2016/03/01

3 хүний 2 нь санал өгөх эрхтэй

Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Бүртгэл, статистикийн ерөнхий газрын холбогдох хүмүүс сонгуулийн бэлтгэл ажил болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


 Нам эвсэл болоод нэр дэвшигч тус тусдаа зардлын тайлан гаргана 

Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг хоёрдугаар сарын 29-нд тогтоосон. Ингэхдээ нам эвсэл болоод нэр дэвшигч тус бүрт нь зардлын дээд хэмжээг тогтоож өгсөн юм. Тиймээс зардлын тайлангаа хэрхэн гаргах, 2012 оны зардлын дээд хэмжээнээс яагаад буурсан талаар Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяагаас тодрууллаа.

"Үндэсний аудитын газраас  /ҮАГ/ нам эвслийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3,4 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Харин нэр дэвшигчдийн хувьд тусдаа байхаар зардлын дээд хэмжээг тогтоож өгсөн. Ингэхдээ тухайн тойргийн хүн ам, газар нутгийн хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх юм. Орон нутгийн ИТХ-ын зардлын дээд хэмжээг сонгууль болохоос 90 хоногийн өмнө тогтоох ёстой. Тиймээс орон нутгийн аудитын байгууллага сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох ажлыг зохион байгуулж байна" гэсэн юм. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.     

-Энэ жил нам эвслийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ гурав дахин буурсан байна. Ингэж буурах болсон шалтгаан нь юу вэ?

-2012 оны зардлын дээд хэмжээнээс буурсан. Учир нь 2012 онд сонгуулийн сурталчилгааг 35 хоног хийдэг байсан. Харин саяхан баталсан Сонгуулийн тухай хуульд зааснаар 18 хоног хийх заалттай болсон. Мөн зардал бууруулах болсон шалтгаан нь телевизийн эфирээр сонгуулийн сурталчилгаа явуулах хязгаарыг багасгаж өдөрт 60 минут байхаар хуульчилж өгсөн. Ухуулагч нарыг сайн дураар ажиллуулах, харин үйл ажиллагааны зардлыг тооцож оруулахаар болсон зэрэг нь нөлөөлж байна.

-Зардлын дээд хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Сонгуулийн зардалд хяналт тавих үүргийг ҮАГ хариуцаж байна. Сонгууль болсноос хойш нам, эсвэл, нэр дэвшигчид зардлын тайлангаа СЕХ-нд ирүүлэх ёстой. СЕХ тайланг хүлээж аваад ҮАГ-т ирүүлснээс хойш 90 хоногийн дотор аудит хийж баталгаажуулна. Хэрэв зардлын дээд хэмжээ хэтрүүлсэн байвал хуулийн дагуу арга хэмжээ авна.

Нам эвсэл 2016 оны сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ


www.burtgel.gov.mn сайтад сонгогч тус бүрийн мэдээллийг байршуулсан

Харин сонгууль өгөх насанд хүрсэн иргэдийн бүртгэлийн талаар Бүртгэл статистикийн ерөнхий газрын дэд дарга Ц.Пүрэвдорж товчхон мэдээлэл өглөө.

Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан. Сонгогч дээрх цахим хуудсанд хандаад өөрийнхөө регистрийн дугаарыг хийгээд ороход цахим код өгнө. Тэрхүү кодыг хийгээд өөрийнхөө мэдээлэл үнэн бодитой эсэхэд хяналт тавих боломжтой болсон. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой. Мөн манай байгууллагын лавлах утас 1800 1890 утас руу залгаж зөвлөгөө авах боломжтой. Санал өгөх насны 2 сая 4 мянга 48 иргэн байна гэсэн урьдчилсан дүн гарсан. Гэхдээ энэ тоо тодорхой хэмжээгээр хэлбэлзэж болно. Шилжилт хөдөлгөөнийг санал авахаас 60 хоногийн өмнө зогсооно. Тодруулбал дөрөвдүгээр сарын 30 гэхэд шилжилт хөдөлгөөн зогссон байна. Сонгуулийн хэсгийн хувьд 2091 хэсэг 21 аймаг 9 дүүрэг 332 суманд одоогоор байгуулагдсан байна.

2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ

Т.ДАВААНЯМ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment