2016/01/12

Б.Чимидийн нэрэмжит шагналыг И.Дашням хүртлээ

Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэхүү түхт өдөр Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай. Уламжлал ёсоор нэр хүндтэй шагналыг хуульч И. Дашням хүртжээ. УИХ-ын дарга З.Энхболд шагналыг гардуулсан юм. Тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр хэлэхдээ:

-Та бүхэнд Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Өнгөрсөн онд Улсын Их Хурлын даргын захирамжаар Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг бий болгож анхны шагналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хүртсэн билээ. Энэхүү шагнал нь судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлүүдийг хөхиүлэн шагнах зорилготой юм.

Бид өнөөдөр Бяраагийн Чимидийн нэрэмжит хоёр дахь шагналыг Монгол Улсын Гавьяат хуульч Ишийн Дашнямын "Монгол улсын төр, эрх зүйн түүх" хэмээх хоёр боть төр, эрх зүйн түүхийн цогц бүтээлд олгож байна.

И.Дашням гуай 1971 оноос өнөөдрийг хүртэл МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, Улаанбаатар-Эрдэм дээд сургуульд 40 гаруй жил ажиллахдаа Төр эх зүйн онол, философи, түүх, үндсэн хууль судлал, үндэсний эрх зүйн судалгаа, шинжилгээний ажилд хүчээ сорьж, 3000 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвин хэвлүүлж, 9000 гаруй хүний бакалавр, магистр, докторын ажлыг удирдаж, 20 гаруй гавьяат хуульч, 30 гаруй эрдэмтэн докторыг "төрүүлсэн" монголын нэртэй эрдэмтэн судлаачдын нэг юм.

Түүний туурвисан энэхүү хоёр боть бүтээл нь төрийн удирдлагын хэлбэр, төрийн тэргүүнийг өргөмжлөх ёс жаяг, улс төрийн дэглэм, төр барих эрх мэдэл түүний хэмжээ хязгаар, баримтах зарчим, ёс зүй, төрийн дээд, төв байгууллагын тогтолцоо, бүтэц, эрх үүрэг, төрийн дотоод гадаад бодлого, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь зэрэг өргөн хүрээг хамарсан цогц бүтээл. Тийм учраас сонгон шалгаруулах комиссын үнэлгээг үндэслэн УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэхүү бүтээлд Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг олгож байгаа юм.

Та цаашид үнэ цэнэтэй томоохон бүтээл туурвихын зэрэгцээ парламент судлал, үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх залуу хойч үеээ бэлтгэх үйлсдээ их амжилт гаргана гэдэгт итгэж байна.

Танд болон таны гэр бүл үр хүүхдэд эрүүл энх, аз жаргалын дээдийг ерөөж энэхүү хүндтэй шагналыг гардууллаа гэсэн юм.

А.АМАР

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment