2016/03/21

Г.Уянга: Бүлгээс гарах нь тодорхой байсан

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар "Шударга ёс" эвслийн бүлгээс гарна гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Уянгаас энэ асуудлаар сэтгүүлчид тодруулсан юм.

 -УИХ-ын гишүүн Л.Цог та хоёр бүлгээсээ гарна гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Ямар шалтгаанаар бүлгээсээ гарахаар шийдсэн юм бэ? 

-Би өнгөрсөн хугацаанд "Шударга ёс" эвслийн бүлэгт шүүмжлэлтэй хандаж ирсэн. "Шударга ёс" эвслийн бүлэг "Монголоо аврах таван хувьсгал" гэх хөтөлбөрийг боловсруулж сонгогчдын саналыг авсан. Энэ хөтөлбөрийнхөө төлөө маш хангалтгүй ажиллаж ирсэн. Хамтарч засаг барьсан. Гэхдээ хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллаагүй. Хэн сайд болох вэ гэдэг асуудлыг үүнээс илүү чухалаар хөндөж байсан байх. Л.Цог дарга бид хоёрын шүүмжлэлтэй хандаж ирсэн нэг зүйл бий. Бид хоёрын хувьд "Монголоо аврах таван хувьсгал" хөтөлбөрт орсон өөрчлөлтийн үзэл санаандаа үнэнч үлдсэн.

 -Бүлгийн удирдлагууд болон гишүүдтэйгээ санал, бодлоо ярилцаад асуудлыг шийдэж болсонгүй юу? 

-Тийм оролдлого өнгөрсөн дөрвөн жилийн турш хийсэн. Жишээлбэл, Оюутолгойг аварч үлдэх, баялгийг Монголын ард түмэнд тэгш, шударгаар хүртээмжтэй ашиглах тухай амлалтынхаа төлөө "Шударга ёс" эвслийн бүлэг хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Олон асуудлууд бий. Тавантолгойн асуудалд ч зөв, зүйтэй байр, суурьтай байж чадсангүй. Энэ мэтчилэн Монголыг өөрчлөх оролдлогыг огтхон ч хийсэнгүй. Үнэхээр сэтгэл хангалуун бус байгаа. Гэхдээ шалтгаан нь дөрвөн жилийн хугацаанд тодорхой байсан. Хүмүүс түүнийг мэдэж байгаа. Одоо л үйлдэл хийж байна.

 -Бүлгээсээ гарах хүсэлтийг чинь бүлгийн хурлаар авч хэлэлцэх ёстой юу? 

-Хуульд нарийн тодорхой заасан зүйлгүй. УИХ-ын гишүүн аль нэгэн бүлэг, эвсэлд хамаарах бүрэн эрхтэй байгаа. Бидний хүсэлтийг бүлгийн дарга нь УИХ-д УИХ-ын дарга нь УИХ-д танилцуулдаг.

-Бүлгээс гарч буй нь намаасаа татгалзаж байна гэж ойлгож болох уу?

 -Одоохондоо намдаа байна. Ямар нэгэн алхам хийх нь тодорхойгүй байна. 

-О.Баасанхүү болон Л.Цог гишүүн та бүгд Ерөнхий сайдыг огцруулах асуудалд санал нэгтэй байж чадсан.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү та хоёртой адилхан шийдвэр гаргах болов уу?

-Би О.Баасанхүү гишүүний байр, суурийг би мэдэхгүй байна.

-Та хоёр бүлгээсээ гарснаар "Шударга ёс" эвслийн бүлэг цаашид хэрхэн ажиллах бол?

-Найман гишүүнтэй бүлэг Засгийн газрыг тогтвортой ажиллуулаад аваад явчих хангалттай эрх зүйн чадамжтай.

Т.ДАВАА

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment