2016/03/30

Ардчилалд нүүрлэсэн анархизм

Ардчилсан холбоо, Ардчилсан намыг өнөөдөр хэдхэн хүн муухай харагдуулж байна. Үүнийг Ерөнхий сайд маш товчхоноор "Нэг хүний хийсэн балгийг нэг засгийн бүрэн эрхийн хугацаанд засч чаддаггүй юм байна" хэмээн тодорхойгоос тодорхой хэлэв. Өнөөдөр Монголын ардчиллын туг болж, хүний эрх, эрх чөлөөний бэлэг тэмдэг мэтээр төсөөлөгдөн байсан энэ хоёр нэг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эвээ олохоо байжээ. Тэдний зөрчилд үзэл баримтлал хийгээд үнэт зүйлс, мөн чанар болоод ёс зүйн, хэм хэмжээ агаад дүрэм журам харилцан хамааралгүй болж. Эсрэгээрээ  бүлэглэл болоод фракц, ашиг сонирхолд хөтлөгдөгч амин шунал, эд баялгийг шүтэгч эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл өрнөж байна. Энэ нь алгуурхнаар үнэний суудалд худлыг, үзэл баримтлалын оронд  эрх ашгийг, эрх чөлөөг дарангуйллаар, хариуцлагыг "хулгай"-гаар солиход хүргээд удав. Ардчиллынхныг муухай харагдуулж, эрх чөлөөг дарангуйллыг доогуур тавин хуучнаа хүсэмжилж, урдын гудамжинд  явсан цагаа умартаж, бүхнийг өөрсдийнхөө улайм цайм цамнах удирдагчдыг нь хараад ой гутмаар.          

Жудаг ба Женко

Х.Баттулга МоАХ-ны тэргүүн болоод арван хаврыг үджээ. Энэ хугацаанд ардчилсан хувьсгалын автор болсон байгууллагыг амины өмч болтол өөрчлөв. Одоо харин тэр хууль ёсны МоАХ-ны тэргүүн мөн үү гэсэн асуулт урган гарна. Учир нь дүрмээрээ, МоАХ-ны даргыг дөрвөн жилийн хугацаатай сонгодог. Нэг удаа улиран сонгогдож болно.  заасан байдаг. Гэтэл хэмжээгүй эрхт хаан лугаа сууж байна. Гурван жилд нэг удаа болж, алдаа оноогоо хэлэлцэх ёстой чуулган нь нэг удаа болсонгүй гэж "партизанууд" гомдоллодог. Тэр энэ хугацаанд МоАХ-ны нэрээр албан тушаалд өөрсдийнхөө хүмүүсийг тавьж, тэд нь сая сая доллараар шамшигдуулсан хэрэгт холбогдоод яваа нь өнөөгийн үнэн төрх.

Хэрэг бишдээд ирэхээр одоо жудаг ярьж байна. Түүний оролцоотойгоор жудгийг чухалчилсан нэгэн хөдөлгөөн нэмэгджээ. Тэд сонгож болохгүй улстөрчдийг нэрлэж байна. Тэдгээр нэрсийн харвал Оюутолгой, Тавантолгойн гэрээ хэлцлийг хийсэн, хийх гэж буй албан тушаалтнууд руу гол нь чиглэж. Өөрөөр, өөрийнх нь эрх ашигт хөндөлссөн хүмүүс ч гэж бодож болно. Харин Х.Баттулга Монголын нэрийг бариад өөрийнхөө төлөө зогсч буй нь хэнд ч ойлгомжтой билээ.

Өнөөдөр МоАХ-оог хувийн өмч, гишүүдийг нь албат мэтээр төсөөлдөг болсныг эсэргүүцэх хүмүүс бишгүй олон. Эрх мэдэл, албан тушаал бус эрх чөлөөт эрүүл нийгмийн төлөө энэ байгууллагыг байгуулсан ахмадууд одоо ууртай байна. Ганцхан хүнийг хамгаалах хэрэгсэл болгож буйд тэд бухимдаж байна.

Эцэстээ МоАХ-г том, жижиг гэж хоёр хуваасан хүн нь бас л тэр.  Том МоАХ гээд Женког дагаж байгаа хэдэн хүн байх жишээтэй. Б.Түвдэндорж гэхэд өөрийн үзэл бодол ойрхон, АН-ын ҮЗХ-ны зургаагаас долоон гишүүнийг багцалчихсан "Жижиг МоАХ" гээд байж байх жишээтэй. Энэ хоёрт сэтгэл нийлээгүй бас л нэг тав, зургаан байх жишээний. Ингэж л могой гурав тасравч гүрвэлээс том гэгчээр МоАХ ардчилсан хувьсгалыг хийсэн том байгууллагаас Ардчилсан намын дээвэрт орогносон жижиг фракц болон жижгирсэн юм.

Харин 26 жилийнхээ босгон дээр дахин сэргэж, дүрэм, журмаа тогтоохгүй бол МоАХ-оог булшилж, нэрээр нь нам байгуулах төлөвлөгөө хэзээний хэрэгжээд эхэлснийг дурдах нь илүүц биз ээ. Тиймээс л чуулганаа нэн даруй хуралдуулж, нэг хүний дэмийрлийг зогсоох цаг иржээ.

Шонхор сүлдэт АН

Ардчилсан намын туг цагаан шонхортой. Харин одоо эрх ашгаараа нэгдсэн олон фракцын хамгийн хүчтэй нь "Шонхор" болсон. Засгийг АН биш үнэндээ "Шонхор" барьж буй маргаангүй үнэн. Н.Алтанхуягийг их хурлаараа баталгаажаагүй гэж баалсаар эхлээд намын даргыг нь, дараа нь Ерөнхий сайдаас огцруулах гол ажиллагааг "Шонхор"-ынхон л хийсэн. Тэд бусдыгаа давуу хүчээр түрээ барин "дарангуйлж" буй. Удирдагч нь УИХ-ын дарга З.Энхболд. Өнөөдөр энэ хүн ямар айхтар эрэмгий, түрэмгий, давшилсан, дарамталсан хүн болсныг өөрөө ч мэдэх сөхөөгүй яваа. Ч.Сайханбилэгийг огцруулах тухай яригдахад нэг мөр гүйцэтгэх засаглалыг гартаа оруулахаар "Шонхор" зүтгэсэн ч ҮЗХ-ныхоо хуралдааныг хийгээгүй шалтгаан нь өөрөө их хурлаараа намын даргаа баталгаажуулаагүйтэй нь холбоотой. Нөгөөтэйгүүр бүхнийг "Шонхор"-т төвлөрүүлэх гэснээс тэдний засаглалын дарамтад тэсэхээ байсан бусад нь эсрэг нь нэгдсэн. МОАН гэдэг нэгдэл нь ҮЗХ хуралдах сургаар гарч ирсэн нь гэнэтийн гэхээсээ цагийн үеийн тохироо байсныг одоо харуулж байна. Тэрхүү нэгдэлд "Чандмань", "Алтангадас", "Кроун, "Нэг ардчилал", "МҮДН" гээд ҮЗХ-ны гишүүдийн талаас илүү нь нэгдчихсэн байна. "Шонхор" "МоАХ"-тай нэгдээд ч 70:30-аар хүч мөхөсдөхөөр нөхцөл байдал үүсчээ. Ингэж хүчний харьцаа өөрчлөгдсөн учраас "Шонхор"  ЕС-ын суудлыг түр орхисон билээ. Гэхдээ МоАХ-ны Х.Баттулгатай нэгдсэн хэвээрээ байгааг үйл явдлын өрнөлөөс, УИХ-ын даргын болоод Х.Баттулгын хэлээд буй үг харж болно. Ардчилсан намын их хурлыг хүлээж, их нүргээний өмнө хэсэгхэн нам гүм үргэлжилж байна. Ардчилсан намын жирийн гишүүд нь их хурлаа зарлаж, энэ дарангуйллаа зогсоохыг шаардсан бичгээ уруулаад баярын хурлаасаа хөөгдөөд гарч байсныг телевизээр хангалттай гарсан. Гэхдээ УИХ-ын дарга ҮЗХ-ны болоод их хурлаа хуралдуулбал өөрөө ч эвгүйтэж мэдэхээр асуудал овоорсон байгаа. Тиймээс л эрх мэдлээ ашиглан хурлыг аргацааж байна. Хэрэвзээ Ардчилсан нам үнэхээр үзэл баримтлал, түүгээрээ нийлсэн нэгдэл мөн бол олонлогийг албан тушаал, эрх мэдлийн гишгүүр болгож, нэр нөлөөг нь харлуулж байгаа хүмүүсийнхээ асуудлыг хэлэлцэж их хурлаа хийх цаг нь болсон.

Энэ хэвээрээ байвал түүх давтагдана. Өөр зам тэдэнд үлдээгүй.

Л.НАРАНТӨГС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment