2016/01/14

Эмэгтэйчүүдээс хэн нэр дэвших вэ?

Шинэ оны өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуульд УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх заалтыг суулгаж өгсөн юм. Ингэснээр энэ зун болох парламентын сонгуульд оролцох улс төрийн намууд эмэгтэйчүүддээ 30 хувийн квот олгохоор болж байгаа.

Шинэ хуульд тойргоос 48-ыг, жагсаалтаар 28-ыг сонгох хуучин хуучин тогтолцоог хэвээр үлдээсэн. Хэрэв намууд Сонгуулийн тухай хуульд зааснаар эмэгтэйчүүддээ 30 хувийн квот олгож чадах юм бол сонгуульд нэр дэвших 76 хүний 23 нь эмэгтэй хүн байна гэсэн үг.

Хэдийгээр тойргийн хуваарилалт албан ёсоор хийгдээгүй байгаа ч АН, МАН болон бусад нам хэнийг хаана нэр дэвшүүлэх, хэнийг жагсаалтад оруулахаа албан бусаар аль хэдийн тохиролцжээ.

2012 оны сонгуулиар АН-аас жагсаалтаар М.Батчимэг, Р.Бурмаа, МАН-аас Д.Сарангэрэл, ИЗНН-аас С.Оюун, МАХН-аас З.Баянсэлэнгэ нар УИХ-д сонгогдож, Д.Оюунхорол, Г.Уянга, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Д.Арвин нар тойргоос сонгогдсон юм.

Өнгөрсөн парламентын сонгуулиар жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүд дахин жагсаалтад бичигдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, М.Батчимэг, Р.Бурмаа, Д.Сарангэрэл, С.Оюун, З.Баянсэлэнгэ нарын жагсаалтаар сонгогдох боломж үүгээр дууссан гэсэн үг.

Сонгууль ойртохын хэрээр эмэгтэйчүүдийн идэвх сэргэснийг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгуульд 10 хүн өрсөлдөж байгаагаас харж болохоор. АЭХ-ны тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа Л.Нармандах, С.Одонтуяа, Г.Хажидмаа, Г.Байгальмаа, Л.Эрдэнэчимэг, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нарын хэн тэргүүн болсон нь ирэх сонгуульд жагсаалтад баараггүй багтах юм. АН-ын эмэгтэйчүүдийг хэн толгойлох вэ гэдэг ирэх Даваа гаригт болох холбооны хурлаар шийдэгдэнэ.

Ардчилсан намаас жагсаалтад бичигдэх эмэгтэйчүүдийн тоонд мөн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар багтаж байгаа. Хэн, хэн нь өмнөх сонгуулиар намдаа нэг суудал чирж ирсэн. Дээр нь З.Энхболдын фракцийнх. Ялангуяа Тавантолгойн асуудал дээр З.Энхболдын өгсөн даалгаврыг сайн биелүүлсэн хэмээн Л.Эрдэнэчимэг жагсаалтад бичигдэх эрхээр шагнуулах байх гэсэн таамаглал ч улс төрд хөвөрч байна.

Гэхдээ М.Батчимэг, Р.Бурмаа гээд өмнө УИХ-д өрсөлдөж байгаа хүмүүсийг Ардчилсан нам 2012 оны сонгуулиар жагсаалтад нэрийг нь багтааж байснаас харахад "битүү морь" ч гараад ирэх боломж бий.

М.Батчимэгийн хувьд Орхон аймгаас нэр дэвшихээ эртнээс зарласан. Тэгвэл С.Одонтуяа жагсаалтад бичигдэхгүй бол Баянголоос дахин нэр дэвших нь тодорхой. И.Нарантуяа өмнө нь Баянзүрхээс нэр дэвшээд өвдөг шороодсон. Гэхдээ тэрбээр дахин өрсөлдөхөөр Монголын хүүхдийн төлөө үндэсний газрын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.

Харин түүний амьдаа СЗХ-ны даргаар ажиллаж байсан З.Нарантуяа мөн л УИХ-ын сонгуульд өрсөлдөх бие халаалтаа хийж байгаа. Түүнийг З.Энхболдын хүн гэдэг утгаараа жагсаалтад бичигдэж магадгүй гэсэн яриа АН дотор байна.

Алтангадас фракцийнхан Г.Ургамалцэцэгээ парламентын сонгуульд сойхоор бэлтгэж байна. Түүнд АН-аас ямар ч байсан нэг тойрог өгөх нь тодорхой гэх. Тэгвэл МоАХ-аас Л.Эрдэнэчимэгээс гадна Г.Байгалмааг УИХ-д сойхоор төлөвлөөд байгаа бололтой. Л.Эрдэнэчимэг жагсаалтад бичигдэж чадахгүй бол тэрбээр Сонгинохайрханаас дахин нэр дэвших бэлтгэлээ эхлүүлээд байгаа гэх. МАН-аас УИХ-д сонгогдсоныхаа дараахан Ардчилсан намд элссэн Д.Арвины улс төрийн карьер үүгээр өндөрлөж байгаа бололтой. Түүнийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй харин Элчин сайдаар явуулах тохироо хийгдсэн гэсэн мэдээлэл ч улс төрийн хүрээнээс сонсогдох болсоор удаж байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн хувьд улс төрөөс завсарлага авахаа мэдэгдсэн нь олон хүний сэтгэлийг гонсойлгоод байгаа аж. АН доторх эрүүлээр сэтгэдэг, шударга, боловсролтой, бие даасан гэгддэг түүний хувьд сонгуульд нэр дэвшихгүй гэсэн мэдээллийг нь өрсөлдөгчдөд нь баярлаж, дэмжигчид нь гонсойж хүлээн авсан нь лав. АН-аас Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин Б.Энхбайгаль энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээ зарлаад байгаа юм.

МАН-ын намаас нэр дэвших, жагсаалтад бичигдэх эмэгтэйчүүдийн нэрс мөн хэдийнэ тодорчээ.

Завхан аймгаас дөрвөн удаа парламентад сонгогдож, дөрвөн удаа намдаа суудал авч ирсэн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай улстөрч Д.Оюунхорол намынхаа жагсаалтын айргийн тавд бичигдэх болов уу. Жагсаалтаар дээгүүр бичигдэх амжилт түүнд бий. Өөрөөр хэлбэл, Ардын нам жагсаалтад бичигдэх гишүүдээ амжилт, нэр хүндээр нь эрэмбэлэхээр тохиролцжээ.

Түүний дараа НАМЭХ-ны тэргүүн Ж.Цогзолмааг жагсаалтад бичигдэнэ гэсэн яриа ч гарах болсон. Гэхдээ өнгөрсөн оны сонгуулиар Сүхбаатар дүүрэгт өвдөг шороодсон нь түүнд хасах оноо авчирч таараа.

"Бишрэлт" группийн эзэн Б.Ундармаа 2008 онд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд өвдөг шороодсон. 2012 оны сонгуульд намынхаа жагсаалтад бичигдсэн ч УИХ-д орж чадаагүй. Тэрбээр энэ удаагийн сонгуульд Дорнодоос нэр дэвшихээр марафоноо эхлүүлээд байгаа бололтой.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Б.Саранчимэг намын жагсаалтад бичигдэх магадлал өндөр хүний тоонд багтаж байгаа. Түүнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар маш сайн ажилласан гэж олон хүн дүгнэдэг. Хэрэв жагсаалтын дээгүүрт бичигдэж чадахгүй бол тойргоос, тодруулбал, Баянзүрх дүүргээс нэр дэвших төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Б.Булгантуяа намын жагсаалтад бичигдэх хүний тоонд оржээ.

Ардын нам өнгөрсөн парламентын сонгуулиар жагсаалтад бичигдсэн хүмүүсийн эхний 10 дотор эмэгтэйчүүдээ багтаагаагүйгээс багагүй хэл аманд орсон. Энэ удаад эхний 10-т ядаж хоёр ч эмэгтэй багтаах болов уу горьдлого эмэгтэйчүүдийнх нь дунд байна. "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин ирэх 2016 онд аль нэг дүүргээс нэр дэвшихээр төлөвлөж байсан ч, өнгөрсөн долоо хоногт цацагдсан бичлэгээс болоод төлөвлөгөө нь бүтэлгүйтэж магадгүй болчихоод байгаа гэх.

МАХН-аас Н.Энхбаярын гэргий О.Цолмон ирэх сонгуулиар жагсаалтад бичигдэж магадгүй гэсэн яриа байна. Энэ удаад З.Баянсэлэнгэ Чингэлтэйд нэр дэвшихээр бэлтгэлээ эхлүүлжээ.
Харин УИХ-ын гишүүн Г.Уянга дахин Чингэлтэйдээ нэр дэвшихээр төлөвлөжээ. Гэхдээ яг аль намаас нэр дэвших нь тодорхойгүй байгаа. Түүнийг удахгүй ХҮН-д элсэнэ гэсэн мэдээлэл бий.

Энэ мэтээр Сонгуулийн тухай хуульд заасан 30 квотын эрхээ эдлэхээр эмэгтэйчүүдийн улс төрийн идэвх ид сэргэж байна.

Ж.ЭРХЭС

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment