2016/03/09

“Ипотекийн зээлийн гэрээг хийсэн” гэв

Өнөөдрийн "Сайдын цаг" уулзалтад Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо.

Өнөөдөр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал болон арилжааны банкуудтай ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ талаар онцолж "Сайдын цаг" уулзалтад мэдээлэл хийлээ.

Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээллийн эхэнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд ипотекийн зээл хэрэгжсэнээр 77 мянга орчим  айл өрх орон сууцны зээлд хамрагдаж, Нийслэл хотын хэмжээнд утааны асуудлаас эхлээд олон эерэг өөрчлөлтүүдийг авчирч чадсан гэдгийг онцоллоо.  Тэрээр "Ипотекийн зээлийн төлбөрийн үр дүнд бий болсон үнэт цаасаар баталгаажсан мөнгөн хуримтлалыг Монголын төрөөс ирээдүйн Тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хүрээнд эргэлтэд оруулж, зээлийн хүүг буулгах ажлыг эхлүүлж байна гэлээ.   

Монголын төрөөс нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сан дээр төвлөрүүлэх ёстой 10 гаруй их наядын төлбөр байгаа. Уг төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийг өнгөрсөн долоо хоногт Тэтгэврийн даатгалын санд шилжүүлсэн. Ингэснээр 20 гаруй жилийн турш бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй ирээдүй тэтгэврийн даатгалын санд албан ёсоор мөнгө байршиж байна гэсэн үг. Энэ мөнгөн хуримтлалыг ипотекийн зээлийг хүүг бууруулах замаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажилд зарцуулах шийдвэрийг  засгийн газар гаргасан.

Ингэснээр 2030 он хүртэл ирээдүйн Тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн дагуу уг сан ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг  хариуцах үүрэгтэйгээр ажиллах боломж нээгдэж байна.  Энэ сангийн мөнгөн хуримтлал зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй өөр бусад улс оронд ашигтай томоохон хөтөлбөрүүдэд зарцуулагдана гэж мэдэгдлээ.


Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Ипотекийн зээлийн хүүг таван хувь руу оруулсан нь эрсдэлтэй хэмээн зарим судлаачид шүүмжилж байгаа. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Өнөөдөр өмнөх онуудтай харьцуулахад инфляци 2 хувьтай байна. Энэ нь бодлогын хүүг бууруулах тааламжтай орчин болж байна. Мөн гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх боломж байна. Тиймээс эхлээд шууд хөрөнгө оруулалтууд хараахан орж ирээгүй, улсын гүйцэтгэл 100 хувь гарч амжаагүй байгаа энэ үед найман хувийг таван руу шилжүүлэх үе шатыг хоёр хэсэгт ангилж байгаа юм. Эхний удаад алслагдсан дүүрэг, 21 аймагт баригдсан орон сууцны хөтөлбөрийг хамруулахаар тусгасан. Монголбанк, Сангийн яам, салбар яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж үзсэн. Ингээд "Хэрэгжих бүрэн боломжтой" гэж үзсэн учраас хамтарсан шийдвэр гаргаад байна. Дөнгөж сая Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрыг төлөөлж миний бие, мөн арилжааны банкуудтай ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

-Тэтгэврийн даатгалын сангийн ашгийн тооцоолол яаж гарсан бэ?

-Одоогоор бүрдээд байгаа хуримтлал 1,8 их наяд орчим төгрөг байна. Цаашид ипотекийн зээл авч байгаа иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр үр өгөөж нь нэмэгдэнэ. Хоёрдугаарт, жилдээ 250-300 тэрбум төгрөгийн хүүгийн орлого орж ирэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь тэтгэврийн даатгалын санд бодит орлого болно. Ер нь 2030 он гэхэд Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлал 8-9 их наяд орчим болно гэж тооцоолж байна.

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэг хэзээ таван хувь руу шилжих вэ?

-Улсын төсвийн гүйцэтгэл 100 хувь гараад, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирээд, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр шийдэгдээд эхлэх юм бол төвийн дүүргүүд таван хувь руу шилжинэ. Энэ онд багтааж шийдэх зорилт тавьж байна.

-Тэтгэврийн даатгалын сангийн үлдэгдэл одоогоор ямар байдалтай байна вэ?

-Нийгмийн даатгалын таван төрлийн сан байдаг. Эрүүл мэндийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, үйлдвэрлэлийн ослын даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан гэсэн сан байдаг. Өнөөдөр огт үлдэгдэлгүй байдаг сан бол Тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан юм. Ямар ч хуримтлал үүсгэх боломж байдаггүй. Яагаад гэвэл өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэний шимтгэлээр тэтгэвэр олгодог. Өөрөөр хэлбэл өнөөдөр шимтгэл төлж иргэдийн шимтгэлээр тэтгэвэр тавьж байна. Нөгөө нэг хэсэг нь төсвөөс шууд тэтгэврийг нь хариуцдаг юм. Мөнгөн дүнгээр бол сардаа 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр олгож байна. Жилээр нь авч үзвэл 1,4-1,6 их наяд төгрөгийн тэтгэвэр олгодог. Ийм байхад тус санг бүрдүүлнэ гэдэг амаргүй. Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд 1,4 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 1,6 их наяд төгрөгийн зарлага гаргасан. Үүний зөрүүг төсвөөс олгож байгаа юм. Гэтэл иргэд тэтгэврийн даатгалын сан асар их мөнгө хуримтлагдаад, тэр нь арилжааны банкинд хадгалагдаж байдаг юм шиг ойлгоод байдаг.

-Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө хэвийн олгогдож байгаа юу?

-Хүүхдийн мөнгө цаг хугацаандаа олгогдож байна. Халамжийн сангийн тухайд одонтой ээжүүдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, ахмадын тэтгэвэр, нийтийн тээврийн зардал багтдаг. Эдгээр нь бүгд хэвийн олгогдож байна. Бусад халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа төсөв бол аймаг нийслэлийн Засаг даргын багцад байдаг учир орон нутгийн эх үүсвэрээс бүрддэг юм.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах уу?

-Тэтгэврийн зээлийг нийгмийн хамгааллын салбартай холбох шаардлагагүй. Энэ бол манайд хамаагүй. Хувь хүн өөрөө тэтгэврээ барьцаалаад, арилжааны банкнаас зээл авч байгаа асуудал. Тэрнээс манайд хамаарал байхгүй. Ер нь энэ бол сайн зээл биш. Бусад улс оронд энэ зээлийг хар зээл гэдэг. Тэтгэврийг эрсдэлд орсон хүмүүст өгч байгаа тэтгэмж юм. Гэтэл энэ тэтгэмжээ барьцаалаад зээл авахаар эрсдэлд орно. Тиймээс тэтгэврийн зээлийг төрөөс дэмжээд байх зөв бодлого биш. Нөгөө талдаа тэтгэврийн зээлийг зохицуулсан хуультай болох ёстой. Энэ хуулийн төсөл дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Зарим тохиолдолд тэтгэврийн зээл хүчирхийллийн асуудалд болж хувирч байгаа жишээ байна. Учир нь тэтгэврийн зээл аваад юунд зарцуулж байгаа талаар судалгаа хийж үзсэн. Зээл авсан ахмадын 70 гаруй хувь нь өөртөө огт хамааралгүй зүйлд зарцуулдаг. Жишээ нь: машин, байшин, сургалтын төлбөр гэх мэт зүйлсэд зарцуулсан судалгаа байдаг. Энэ асуудлыг хуульчилж өгөх ёстой. Хоёрдугаарт арилжааны банкууд тэтгэврийн зээл олгохдоо шууд хүүгээ урьдчилаад авчихдаг. Гэтэл нөгөө хүний авч байгаа нийт мөнгөний 30-40 хувь нь хүүнд суутгагдчихдаг. Энэ нь зээл авч байгаа иргэдэд хохиролтой. Тиймээс тэтгэврийн зээлийг хуульчилж өгөхгүй бол нэлээд эрсдэл үүсэх магадлалтай байна.    

Т.ДАВААНЯМ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 сэтгэгдэл:

Post a Comment