Намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой ч гэдэг санаа цухалзуулдаг.Харин намын дарга болохоор Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах тухай юу ч дурсдаггүй. Харин ч намын удирдлагуудын зүгээс саяхнаас Засгийн газрыг болохгүй бол огцруулчихна шүү гэх маягийн үг унагадаг боллоо. Гэтэл нэг намаас томилогдсон Ерөнхий сайд, намын удирдлагууд нь хоорондоо ингэж хэвлэлээр ярьж болохгүй байхгүй юу. Үүнийг шийддэг бүтэц нь Үндэсний зөвлөлдөх хороо гээд байна шүү дээ. Болохгүй бол Их хурлаа хуралдуул л даа.Манай намын дүрмийн үндсэн санаа бол намын даргыг Их хурлаараа сонгодог байя аа гэж байгаа юм. Намын ерөнхий нарийн бичгийн дарга бол Үндэсний зөвлөлдөх хороогоор томилогдох ёстой. Гэтэл бид Их хурлаар сонгогдоогүй даргатай, Үндэсний зөвлөлдөх хороогоор томилогдоогүй, жинхлээгүй ерөнхий нарийн бичгийн даргатай сууж байна. Өөрөөр хэлбэл, ёс зүйн болоод эрх зүйн чадамжгүй удирдлагуудтай байна. Үүнийгээ эхлээд чадамжтай болгомоор байна ш дээ. Үүнээсээ л бүх юм эхэлнэ л дээ. Өршөөлийн хууль байна.Өршөөлийн хууль дээр манай намаас сонгогдсон УИХ-ын зарим гишүүн нь дэмжээд, зарим нь эсэргүүцээд байх юм. УИХ дахь намын бүлэг шийдэж чадахгүй байгаа бол Үндэсний зөвлөлдөх хороогоороо хагалуул л даа.Улс төрийн шийдвэрээ гарга аа, Өршөөлийн хуулийг дэмжих юм уу, эсвэл дэмжихгүй юм уу гэдгээ хагалуулах хэрэгтэй.Тэгэх гэж л намын бүтцийн байгууллагууд байгаа.Ардчилсан гэдэг нэр авсан нам бол дотоод ардчилал маш өндөртэй байх ёстой. Дотоод ардчилал юугаар хангагдах вэ гэхээр гишүүдийн оролцоогоор хангагддаг. Аль болох олон гишүүн намын амьдралд оролцож байна, төдий чинээ ардчилалтай байна гэж үздэг.Гишүүдийг оролцоог хангах гол зүйл нь шийдвэр гаргадаг хурал болохоос зөвлөлгөөн, бүсийн чуулган, семинар биш ээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд л Их хурлыг хуралдуудлахаар боллоо гээд байсан, больсон. Бэлтгэл нь амжаагүй байж болно. Гэтэл түүнээс хойш өчнөөн олон сар өнгөрлөө. Сонгуулийн наана ер нь хуралдуулах юм уу. Их хурлаараа сонгогдоогүй даргатай, жинхлээгүй ерөнхий нарийн бичгийн даргатай сонгууль угтаж байгаа нь хэр зөв байдаг юм бол. Энэ нь манай намын жирийн гишүүдийн дургүйцлийг маш их хүргэж байгаа. Намынхаа дотоод амьдралд оролцуулахгүй, ордон доторх хэдэн хүн л шийдвэр гаргадаг ийм нам болчихлоо гэж дургүйцэж байна. Гүйцэтгэх зөвлөл гэдэг байгууллага ҮЗХ-ны эрхийг шилжүүлээд авсан гээд л хэдхэн хүний хүрээнд шийдвэр гаргаад сууж байдаг. Засгийн газартаа нэг намыг авч л байдаг, нөгөө намыг хөөж л байдаг. Үүнийг чинь Үндэсний зөвлөлдөх хороо шийддэг юм, уг нь. Энэ бол манай намын хамгийн гол тулгамдсан асуудал болоод байна.

-Н.Алтанхуяг даргыг ч бас л Их хурлаар сонгогдоогүй дарга гэдэг байсан…

-2008 онд Н.Алтанхуяг даргыг Үндэсний зөвлөлдөх хорооноос намын дарга болгосон. Дараа нь 2009 онд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх Их хурал дээр зарим гишүүн санал гаргаад Н.Алтанхуяг гэдэг хүн чадамжгүй гээд намын Их хурлаар батлах эсэхийг шийдье гэсэн. Их хурлыг Н.Алтанхуяг дарга өөрөө удирдаж байсан. Тэгээд ийм асуудал гарч ирлээ, хэлэлцүүлэх асуудлын тоонд оруулаад санал хураагаад явах уу гэсэн. Харин Их хурлын төлөөлөгчид үүнийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр Их хурлаараа намын дарга баталгаажлаа, намын даргын асуудлыг Их хурлаар шийдвэрлэлээ гэсэн үг л дээ.

-Одоо ядаж энэ зарчмаараа явъя аа гэж үү?

-Үгүй ядаж л энэ зарчмаар явмаар байна ш дээ. Заавал огцруулъя гээд байгаа юм биш. Дүрэм журмаараа явъя л гэж байгаа. Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч маань саяхан өгсөн ярилцлагадаа арай өөр юм ярьсан байна билээ. ҮЗХ-гоороо шийддэг болж байгаа гэх маягтай үг хэлсэн байна билээ. Тийм биш шүү. 2006 онд манай нам дүрмээ шинэчилсэн. Aжлын хэсэгт би нэлээд идэвхтэй ажиллaсан. Олуулаа суугаад л санаагаа хэлэхээр би томъёолоод компьютер дээр шивдэг. Бичсэнийгээ нөгөөдүүлдээ уншиж өгөөд.Намын үндсэн дүрмийн 70 орчим хувийг би ингэж шивсэн, АН-ын дүрмийг нэлээд сайн мэдэх хүмүүсийн нэг нь би учраас үүнийг яриад байгаа юм. Намын хурлыг зарлахгүй байгааг нь хэлэлцүүлэхээсээ айгаад байна гэж харахаас өөр аргагүй.

-Танай нам маш олон фракцтай. Фракцуудаа зангидаж чадаагүй учраас ҮЗХ-гоо хуралдуулахгүй байгаа юм биш үү. Та жишээлбэл аль фракц вэ?

-Бидний хэдэн журмын нөхөр нийлээд "Кроун" гээд фракц байгуулж байсан. Сүүлийн үед юу гэж бодож байна гэхээр фракцууд маш хортой. Яагаад гэвэл АН-ын дотоод ардчиллыг хөгжүүлэхгүйгээр фракцын дарга нар гэсэн хэдэн хүн л асуудлыг шийдээд байна, намын амьдралыг хөлдөөж байна. Намын институцийн үйл ажиллагааг сулруулж байна. Энэ нь АН-д маш хор хохирол учруулж байгаа. АН-д хохирол учруулаад зогсохгүй Монголын төр рүү шилжчихлээ шүү дээ.

-Энхболд дарга фракцгүй нам болно гэдэг ч Ардчилсан хүчний холбоо гэдэг ганц фракцыг хүчирхэгжүүлж байна гэдэг, энэ үнэн үү?

-Намыг удирдах хоёр арга байж болох юм. Олон хүний оюун санааны зөвшилцөлд хүрээд маш том консенсиусыг байгуулаад фракцаа устгаад явах нэг арга байна. Үүний тулд дүрэм, журмаа  сайжруулаад институцийн үйл ажиллагаатай болох хэрэгтэй. Нөгөөх нь нэг фракц нь нөгөөдүүлийгээ устгаад, нам нам цохиод эзлээд авчих арга. Манай намын дарга алийг нь сонгох гээд байгаа юм бүү мэд. Намын хурлаа хуралдуулахгүй, зөвшилцөл рүү явахгүй, олон хүнийг сонсохгүй ингээд л зүтгээд байх юм бол нөгөө аргыг нь хэрэглэх гэж байна гэхээс өөр аргагүй. Харин ийм арга хэрэглэвэл АН гишүүд зүгээр суухгүй шүү дээ. Заавал ингэж байх ямар хэрэгтэй юм гээд л өөр өөрийн сонголтоо хийгээд явчихна. Нам байхгүй л болно гэсэн үг.

С.ОНОНТУУЛ

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment