2016/01/13

Улс төрийн намууд хаанаас санхүүжих вэ?

УИХ-аар Улс төрийн намын тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцэж эхлээд байна.

Төрийн дээр гарсан намыг төвшинд нь авчирч, бодлогын нам болгон өөрчилж, төлөвшүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төсөл онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж хууль тогтоогчид үзэж буй. Нөгөө талаас улс төрийн намыг бизнесийн нөлөөллөөс гаргахад санхүүжилтийн тогтолцоог зөв бүрдүүлж өгөх нь чухал байгаа. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөгийн хуулиар парламентад суудалтай нам нь суудлынхаа тоогоор улсын төсвөөс санхүүжилт авдаг. Өөрөөр хэлбэл, парламентад суудалгүй намууд нь цэвэр гишүүний татвар, хувь хүн, хуулийн этгээдийн хандиваар санхүүжилтээ босгож үйл ажиллагаа явуулж буй.

Харин дээрх төсөлд улс төрийн нам нь дараах эх үүсвэрээс санхүүжихээр заажээ. Үүнд УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нам УИХ-д суудал аваагүй байлаа ч 1 хувийн босгыг давсан бол төсвөөс санхүүжилт авахаар болж, тусгажээ. Ингэхдээ 90 мянга хүртэлх хүчинтэй нэг санал тутамд 2000 төгрөгийн, 90001-ээс дээшхи хүчинтэй нэг санал тутамд 1500 төгрөгийн санхүүжилт олгох юм байна.

Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэгийн тайлбарлаж байгаагаар дээрх жишгээр тооцож үзэхэд улс төрийн намуудын төсвөөс авах санхүүжилтийн хэмжээ буурна. 2005-2012 он хүртэл улсын төсвөөс нэг нам дунджаар 2.3 тэрбум орчим төгрөг авсан байдаг бол дээрх хууль батлагдсан нөхцөлд 1.3 тэрбум төгрөг болж буурах ажээ.

Төсөлд улс төрийн намын санхүүжилтээ босгох эх үүсвэр нь шинжлэх ухааны бүтээлээ худалдан борлуулснаас олох орлого байж болно. Улс төрийн нам нь дэргэдээ судалгааны байгууллагатай байхыг зааж өгч буй. Нэг ёсны намын дэргэдэх судалгааны байгууллагаар дамжиж, улс орныг хөгжүүлэх бодлого боловсрогдоно.  Түүгээрээ намууд хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ үр ашигтай бүтээлүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө босгон буцаан үйл ажиллагаагаа эрхлэхэд ашиглаж болох нь. Үүнийг хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрч байна.

Мөн намын өмчлөлд байх үл хөдлөх хөрөнгө болон түүнийг худалдан борлуулсны, түрээсэлсэнээс олох орлогоос санхүүжилтийн тодорхой хувиа тус бүр "босгох" боломжтой.

Санхүүжилтийг босгох гурав дахь эх үүсвэр нь намын гишүүний татвар, мөн сонгуульт гишүүний татвар, дэмжигч гишүүний татвар байж болно. Эдгээр гурван субьектээс дэмжигч гишүүний татварыг хуулиар хатуу зохицуулахгүй. Нам нь өөрийн дүрмэндээ яаж заахаас хамаарах аж. Нэг ёсны дэмжигч гишүүнээс татвар авахгүй гэвэл түүнийгээ мөрдөнө, авна гэвэл болохгүй гэх зүйлгүй.

Хандив байж болно, энэ нь иргэний, хуулийн этгээдийн хандив байж болно. Гэхдээ энэхүү хандив нь Сонгуулийн ерөнхий хорооны хараанд байх тухайн улс төрийн намын дансанд орж ирэхээр зааж өгчээ. Ийн заасан нь улс төрийн намыг бизнесийн нөлөөллөөс аль болох хол байлгах, нөгөө талдаа хараа хяналттай байлгах зорилгоор хийсэн зохицуулалт бололтой.

Гол нь энэ хуулийн зохицуулалтаар намуудын данс шилэн болно. Санхүүгийн тайланг нь Сонгуулийн ерөнхий хороо, Аудитын байгууллага давхар хянана. Буруу тайлагнасан, зөрчил гаргасан бол тухайн улс төрийн намыг татан буулгах хүртэл арга хэмжээ авах зохицуулалттай.

Улс төрийн намуудын санхүүгийн тайлан шилэн болсноор татвар төлөгчдийн мөнгийг хэр оновчтой зарцуулж байна вэ гэдэг нь ил тод болно. Хандив өгсөн хувь хүн, хуулийн этгээдээс гадна намын гишүүд нь дэмжигчид нь, цаашлаад олон нийт "Шилэн данс"-аар нь дамжуулж төрийн байгууллагынхны орлого, зарлага гүйлгээ юунд зарцуулсан бэ гэдгийг бүгдийг мэдэж болдог шиг тогтолцоо бүрдэх юм.

Нөгөө талаас онцолж тодруулах нэг зүйл нь орон нутгийн засаг захиргаад жишээ нь, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төлөөлөгчиддөө 5-20 сая төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргадгыг дээрх төслөөр хориглоод байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас гаргасан энэ төрлийн мөнгөн урамшуулал олон нийтээс хамгийн их шүүмжлэл хүлээж ирсэн. Одоо тэгвэл энэ асуудлыг хуулиар хаалт тавих нь.

Улс төрийн намын тухай хуулийг дэмжих үү?

Энэ сэдвээр гишүүд дараах байр суурь илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Л.Цог: Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн явдал нь Үндсэн хуулийн нэмэлтийн хэмжээнд ойлгож, ач холбогдол өгч байгаа. Өнгөрсөн 24 жил явсан улс төрийн тогтолцоонд хамгийн их хутгалддаг хэрнээ ямар ч хариуцлага хүлээдэггүй субьект бол нам. Төр бол нам биш, нам бол төр биш. Нам бол төрийн бус байгууллага. Засгийн эрхийн төлөө зохион байгуулалттай бодлогоо илэрхийлж тэр бодлогыг чирч явах хүнийг тодорхойлдог учраас Улсын Дээд Шүүх бүртгэдэг. Нэг намын удирдан чиглүүлэх жолоодох ролийг Үндсэн хуулиас хассан. 1992 оны Үндсэн хуулинд олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн парламенттай болсон. Өөрөөр хэлбэл, олон үзэл бодол цаана нь уралдаад Монголыг авч явах үзлүүдийг тал талаас нь яриад уралдана гэсэн ийм л энгийн ойлголт байсан. Тэгтэл уралдаж байгаа субьект нь төрийнхөө дээр гараад зайдлаад суучихсан нь нууц биш. Энийг жигдлэх цэгцлэх субьект орж ирсэн гэж найдаж байна.

Одоо харин аль хэмжээнд хүртэл төрийн юманд хутгалдах вэ гэдэг заагийг хийж өгөх. Ингэхгүй бол өвөр түрийндээ орчихсон байгаа нь зовлон боллоо. Бид одоо дараагийн 25 жилд улс төрийг авч явах субьектийн тухай ярьж байна. Шийдэл нь боломжийн юмнууд байна. Их чухал юм хөндсөн байна. Асуудал үүсгээд байгаа юмныхаа хязгаар заагийг сайн заасан бол тулгамдсан асуудлаас гарна. 1992 оны Үндсэн хуульд хийсэн долоон өөрчлөлт нь төрийн дээр нам гарах тогтолцоог бий болгосон. Бүх юм намаар явдаг болсон. Одоо цэгцлэх ёстой. Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн М.Батчимэг: Энэ УИХ байгуулагдахаас ч өмнө Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулж ирсэн хууль. Баталж чадах юм бол дөрвөн жилд хийж байгаа реформын нэг болно. Тал талаас зөвшилцлөөр батлах. Сайн хууль гаргахад УИХ анхаарах ёстой. Монголын нийгэмд тулгамдаад байгаа, шийдэх ёстой асуудал бол улс төр, бизнес, төрийн алба гурвыг зааглах. Харилцан уялдаатай хамтарч ажиллах, чиг үүрэг нь салангид байх асуудал тодорхой болох ёстой. Энэ хуулиар хийж чадвал чухал.

Улс төрийн нам нэгэнт сонгуульд оролцоод төрд ажиллах хүнээ томилоод явуулсан бол төрийн албан ёсны институцид очсон нь эрх мэдлээ хэрэгжүүлдэг бүтэц рүү орох ёстой. УИХ-д байгаа намын бүлэг бүрэн эрхээ хэрэгжүүлээд явдаг. Энэ хуулиар Улс төрийн нам бодлогын байгууллага болох, улс төрийн албан тушаалтанг бэлтгэдэг, төр ард түмнийг холбодог гүүр энэ институцийг хангаж өгөх ёстой. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Улс төрийн намыг парламентад буюу  төрийн албанд ороод ирэхэд нь санхүүжилтийн хамгийн сайн практикийг авч, маш их мөнгө өгдөг юм билээ гэсэн ойлголт төрүүлэх биш, улс төрийн намыг авлигад өртүүлэхгүй байх санхүүжилтийн тогтолцоог бий болгож өгөх нь энэ хуулийн ач холбогдол.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Аль болох цаг алдалгүй батлах ёстой. Энэ парламентын хийх ёстой зайлшгүй ажлын нэг нь Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт. Парламентат засаглалтай улс сонгуульд намаа дэмжиж оролцдог жаягтай. Үүнээс бид хаашаа ч гарахгүй. 76 бие даагч парламентад ороод ирвэл шуудайд хийсэн үхрийн эвэр шиг төр засгаа байгуулж чадахгүй болно. Нөгөө талдаа бид намын ойлголтыг зөв болгох ёстой. Мал дагавал ам тосдоно гэдэг байсан бол нам дагавал албан тушаал дэвшинэ гэдэг болоод байна. Намд ороход босго өндөртэй болох хэрэгтэй байгаа. Биеэ засаад гэрээ зассан нь улс төрөө засдаг тогтолцоо хэрэгтэй байна. Төрийн төлөө өөрийгөө зольдог болох хэрэгтэй. Энэ хуулийг эсэргүүцэж байгаа МАН хуучнаараа яваад байхыг хүсч байна.

Г.ДАРЬ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment