2015/11/25

Д.Ганхуяг: Монгол улсын хүний эрхийн байдалд өндөр үнэлгээ өгсөн

Манай улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орон болсон. Гишүүн орон болохын давуу тал, ач холбогдлын талаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягтай ярилцлаа.

-Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноор сонгогдсон. Ингэж сонгогдохын гол ач холбогдол юу вэ. Гишүүн болсноор бидэнд ямар боломж нээгдэж байгаа вэ. Мөн гарч ирэх давуу талын талаар ярихгүй юу?

-Гадаад бодлогын үзэл баримтлалын 10 дугаар зүйлд "... олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад оршино", мөн 13 дугаар зүйлд "Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутаг болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна. Тухайлбал, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох" гэж заасан байдгийг та бүхэн мэднэ. Уг зорилтыг ханган хэрэгжүүлэх үүднээс Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллах асуудлыг бид 2011 оноос эхлэн эрчимтэй, нухацтай судалж ирсэн. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгууль нь олон улсын улс төрийн ач холбогдол, үйл ажиллагааны цар хүрээгээрээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн сонгуулийн дараа орох маш өрсөлдөөнтэй сонгуулийн нэг. Тиймээс ч уг сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэх, нэрээ дэвшүүлэх нөхцөлд ямар цаг хугацааг сонгох, ямар хугацаанд бид бэлтгэлээ хангаж чадах, боловсон хүчнээ бэлтгэх зэрэг олон хүчин зүйлийг сайтар тооцоолж, тун няхуур хандах шаардлагатай байдаг. Энэ бүх судалгаа, тооцоо, бэлтгэх хангах ажлаа тооцож үзсэний үндсэн дээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхээр 2011 оны сүүлчээр шийдвэрлүүлсэн юм. НҮБ-ын гишүүн орнуудын санал, дэмжлэгийг авч байж буюу өрсөлдөөнт сонгууль явуулсны дүнд тухайн нэг байгууллагын гишүүнээр ажиллах эрхтэй болдог энэ нөхцөл нь түүний улс төрийн ач холбогдлыг нэн тэргүүнд илэрхийлж байдаг.

Нөгөөтэйгүүр, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь дэлхий дахинаа хүний эрхийг дээдлэх, хамгаалах, хүний эрхийг хангах асуудлыг хэлэлцэж, энэ зорилтоо хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргадаг НҮБ-ын үндсэн байгууллагын нэг юм. Тухайлбал, Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн нөхцөл байдлыг хянан хэлэлцэж, үнэлгээ, дүгнэлт өгөхийн зэрэгцээ, цаашид зорилт болгон ажиллах, анхаарах асуудлаар нь зөвлөмж өгдөг. Энэ нь Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр нь ажиллаж буй улсын хувьд өндөр хариуцлага хийгээд хууль эрх зүй, хүний эрхийг хангах чиглэлээр туршлага, мэргэжлийн ур чадвар шаардсан томоохон үүрэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. НҮБ-ын гишүүн 172 улс манай улсыг дэмжиж, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгосон нь нэг талаас, өнгөрсөн хугацаанд НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд оруулж ирсэн Монгол Улсын хувь нэмрийг сайшаан үнэлж, цаашид ч бодит хувь нэмрээ оруулах нь дамжиггүй гэдгийг хүлээн зөвшөөрч, итгэл хүлээлгэж буй хэрэг. Нөгөө талаас, хүний эрхийг дээдлэх, хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгээс тавьж буй зорилтыг хэрэгжүүлэх талаар Монгол Улс тодорхой үр дүнтэй амжилт олж, туршлага хуримтлуулжээ гэдгийг мөн нотолж, дотооддоо төдийгүй бусад улс оронд үлгэр дурайл болох, туршлагаас нь суралцах нь зүйтэй гэж үзэж буйн илэрхийлэл мөн.

Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болсноор бидэнд ямар давуу тал, ямар боломж бүрдэх вэ гэдэг талаар дараахь зүйлийг хэлэх нь зүйтэй болов уу. Нэгдүгээрт, дээр дурдсанчлан олон улсын үйл хэрэгт гар бие оролцож, бодит хувь нэмрээ оруулах бүрэн боломж бидэнд бүрдэнэ. Энэ нь олон улсын тавцанд том, жижиг улс эрх тэгш эрхтэйгээр байр суурь, саналаа илэрхийлэх зарчмын хүрээнд бидэнд олгогдож буй бүрэн эрхээ эдлэх боломж юм. Нөгөө талаас, Хүний эрхийн зөвлөл нь 47 улсын төлөөллөөс бүрддэг тул үлдэж буй 146 улсыг төлөөлж, шийдвэр гаргахад оролцох давуу тал гэж мөн ойлгож болно. Хоёрдугаарт, хүний эрхийг хамгаалах чиглэлээр төдийгүй олон улсын хууль эрх зүй, сайн засаглал, хүмүүнлэгийн гээд олон салбар, чиглэлээр бусад улстай хоёр талын болон олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, яриа хэлэлцээгээ эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох зэргээр манай улсын үйл ажиллагааны цар хүрээ улам бүр тэлэх боломжийг бидэнд олгох юм.

-Гишүүн болохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой байдаг вэ?

-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл байгуулах асуудлыг 2005 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганаар хэлэлцэж, 60/251 тогтоол баталсан. Уг тогтоолд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллах улсад тавигдах шаардлагыг тодорхой заасан байдаг. Тухайлбал, тогтоолын наймдугаар зүйлд "... Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллахаар нэр дэвшигч улсын хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалахад оруулж буй хувь нэмэр, мөн энэ чиглэлээр сайн дураар хүлээсэн үүрэг амлалтыг нь харгалзаж сонгох …" гэж заасан. Иймд НҮБ-ын гишүүн улс орнууд нэр дэвшигч улсыг дэмжих эсэх талаар байр сууриа тодорхойлохдоо нэн тэргүүнд дээр дурдсан шаардлагыг тухайн нэр дэвшигч улс хангаж буй эсэхийг чухалчилж үзнэ.

-Яг ямар улс гишүүн болдог юм бэ. Хүссэн улс бүр гишүүнээр сонгогдох боломжтой юу?

-НҮБ-ын гишүүн улс бүр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Харин нэн тэргүүнд дээр дурдсанчлан нэр дэвшигч улсад тавигдах шаардлагыг хангах аваас сонгогдох магадлал нь нэмэгдэнэ. Хүний эрхийн зөвлөл нь 47 улсын гишүүнчлэлээс бүрдэх бөгөөд бүс нутгийн зургаан бүлэгт ноогдох суудлын тоо хязгаартай. Тухайлбал, манай улс харьяалагддаг Ази, Номхон далайн орнуудын бүлэгт нийтдээ 13 суудал ноогддог. Энэ жилийн сонгуулийн хувьд Ази, Номхон далайн бүлгийн таван суудал суларч түүнд долоон улс өрсөлдсөн.

-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн улс болно гэдэг тухайн улс хүний эрхийг үнэлэх үнэлэмж гэж ойлгож болох уу. Нэг ёсондоо манай улсын хүний эрх дээгүүрт үнэлэгдэж байна уу?

-Тийм. Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллах улсад тавигдах тодорхой шаардлага байдаг тухай өмнө нь дурдсан. Манай улсыг Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгож байгаа нь Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, хүний эрхийг дээдлэх, хамгаалах чиглэлээр олсон амжилт, олон улсын түвшинд олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг амлалтаа хэрхэн биелүүлж ирсэн, цаашид тавьж буй зорилт зэргийг сайшаан үнэлж буй томоохон үнэлгээ яах аргагүй мөн. Энэ үнэлгээ нь манай улсыг дэмжсэн 172 улсын саналын тоог тодоор илтгэж буй юм.

Сонгуульд манай улстай Арабын Нэгдсэн Эмират, Бүгд Найрамдах Солонгос, Пакистан, Филиппин, Киргиз, Лаос зэрэг улс өрсөлдсөн. Эдгээр улсын дийлэнх нь НҮБ, олон улсын бусад байгууллагын сонгуульд тогтмол амжилттай оролцож, өмнө нь сонгуульд бараг ялагдаж байгаагүй улс төр, эдийн засгийн хувьд жин нөлөөтэй орнууд юм. Монгол Улс ХЭЗ-ийн сонгуульд яагаад хамгийн олон санал авсан бэ гэх асуулт гарч байна. Хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, таны хэлснээр НҮБ-ын ХЭЗ-ийн гишүүн улс болно гэдэг тухай улсын хүний эрхийг хангаж буй байдлыг үнэлэх үнэлэмж гэж ойлгож болно. Дэлхийн бүх улсыг хамарсан хэлэлцүүлгийн механизмын хүрээнд Монгол Улсын хүний эрхийн байдлыг Хүний эрхийн зөвлөл хоёр удаа хэлэлцэж, өндөр үнэлгээ өгсөн. Энэ нь маш чухал үзүүлэлт.

Манай улс ардчилал, хүний эрхийг дээдлэн, дэмжих чиглэлээр дотооддоо төдийгүй олон улсын тувшинд идэвхтэй ажилладаг нь манай нэр хүнд өндөр байх бас нэг үндэс, суурь юм. Энэ чиглэлээр чамгүй хичээл зүтгэлтэй ажилласан.

-Хүний эрхийн зөвлөлийн гишүүн улс болохын тулд олон жилийн хүчин зүтгэл нөлөөлдөг байх. Яаж сонгогдсон бэ?

-Тухайн улсын олон улсын тавцан дахь нэр хүнд, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмэр нэн чухал үзүүлэлт гэдгийг дахин хэлэх нь зүйтэй болов уу. Түүнээс гадна сонгуульд амжилттай оролцох нь бэлтгэлээ хэрхэн хангахаас шууд хамааралтай талаар мөн дурдсан. Тиймээс олон улсын томоохон сонгуульд амжилт гаргаж оролцоно гэдэг нь манай улсын гадаад бодлого, дипломатуудын олон жилийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүн яах аргагүй мөн. Энэ талаар маш олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлж эхэлснээс хойш хэрхэн ажилласан талаар товч дурдъя гэж бодож байна.

Сонгууль явуулах дүрмийн хувьд НҮБ-ын ХЭЗ-ийн гишүүнээр сонгогдохын тулд НҮБ-ын нийт гишүүн 193 улсын ердийн олонхи буюу 98 улсын дэмжлэгийг авах шаардлага нэн тэргүүнд тавигддаг. Гэхдээ энэ нь хангалттай биш. Өнгөрсөн 2014 оны сонгуульд Тайланд улс 136 орны дэмжлэг саналыг авсан хэдий ч сонгуульд ялагдаж байсан гашуун туршлага бий. Энэ жилийн сонгуульд манайхтай өрсөлдсөн Лаос, Пакистан тус бүр105 улсын санал авсан хэдий ч сонгогдож чадаагүй гэх зэрэг жишээ дурдаж болно. Иймд 140 дээш улсын дэмжлэгийг авах зорилт бидний өмнө тавигдаж байсан гэсэн үг. Үүний тулд НҮБ-ын гишүүн улс бүртэй ажиллахстратеги боловсруулж, 2012 оноос эхлэн Гадаад хэргийн яам системээрээ ажиллаж эхэлсэн.

Бусад улсын дэмжлэгийг нь авах, дэмжлэг хүсэх гэдэг нь дипломат өндөр ур чадвар шаардсан чамбай ажил гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Тухайлбал, тухайн нэг улсын хүний эрхийн асуудлаар баримталж буй байр суурийг сайтар судалж, түүний үндсэн дээр яриа хэлэлцээ өрнүүлэх, ямар асуудлыг онцолж ярихаа тодорхойлох нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улсаас баримталдаг байр суурийн эсрэг зүйл яриад сууж болохгүй л гэсэн санаа. Харин тухайн улсын гадаад бодлого, үйл ажиллагааг нарийвчлан судлах, түүний үндсэн дээр хамтран ажиллах боломжтой салбар, асуудлыг эрэлхийлэх,аливаа асуудлыг шийдвэрлүүлэхэд бидний зүгээс оруулж болох хувь нэмэр юу байж талаар ярилцах гэх зэргээр 192 улс бүртэй нэг бүрчлэн хэлэлцэж тохиролцоно гэдэг нь цаг хугацаа, ихээхэн хүч чармайлт шаардсан ажил байдаг даа.

-Гишүүн орон хэдэн жилийн хугацаатай ажиллах вэ?

-ХЭЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа гурван жил байдаг. Манай улс Зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллана.

-Хүний эрхийн зөвлөлийн гишүүн улс гэдэг утгаараа олон улсын асуудлыг хэлэлцэхэд оролцож байр сууриа илэрхийлэх үү?

-Асуудал бүрээр манай улс байр суурь, саналаа илэрхийлэх, хувь нэмрээ оруулах шаардлагатай болно. Хүний эрхийн зөвлөл нь хүний эрхийн асуудлаарх засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлцээний гол форум бөгөөд хүний эрхийг хамгаалах гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх, туслах чиг үүрэгтэй. Түүнчлэн НҮБ-ын 192 гишүүн орон дахь хүний эрхийн байдлыг хянан үзэж, үнэлгээ өгөх, хүний эрхийн өргөн хүрээтэй асуудлаар экспертиз зөвлөгөө өгөх, мөн хүний эрхийг зөрчиж буй үйлдлийг олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд хүргэж, түүнийг шийдвэрлэх арга хэмжээ авах зэрэг чухал үүрэгтэй. Зөвлөлийн хуралдаанаар жил бүр 20 үндсэн багц асуудлыг хэлэлцдэг.

Мөн Зөвлөлийн хуралдаанаас жил бүр гаргаж буй тогтоол шийдвэрийг авч үзвэл жилдээ дунджаар 150 гаруй тогтоол, шийдвэрийг гаргаж байгаагийн 40 орчмыг нь санал хураалтаар баталдаг. Иймд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй улс Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудал бүрээр байр суурь, саналаа илэрхийлж оролцоно гэсэн үг юм. Энэ нь олон улсын улс төр, дипломатын ур чадвар төдийгүй, олон улсын хууль, эрх зүйн өндөр мэдлэг, туршлага биднээс шаардагдах болно гэсэн үг.

-Хэрэв манай улс хүний эрхийг маш ихээр зөрчөөд байвал гишүүн байхаа болих уу?

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганаас баталсан тогтоол, шийдвэрийн дагуу хэрэв Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй улс хүний эрхийг системтэй, ноцтой зөрчих нөхцөлд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлийг НҮБ-ын гишүүн улсын гуравны хоёрын саналаар түдгэлзүүлдэг. Өмнө нь 2011 онд Сири улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх үед түүний гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гаргаж байсан.

-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсыг төлөөлж хүн суух уу?

-Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон улсын хувьд Засгийн газраа төлөөлж ажиллах төлөөлөгчдийг томилон ажиллуулна. Хүний эрхийн зөвлөл үйл ажиллагаагаа Женев хотноо явуулдаг. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч гэж бий. Түүнээс гадна Хүний эрхийн зөвлөлийн үйл ажиллагаанд гишүүн улсын хувьд идэвхтэй оролцох үүднээс ямар бүтэцтэйгээр ажиллах чиглэлээр судалгаа хийж байна. Бидэнд өмнө боловсруулсан санал байгаа. Үүнийгээ тодотгож, асуудлыг энэ ондоо багтааж Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment