2015/11/24

Явуулахын төлөө ажиллана

Тухайн улсын эрүүгийн эрх зүйн тогтолцооны шударга байдал нь хууль зүйн тогтолцоо нь бүхэлдээ шударга эсэхийг үнэлэх шалгуур болдог гэж хуульчид хэлдэг. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоож, боловсруулсан гэж хууль санаачлагчид нь хэлж байна. Түүнчлэн хуулийн төсөлд 32 байгууллагын 612 саналыг судалж тусгажээ. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын болон Шүүх, Прокурор, Цагдаа, Тахарын алба, Тагнуулын байгууллага, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг боловсруулсан байна.

Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хууль болон бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийх ёстой байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Эрүүгийн хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ энэ сарын 23-нд бүлгийн хурлын мэдээлэл хийх үеэр хэвлэлүүдэд мэдэгдсэн. Ингээд маргааш нь буюу 24-нд байнгын хорооны хуралдаанд ирсэнгүй. Саналын зөрүүтэй асуудал юунаас үүдэн гарч байгааг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанаас тодрууллаа.

-Та Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэлийг дэмжиж байна уу?

-Би хувьдаа дэмжиж байна. Энэ хуулийг хэлэлцэх явцад бүхий л үе шатанд оролцсон. Яг батлах болоод ирсэн чинь хэд хэдэн асуудал дээр саналын зөрүү гараад байна.

-Саналын зөрүүгээс болоод энэ хуулийг хойш тавиад байна гэж ойлгож болох уу. Ямар зүйл заалтаар санал зөрөлдөж байна вэ?

-Үнэн хэрэгтээ хуучин Эрүүгийн хууль бол нэлээд шүүмжлэл дагуулж байсан. Бид аль болох хуучин хуулийн согогтой талыг засаад, орчин үед нийцсэн, иргэн хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалсан хууль батлах гэж зорьж байна. Мөн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал энэ хуультай хамаатай байдаг юм. Тиймээс хянуур, намбай хандах ёстой л доо. Одоогийн байдлаар саналын зөрүүтэй асуудал гараад байна. Нэгдүгээрт, Тооцооны нэгж буюу нэгж гэдэг үгээр оруулсан заалт дээр санал зөрөлдсөн. Энэ нь тухайн үеийн валютын ханшаар гэмт хэргийн хор холбогдлыг тодорхойлж, хариуцлага тооцох тухай асуудал юм. Ингээд шийдээд ирэхээр хэрэг тус бүрийг алагчилсан, тухайн өдрийн үзэмжээр хандсан болчих гээд байгаа учраас болохгүй байна гэж үзээд байна. Хоёрдугаарт, Хуулийн этгээд буюу аж ахуй нэгжид хэрэг үүсгэх тухай асуудал дээр санал зөрөлдсөн. Манайд ийм туршлага байхгүй. Гадны улс оронд байдаг боловч зарим орнууд энэ заалтаа эргэж харж эхэлсэн. Гэтэл бид хэрэглээд эхлэхээр аж ахуй нэгжүүд нэгнийгээ дарах, нэр хүндийг нь сэвтээх, бизнесийг нь хаах нөхцөл байдал бий болчих вий гэсэн болгоомжлол байна. Тиймээс өргөн хүрээгээр нь биш экологийн зарим нэг гэмт хэрэг дээр ярьж болох талтай. Ер нь энэ заалтыг оруулбал ямар үр дагавар гарах вэ гэдгийг нарийн тооцох хэрэгтэй. Гуравдугаарт, Гэмт хэргийн ангилалгүй болж байгаад санал зөрөлдөж байна. Учир нь хүнд, хөнгөн, хүндэвтэр гэдэг ангилалыг байхгүй болгочихвол Эрүүгийн эрхийн ерөнхий онолтой харшилж байгаа юм. Тухайн гэмт хэрэгт үзэмжээр хандах нөхцөл бий болж, төлбөрөө төлсөн бол гэдэг заалтыг гол шалгуур болгоод мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс нь гэрийн хорио юм уу торгуулийн ял авдаг, мөнгөгүй хүмүүс ял сонсдог болчих юм биш үү гэж болгоомжлол байна. Ийм хэдэн заалтаас болоод том зөрүү үүссэн. Хэдийгээр санал зөрж байгаа ч эдгээр асуудалд нухацтай хандаж, санаа оноогоо хэлж, би аль болох явуулахын төлөө ажиллаж байна.

-Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд өмнөх ялын бодлоготой хуулиас харин ч дэвшилттэй заалтууд орсон юм биш үү?

-Дэвшилттэй заалт орсон. Тухайлбал, давтан хэрэг үйлдвэл хэт хүндрүүлээд явчихдаг тогтолцоог өөрчлөх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн иргэнд тэнэсэн харгалзах ял оноох эсвэл хүмүүжлийн байдлаас шалтгаалаад ял хойшлуулах асуудал нэлээд өргөн хүрээнд болж ирсэн. Энэ нь хүмүүсийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэм дотор нь харгалзаж, хүмүүжүүлэх заалт орсон. Үүнийг нааштай зүйл гэж үзэж байна.

Т.ДАВААНЯМ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment