2015/11/24

Хөгжлийн банкны “но” илэрчээ

Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцсан  талаар ажлын хэсгийн дүгнэлтээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар "Морин цаг"-аараа мэдээллээ.

Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, Хөгжлийн банкны үйл ажиллагааны байдалтай танилцаж санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж,  Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Г.Уянга, Л.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар нарын гишүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан байна. Ажлын хэсгийнхний хийсэн шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Хөгжлийн банкны хуулиар "Хөгжлийн банк нь Монгол улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд"  байхаар заажээ.  Ингэхдээ  "Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-д "Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална" гэсэн хуулийн заалтыг Хөгжлийн банк, Засгийн газар ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк өнөөг хүртэл санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрөө УИХ-аар батлуулаагүй байна" гэж заасан. Гэтэл 2012-2015 онд санхүүжигдсэн төсөл хөтөлбөрүүд Хөгжлийн банкны энэ хуулийг зөрчсөн байгаа. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк 2012-2015 онуудад УИХ-аар батлуулаагүй төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн санхүүжүүлсэн нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1. дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. Түүгээр ч үл барам Хөгжлийн банкнаас олгосон зарим зээл тухайлбал, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөл, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүйгээр олгосон зөрчлийг гаргасан байна.  Мөн тендер огтхон ч зарлаж байгаагүй.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /ТБОНӨХБАҮХАТ/ хуульд "Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй" гэсэн заалт бий. Энэ нь Хөгжлийн банк өөрсдийн үйл ажиллагаанд шаардагдах техник хэрэгсэл, ширээ сандал, бичиг хэргийн зүйлийг тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулан худалдан авахыг зөвшөөрсөн хуулийн заалт юм. Энэхүү заалтыг Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк мушгин гуйвуулан тус банкнаас санхүүжих төсөл, хөтөлбөрийг тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулан санхүүжүүлж байсан нь бондын хөрөнгийг үр ашиггүй, үрэлгэн байдлаар зарцуулах нөхцлийг бий болгосон гэж үзэж байна.

Чингис  бондын 1.5 тэрбум ам.доллараас 5.4 сая ам.долларыг нь өөрийн үйл ажиллагаандаа зарцуулжээ. Үүний дараа Засгийн газар Хөгжлийн банкийг дахиад 5.4 тэрбум ам.долларыг зарцуулах шийдвэр гаргажээ. Үйл ажиллагааны зардалд хоёр удаа шийдвэр гаргасан байна. Үүнийг Аудитын байгууллага илрүүлж 2014 оны 5 дугаар сард Засгийн газар зөрчлийг арилгах тоот албан шаардлага хүргүүлсэн байна. Дээр нь Самурай бондын мөнгөний 19.2 хувь нь орж ирээгүй. Энэ нь 5.7 тэрбум иен буюу 55.7 сая ам.доллар Самурай бондноос дутаж байна.

Хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний дүн 1-3 удаа өөрчлөгдөж, мөнгөн дүн нь дандаа  нэмсээр ирсэн зөрчил илэрлээ. Зарим тохиолдолд анхны төслөөсөө өөрчлөгдөж, дүн нь 14 дахин нэмэгдэж байсан байна. Тендэр зарлаагүй, зураг төсөл нь гараагүй байхад эрхийг нь өгч байсан зөрчил илэрлээ. Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр удаан хүлээлээ. Хөгжлийн банкны хөрөнгийг улсын төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулж иржээ. 

Чингис бондоос олгохоор төлөвлөсөн нийт санхүүжилтийн 50 орчим хувь буюу 1.1 их наяд төгрөгийг ойрын хугацаанд эргэн төлөгдөх баталгаагүй авто зам барих, "Гудамж төсөл", нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийн төсөлд зарцуулсан байна. Тодруулж хэлбэл, бондын эх үүсвэрээс бүрдүүлсэн хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлд зарцуулсан байгаа нь ҮАБЗ-ийн 28/20 тоот зөвлөмжийн 2.4. заасан "... нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт тухайн төслийн санхүүжилтийн 1/3-аас хэтрэхгүй байх" гэснийг ноцтой зөрчсөн байна.

Засгийн газар 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 293 тоот тогтоолоор Засгийн газрын үнэт цаас худалдан авахыг Хөгжлийн банкинд зөвшөөрч, тус банк бондын хөрөнгөөс 250 орчим тэрбум төгрөгийг үнэт цаасанд байршуулсан нь ҮАБЗ-ийн  зөвлөмжийг дахин зөрчсөн үйлдэл болсон байна. Хөгжлийн банк арилжааны банкууд дээр байсан хүү багатай ЗГҮЦ-ыг хоёрдогч зах зээлээс худалдан авсан нь хардлага дагуулж байна. Учир нь 15 орчим хувийн хүүтэй Засгийн газрын богино болон дунд хугацаатай үнэт цаасыг худалдан авахын оронд нэг оронтой тоогоор хэмжигдэх хүүтэй үнэт цаасанд бондын эх үүсвэрийг байршуулсан нь Хөгжлийн банкны удирдлага банкны эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр туйлын хариуцлагагүй ажиллаж байгаагын нэг илрэл юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

"Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжааны төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, ард түмний нэрлэж заншсан Чингис бонд, Самурай бондын зарцуулалт эргэн төлөлт, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар 2015 оны нэгдүгээр сарын 16-ний өдөр байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Г.Уянга, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүд ажилласан байна. Өнөөдрийн байнгын хорооны хурал дээр ажлын хэсгийн бүх материалыг тараасан. Бүрэн бүрэлдэхүүнээрээ таван удаа хуралдсан. Энэ хурлын тэмдэглэлийг УИХ-ын гишүүдэд тараасан.  Эдийн засаг, төсвийн байнгын хорооны хурлаас Ардчилсан намынхан бүгд картаа сугалаад гараад явчихлаа. Яагаад Чингис, Самурай бондын зарцуулалт дээр ингэж хандаж байгааг ойлгохгүй байна. Ажлын хэсгийн дүгнэлт дээр дөрвөн гишүүн зурсан. Гишүүд өөрсдийн санал санаачлагаараа энэ дүгнэлтийг гаргаагүй. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад удирдамж батлагдсан. Үүнд орсон асуудлаар Ерөнхий аудитын газарт хандаж шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Ингээд хоёр удаагийн дүгнэлт гарсан. Нэг нь 2014 онд Засгийн газраас гаргасан үнэт цаас болон Чингис самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүн гэсэн албан ёсны тайлан. Хоёрдугаарт 2015 онд Хөгжлийн банкны хөрөнгийн эх үүсвэрийн ашиглалтыг сайжруулах талаар гарсан дүгнэлт. Гуравдугаарт Сангийн яамнаас ажлын хэсэг гарч Хөгжлийн банкыг шалгасан. Дөрөвт нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан" гэсэн юм.

Аудитын дүгнэлт дээр хэд, хэдэн ноцтой зөрчлүүд илэрсэн

Тэрбээр "Хөгжлийн банкны тухай хуулиар санхүүжүүлсэн бүх төсөл хөтөлбөрийнхөө жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банкнаас санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн ихэнх нь УИХ-аар батлагдаагүй, засгийн газрын тогтоол шийдвэрээр энэ санхүүжилтийг олгоод явчихсан. Зарим тохиолдолд тогтоол, шийдвэргүйгээр санхүүжигдсэн зөрчлүүд гарсан. Хоёрдугаарт нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт хангагдаагүй. Үндсэндээ тендер зарлагдаагүй, авто зам, дэд бүтцийн салбар, хөдөө аж ахуйн салбарт шууд гэрээ хийгээд олгогдсон төслүүд байсан. Гуравдугаарт нь Чингис бондын 1,5 тэрбум долларын санхүүжилтийг Монгол Улс босгож орж ирсэн. Төрийн сангийн дансанд 1,5 тэрбум доллар бүтнээрээ биш нэг тэрбум 494 сая доллар орж ирсэн. Үүний дээр 5,4 сая доллар хаашаа алга болсон, юунд зарцуулагдсан гэдэг нь тодорхойгүй байгаа. Үүнийг Аудитын Ерөнхий газар шалгаад дөрвөн сая доллар дээр акт тогтоосон. Орж ирээгүй байхад нь төсвийн хөрөнгөөр 5,4 сая долларыг Хөгжлийн банк руу шилжүүлээд 5,4 тэрбум болгочихсон зөрчил гарсан. Мөн Самурай бондын баталгаа гаргах төлбөр, бонд гаргахтай холбоотой зардалд авсан зээлийн 19,2 хувьтай тэнцэх 5,7 тэрбум иень буюуу 55,7 сая долларыг суутгуулсан. Үндсэндээ 290 сая долларын зээл авсан мөртлөө 55,7 сая долларыг нь зээлийнхээ кардалд суутгуулчихсан байж байна. Үүнийг тусгайлан аудит гаргаж шалгах шаардлагатай.

Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдлийг Арилжааны банкуудад байршуулсан. Ингэхдээ арилцааны банкын хадгаламжийн хүүнээс 2,5- 3 хувиар доогуур байршуулсан. Арилжааны банкуудад байршуулсан хадгаламжийн хүүний зөрүү 4 хүртэлх хувийн ялгаатай байна. Ямар банкуудад, ямар шалгуураар байршуулсаныг хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж үзэж байгаа.

Чингис бонд болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа шинэ төмөр замын төсөлд 200 сая долларын санхүүжилт олгосон. Энэ санхүүжилтийн зарцуулалт нь тодорхой бус байна. Мөн МИАТ компанид БОИНГ 767 онгоцын санхүүжилт хийсэн байгаа. Аль ч улс оронд дөрвөн ширхэг БОИНГ онгоцыг шууд мөнгийг нь төлөөд авдаг ийм тохиолдол байдаггүй. Үүнийг тодорхой хэмжээнд хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж үзэж байгаа.

ҮАБЗ-ийн зөвлөмж дээр Чингис бондын эх үүсвэрээс бүрдүүлсэн  хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөх зээлд зарцуулсан гэж байгаа. 1,5 тэрбум долларын 62 хувийг улсын төсвөөс эргэн төлнө гэсэн үг. Гэтэл ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нэг төсөлд 3/1-ийн санхүүжилтээс илүүгүй, санхүүжилтийг хийх ёстой гэж заасан байгаа. Энэ зөвлөмжийг ноцтой зөрчсөн. Ингэснээрээ Засгийн газрын хүлээх эрсдлийг ихэсгэж, улсын төсөвт гадаад өрийн дарамтыг огцом нэмэгдүүлэх үр дагаварыг бий болгоод байна гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмжүүд гарсан байгаа" гэсэн юм.

Т.ДАВААНЯМ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment