2016/01/13

Хүү бага тусмаа банкуудад сайн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэ нь ипотекийн зээлийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг үргэлжлүүлэх зорилготой төсөл юм. УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын санаачлан боловсруулсан энэхүү хуулийн төсөлд зээлдэгч нь орон сууцаа худалдах, шилжүүлэх бол барьцаалагчийн зөвшөөрөл авахаар, харин түрээслүүлэх, хөлслүүлэхэд барьцаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзсэн.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Мөнгө төлсөн хүн хөгжмөө захиалдаг гэдэг шиг банкууд зээлдэгч нарыг маш хүнд байдалд оруулдаг. Зээлийн үндсэн төлбөр нь хасагддаггүй. Ер нь байр зээлээр авсан хүн нь өмчлөгч юм уу, банк өмчлөгч юм уу. Ойлгомжгүй асуудал явж байгаад унасан, Цэц зөв шийдсэн. Банк зээлээ өгөөд явна биз. Өөрчлөх шалтгаан юу байсан гэж үзэв?

Төсөл санаачилсан, УИХ-ын гишүүн Д.Ганбат: Иргэн өмчтэй болох гэж байна. Зээл нь банкны ч мөнгө биш цаана нь хадгаламж эзэмшигч байгаа. Зуучлагчийн үүрэг л гүйцэтгэдэг. Гол харилцаа бол өмчтэй байж санхүүгийн харилцаанд ордог.

2013 оноос 8 хувийн зээл бий болсноор олон айл орон сууцанд орсон. Цэц гаргасан шийдвэр нөлөөлөхгүй гэж байгаа ч амьдралд нөлөөлсөн. Банкинд барьцаалсан барьцаа нь эрсдэл үүсгэж байгаа.

Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: Барьцаа бол аль болох олгогдсон зээлийг буцаан төлүүлэхэд нөлөөлөх нөлөөлөл.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Д.Ганбат гишүүн ээ, би таниас мөнгө зээлж аваад байшин худалдаад авчихлаа. Ямар аргаар мөнгөө төлөх нь миний эрх. Өмчийнх нь эрхэнд халдаад байгаа юм биш үү. Би таниас мөнгө зээлсний төлөө боол болж байна, үндсэн зээлээс нь хасагдахгүй явсаар байгаад?

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хөлслөх, түрээслэхээ банкнаас асуухгүйгээр иргэн мэднэ. Тэтгэврийн нөөц сангийн хууль батлагдвал даатгуулагчийн мөнгө болно. Цаад хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалаад энэ хэвээр үлдвэл 2-3 хоногийн дотор мөнгөө татан авах нөхцөл үүсэх гээд байгаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн заалт нь иргэн үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхтэй. Нэг талдаа тухайн хүний өмч гэж хэлж болохгүй. Барьцаанд үл хөдлөх хөрөнгөө тавиад орон сууцтай эсвэл байшинтай болж байгаа. Байгуулсан гэрээгээр төлбөрөө төлж үүргээ гүйцэтгэж байж өмч хөрөнгө нь шударгаар шилжиж байгаа. Тийм учраас 2 талтай харилцаа. Зээлдэгч, зээлдүүлэгч гэдэг хоёр субьект өмчтэй байх эрхийн асуудал. Эдийн засгийн маш чухал асуудал. Энэ дээр суурилж ипотекийн дараа дараагийн асуудал босч ирнэ. Ийм энгийн ойлголт. Иргэд хүүндээ дарлуулж байна гэдэг манай банк санхүүгийн тогтолцоо зээл, хүүгийн тогтолцоо.

Үүнийг зохицуулахын тулд ипотекийн зээлээ унагаж болохгүй. Хүү нь ямар байх гэдэг нь тусдаа асуудал. Тийм учраас 8 хувийг 5 хувь болгоё гэж ярьж байна. Ипотекийн зээлийг бий болгохын тулд энэ хууль маш чухал. О.Баасанхүү гишүүн ээ та мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулиа унш.

З.Энхболд: Мөнгөө төлж дуусч байж өмчлөгч болдог. 20 жилийн хугацаатай үргэлжилж байна, энэ харилцаа.

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ: Маргаад байх асуудал биш, нийгэмд үүссэн асуудлаа мэдэж байгаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор арилжааны банкууд зээлээ зогсоосон. Яаж ипотекийн зээлийг үргэлжлүүлж явуулах вэ, гарц нь Иргэний хуульдаа, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулъя гэдэг хуулийн гаргалгаан дээр очсон. Арилжааны банк дээр ямар асуудал үүсэх вэ гэхээр барьцаа нь хөдөлгөөнд орох нөхцөл бүрдлээ гэж үзэж байгаа. Өөр хүнд давхар барьцаалах, бэлэглэх, худалдах нөхцөл үүсч байна. Хөдөлгөөнд орчихвол банк яаж ипотекийн зээлийг өгөх вэ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Зээлээ төлөх хугацаа нь урт хугацаанд үргэлжилж байгаа учраас зөвхөн нэг талын эрх ашиг хангагдаж байж таарахгүй. Тэгэхээр хоёр асуулт байна. Энэ хууль гарснаар хөнгөлөлттэй зээл үргэлжлэх боломжтой гэж үзэж байна уу. Харилцаанд оролцогч байгууллагууд энэ тал дээр ямар байр суурьтай байна. Моргейжийн зээлийн хүүг дундажлаад авч үзвэл дэлхийн бусад оронд 2 хувь ч хүрэхгүй, хөгжилтэй орнууд 0.02 хувь байгаа. Одоо харин 5 хувиас ч буруулах боломжтой. Энэ тал дээр харилцаанд оролцогч байгууллагууд саналаа хэлбэл сайн байна.

Зээлийн нөхцөл сайжирснаар орон сууцны эрэлт ихэсдэг. Энэ тохиолдолд үнэ өсдөг. Энэ чиглэлд ямар ажил зохион байгуулах вэ?

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хууль эрх зүйн орчин байхгүй болсон, Цэцээс гаргасан шийдвэрийн дагуу. Цэц 8 хувьтай холбоогүй гэж байгаа. Зах зээлийн нийгэмд бүх юм үнэтэй. Тэгэхээр гол юм нь барьцаа. Ипотек бол хамгийн найдвартай банкны бүтээгдэхүүн. Нөгөө талаас залуу нас хамаг юмаа барьцаалаад харилцаанд орж байгаа, гайхах зүйл байхгүй.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон: Банкууд зээл олгохдоо 8 хувийн ипотекийн тухай яриагүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх зээлд энэ хамаарч байгаа. Банк барьцаа авах, барьцаалуулагч өмчлөгчөө өмчлөхөд ямар нэг өөрчлөлт ороогүй. Зөвхөн банкнаас зөвшөөрөл авдаг байсныг хүчингүй болгосон. Барьцааны зүйл нь хаана явж байгаа, вэ гэдэгт хяналт тавихгүйгээр банкны хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадахгүй. Түрээслэх, ашиглах үйл ажиллагаан дээр зөвшөөрөл авдаг байсныг болиулж, зөвхөн гуравдагч этгээдийн өмчлөлд шилжихэд зөвшөөрөл аваач ээ гэдэг өөрчлөлт орсон.

Энэ хууль батлагдсан нөхцөлд банкууд зээл олгоход асуудалгүй. Шийдвэр нь гарчихсан 70 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл бэлэн байна.  Ипотекийн зээлийн хүү бага байх тусмаа банкуудад сайн. 10, 20 жилийн хугацаатай эх үүсвэр байдаггүй учраас арилжааны банкууд нь Монголбанкны эх үүсвэрийг ашиглаж, энэ үйл ажиллагааг 2013 оноос эхлэн явуулж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Үндсэн хуулийн цэц иргэдийн төлөө шийдвэрээ гаргасан. Цэц рүү ямар их дайрч байна вэ. Цэцийн дээр Ардчилсан намынхан гарчихсан юм байна. Зээлдэгч, зээлдүүлэгч хоёрт ижил тэгш эрх байдаггүй, байгалиасаа. Энэ үед төрөөс зохицуулалт хийж өмч хөрөнгөө хамаагүй хямд үнээр битгий алдаарай гэдэг эрхийг л хангаж өгөх ёстой. Түрээслэх, хөлслөхөд барьцаа ямар ч хамаагүй.

Банкуудын хөлсний бууны нохой болчихож. Зээл өгөхдөө мөнгөн хөрөнгийн урсгал дээр, зах зээлийн тэлэлт дээр, инноваци дээр нь зээл өгдөг. Банкуудаа одоо ломбард гэж нэрлэцгээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment