2016/03/13

Төрийн мэдээлэл сэтгүүлийн 25 жилийн ой тохиож байна

"Төрийн мэдээлэл" сэтгүүл гаргах тухай захирамжийг 1991 онд БНМАУ-ын Бага Хурлын дарга гаргаж байжээ. Үүнээс хойш тасралтгүй хэвлэгдэн гарч байгаа төдийгүй өнөөдөр 25 жилийн ой тохиож байна.

1991 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн  18 тоот захирамжаар "Төрийн мэдээлэл"  сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын хэлтсээс эрхлэн сар тутам гаргаж байхаар захирамжилжээ. Мөн сэтгүүлийн анхны дугаарыг туршилтын журмаар 10000 ширхэг хэвлүүлж, түүнийг мэдээлэх зорилгоор 5000-ыг нь Ардын Их Хурлын депутат, Бага Хурлын гишүүд, улс, нам, олон нийт, хоршооллын төв байгууллагууд, номын сангуудад жагсаалтаар үнэгүй тарааж, үлдсэн хэсгийг холбоо, номын худалдааны байгууллагуудаар дамжуулан худалдахаар шийдвэрлэсэн байна. Түүнээс гадна сэтгүүлийг 1991 оны 3 дугаар улирлаас нийтийн захиалгад оруулах арга хэмжээ авахыг даалгаж байжээ.

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн анхны дугаарт, БНМАУ-ын Албан татварын хууль, БНМАУ-ын Ерөнхийлөгчийн тухай, БНМАУ-ын Бага Хурлын тухай, БНМАУ-ын Засгийн газрын тухай зэрэг хууль болон Бага Хурлын тогтоол,  Ерөнхийлөгчийн зарлиг, Монголын парламентын бүлгэмийн ажлын айлчлалын тухай албан мэдээ тус тус нийтэлсэн байна.

Тэр үед БНМАУ-ын Ерөнхийлөгч Улсын Бага Хурлаас баталсан хуулийг зөвшөөрөн батламжилдаг байв. Ийнхүү зарим хууль батламжлах тухай Ерөнхийлөгчийн батламжийг эмхэтгэлийн анхны дугаарт нийтэлж байжээ. Тэр үед эмхэтгэлийн нэг дугаарын үнэ 4 төгрөг байсан аж.

Т.НОМИН

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment