2016/03/02

Эх оронч бусчууд л эх орондоо тустай амьдардаг

Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН

Эх оронч бус нэгэн

Жирийн нэгэн эр байх. Эмч хүн. Түүний толгойд "эх орноо аврах", "ард түмнээ жаргаах" гэсэн бодол санаа хэзээ ч орж ирдэггүй. Харин өмнөх ажлаа л "хийсэн шиг хийж, хувийнхаа амьдралыг аваад явчих юм сан" гэсэн бодол тээнэ. Өөрт нь болоод мэргэжилд нь ашигтай бол хаанахын ч хамаагүй ололт, нээлтийг цаг ямагт сонирхож, ойлгож авахыг хичээнэ. Түүний хувьд үндэсний байна уу, үндэсний бус уу гэдэг нь огт хамаагүй. Хятад, орос, монгол, америк, өмнөд африк гээд ямар үндэс-ястай хүн нээсэн нь чухал бус, хүмүүнд л ашиг тустай бүх нээлт баяр бахдалыг нь төрүүлдэг. Энэ хүн маань мэргэжлийнхээ талаар гадна дотны мэдлэг мэдээллийг цахим орчноос хангалттай ашиглаж, тэр хэрээрээ өвчтөнүүддээ тус хүргэдэг. Олон ч хүний амь насыг аварчээ.

Мөн олсон орлого, хөдөлмөрийн хөлснөөсөө тогтмол хэмжээний мөнгийг улсад байнга өгнө. Яг үнэндээ хөлс хүч, цаг хугацаагаа заран байж олсон мөнгөнөөсөө юу ч хийдэггүй хүмүүст өгөөд байхыг хүсдэггүй. Гэхдээ хүссэн хүсээгүй төрийнхөн хууль гаргаж байгаад хүчээр авчихдаг. Түүний амьдрал өөр бусад хэн нэгэнд хор хохирол хэзээ ч учруулж байгаагүй. Харин ч өөрийгөө болгох гэсэн үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндийг хамгаалж, амь насыг аварч байдаг. Олсон орлого бүрээсээ татвар өгч байдаг тул улсад орлого орж байдаг. Тэрбээр дандаа улсад "өгч" амьдардаг. Түүнийг нэг өдөр ажиллаж, амьдрахад улсын мөнгө дусал дуслаар нэмэгдэж байдаг. Харамсалтай нь, энэ иргэн улсад өгсөн мөнгөнөөсөө ашиглаж үзээгүй.

Хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө улсад ямагт өгдөг, тэр мөнгө нь хэн нэг "эх оронч-улс төрчийн" тансаг хэрэглээнд явж байдгийг тэрээр гадарлах авч нэг их энэ, тэрээ болоод байхгүй. Гэхдээ мэдээж, тийм дуртай биш. Хариуд нь юу ч авахгүйгээ мэдсээр байж хэн нэг улс төрчид мөнгө өгөөд л явж байдаг тэнэг амьтан шиг амьдарч буйдаа дуртай хүн гэж хаана байх билээ!

Эх оронч үзлийн тухай асуудал дээр "эх орноо хөгжүүлнэ, ард түмнээ жаргаана, би болоод манай нам засгийн эрх авчих юм бол Монгол улсаа тэр дор нь тэргүүний гүрэн болгочихно" гэсэн сайн, сайхан зүйлийг хэн ч бодож, мөрөөдөж, ярьж чадна, харин амьдрал дээрээ тийм байж чадахгүй гэдгийг тэр гадарладаг. Тиймээс улс төрийг нэг их сонирхоод байхгүй. Хэвлэл мэдээллээр ч нэг их гараад байдаггүй, сэтгүүлчид ч түүн дээр овоороод байдаггүй тул түүнийг хэн ч эс танина. Ийм л нэг жирийн иргэн.

Эх оронч нэгэн

Учиргүй эх оронч нэгэн байх. Дандаа "эх орон, ард түмэн, монголчууд минь" гэж ярина. Нэлээн өндөр албан тушаалтай улс төрч хүн л дээ. Эх орондоо хайртай гэж жигтэйхэн тул ард түмнээ жаргаахын тулд улс төрч болсон хэрэг.

Үргэлж нэг төсөл, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулчихсан явна. Тэгээд түүнийхээ төлөө лобби, суулт, жагсаал, цуглаан улс төрийн акц өрнүүлж өгнө. Тэр үед нь хэвлэл мэдээллийнхэн шавж, мань эр "од" болдог тул бас их таашаалтай.

Тэрээр "хүмүүсийг зөнд нь орхих", "тулган хүлээлгээгүй эмх журам" (spontaneous order) гэсэн зарчмуудыг их харгис үзэл хэмээн үзнэ. Нэлээн хартай. Өөрөөс нь бусад хүн, ялангуяа улс төрийн эсрэг хүчнийхэн нь Монголын дайсан бөгөөд монголчуудыг хорлох гээд байгаа мэт санагдаад ердөө амар тайван сууж чадахгүй. Ганцаардахаас жаахан айна. Ямагт өөртэйгөө адил нэгнийг цуглуулж хөдөлгөөн, нам, фракц байгуулна.

Энэ эх оронч-улс төрч маань өөрийнх нь оролцоогүй явагдсан юм бүрд сэтгэл дундуур байдаг. Өөрөө л оролцоогүй бол дутуу дулим, "нэг л зүйлийг нь буруу" хийчихсэн юм шиг санах бөгөөд бүх юманд хошуу дүрж байж сая сэтгэл амарна. "Эх оронч бус байдал", бусдад зааж зааварлахгүй, бусдын амьдралд хөндлөнгөөс оролцохгүй байна гэдэг том соёл гэдгийг ерөөсөө ойлгодоггүй. 

Угаасаа рефлектив сэтгэлгээгүй, өөртөө эргэлзэнэ гэж огт үгүй. "Бодоод байх юмгүй, үйлд!" хэмээнэ. Ганцаар байхдаа амьдралдаа цор ганц удаа л өөрөө өөртэйгөө ярьж, өөрийн үйлдлийн талаар эргэцүүлж үзжээ. "Би үнэхээр эх оронч хүн мөн үү, эсвэл хэнд ч мэдэгдэхгүй жүжиглээд байгаа бил үү?", "Би хувьдаа байгаа бүх зүйлийг эх орныхоо төлөө золиосолж чадах бил үү?" гэж. Энэ асуултад өөрөө өөртөө ч хариулж эс чаджээ. Нэг бодлын жүжиглээд ч байгаа юм шиг, нөгөө бодлын өөр шиг нь эх оронч хүн байхгүй ч юм шиг санагдана. Тэгээд өөрийгөө ичээсэн гэмээр ийм асуулт тавьсандаа уур нь хүрч энэ "хэцүү" асуудлыг толгойноосоо бушуухан авч хаяад экзистенциалист бодит байдлаас холдож "эх оронч бодит байдалдаа" хүрч ирэн санаа нь амарч.

Эх орон, ард түмэндээ жигтэйхэн хайртай тул санаатай хорт үйлдэл хийнэ гэж байхгүй ч эх оронч сэдлээсээ болоод бусдад гай болох удаа цөөнгүй гарсан. Түүний гаргасан буруу шийдвэрээс болж эх орон нэгтэй 3 сая хүн багагүй хугацаагаар хохирно. Гэхдээ энэ хохирол ил, шууд харагддаггүй учраас хүмүүс ч нэг их анзаарахгүй, сайхь эр ч өөрөө мэдээгүй дүр үзүүлнэ.  

Жирийн иргэдэд гайтай бүхэн манай хүнд ашигтай тусна. Хотын агаарын бохирдол их байх тусмаа сайн. Учир нь "Цэвэр агаар" гэх мэт сан байгуулж даргаар нь танилаа тавьж байгаад дундаас нь мөнгө цохичихно. Зуд турхан болох аваас мөн л нэг байгууллага байгуулж аваад, дахиад нэг танилаа тэнд зоож мөнгө гулгуулна (Ядахад, тэр жигтэйхэн олон танилтай, тэдэндээ туслах юм сан гэхээс байж сууж үл чадна). Ер нь "Нүүрс" гэх мэт төсөл, хөтөлбөр эдний хувьд их ашигтай. 

Эд уг нь маш сайхан сэтгэлтэй, үргэлж Монгол орон минь, монголчууд минь гэсэн бодол тээж явах. Би Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий сайд, эс бөгөөс УИХ-ын гишүүн болох юм бол ийм, тийм зүйл хийнэ дээ, энэ хэдхэн монголчуудыг жаргаахад юу байх вэ дээ гэж бодно. Монголынхоо төлөө ямагт сайн сайхан зүйлийг бодож мөрөөднө. Сайхан ч ярина. Яриаг нь сонссон хэн ч, уяран хайлан байж саналаа өгөхөөс аргагүйд хүрнэ. Гэхдээ нөгөөх сайхан үг яриа, үзэл бодол хэзээ ч үйл хэрэг болж байгаагүй.

Энэ эх оронч-улс төрчийг бүх хүн танина. Учир нь, тэрбээр эх орныхоо төлөө үргэлж хэн нэгэнтэй албан тушаал, эрх мэдлийн зарга заалхай хийж шүүх, цагдаагаар явж хэвлэл мэдээллээр гарч байдаг. Хэвлэл мэдээллийнхэнд ч эрэлттэй гэж жигтэйхэн.  

Энэ эрхмийн нэг өдрийн хэрэглээ - харуул хамгаалалт, утас, жолооч, машин тэрэг, тусгай үйлчилгээ, тусгай эмнэлэг, гадаад томилолт, танил талынх нь зардал гээд улсын мөнгө тасралтгүй урсаж байдаг. Энэ хүн ямагт улсаас "авч" амьдарна.

Ер нь, эх орондоо хайртай хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?!

Түүхээс харахад, "Би яах вэ, эх орондоо зүтгэнэ" гэсэн улс төрчид бусдын өмнөөс шийдвэр гаргаж, тэднийхээ амьдралыг зааж залсаар ирсэн байдаг. Энэ бол ил тод түүх. Сонирхолтой баримт дэлгэхэд, дэлхийн түүхэнд хамгийн ихээр алдаршсан дарангуйлагчид дотор эх оронч бус хүн байгаагүй юм. Сталин, Гитлер, Мао, Чойбалсан гээд. Бүгд маш их эх оронч хүмүүс. Хэчнээн эх оронч байна, төдий чинээ харгис хатуу загнана. Тэд эх орныхоо төлөө ингэхээс өөр арга байгаагүй гэдэг нэг "агуу" үндэслэлтэй (тэгвэл эх оронч утгаараа Чойбалсангийн хувьд зөв зүйл Сталин, Гитлер, Маогийн хувьд ч зөв). Нээрэн ч, ганц хоёр сайн сайхан зүйл хийж байсан тохиолдол бий байх. Гэхдээ л, эцэст нь түүний тусын хариуд хүн ард эрх чөлөөгөө өгөх хэрэгтэй болж байв. 


"ХЭН НЭГЭН МИНИЙ ТӨЛӨӨ ХЭЧНЭЭН САЙН-САЙХАН ЗҮЙЛ ХИЙХ БАЙЛАА Ч ЗААВАЛ МИНИЙ ЗӨВШӨӨРЛИЙГ АВСАН БАЙХ ЁСТОЙ."    Либертари илэрхийлэл


Эх оронч-улс төрчид хүнийг зүгээр байлгана гэж байхгүй. Ямагт ямар нэг юм бодчихсон, санаачилчихсан, хувь хүнд хэрэгтэй юмыг тухайн хүнээс илүү мэдчихсэн байгаад зогсохгүй, өмнөөс нь үйлдээд эхэлдэг. "Чамд юу хэрэгтэйг чамаас илүү мэдэж байна" гэнэ шүү дээ. Зөөлөн хэлэхэд ядаргаатай, шулуухан хэлэхэд аюултай хүмүүс.

Хувь хүн эд баялаггүй, эрх мэдэлгүй ямар ч байж болно. Гэхдээ өөрийнхөө амьдралыг өөрөө л мэдмээр байдаг. Эх оронч-улс төрчид тийм бололцоо даанч олгохгүй дээ, харин. Сталин, Чойбалсан нар бидний төлөө шийдвэр гаргахдаа биднээс зөвшөөрөл авдаг байсаан. Бид ч 99.99% зөвшөөрдөг байсан. Гэхдээ хэзээ ч энэ маань сайн дурын зөвшөөрөл (voluntary consent) байгаагүй. Тэр зөвшөөрлийг нь өгөхгүй бол шоронд хийдэг, амьдралыг маань там болгодог байв.

Хэн ийм эх оронч бус "хачин" зүйл яриад байна вэ?

Либертариуд. Тэд эх орончид биш. Тэд тийм олуул биш, гэхдээ үүндээ баярладаг. Тэд олуулаа байгаадаа омогшдог коммунитари юм уу, ардчилсан үзэлтнүүд биш. Улс-орны нөхцөл байдал, ард түмний түүх, ёс заншил, ази менталитэт маань монголчуудыг энэ үзлээс хол байлгадгийг ч мэднэ. Тэд ямар хүмүүсийн дунд амьдарч буйгаа мэддэг.  Тиймээс ийм нөхцөлийн бүтээгдэхүүн болсон хүмүүс энэ үзэл дээр маань учиргүй олуулаа ирээд наалдчихаасай гэж боддоггүй. Навсайж нэвсийсэн дээл өмсөж, том том чулуу барьсан, бөхөөс өөр спорт, хошин урлаг, хоршоо дуунаас өөр урлаг мэддэггүй, өвлийн тэсгим хүйтнээр морь уралдуулж, хүүхэд мал тамладаг, "Нууц товчоо", Чингис хоёроос өөр мэдлэггүй эх оронч-улстөрчид болон алхам тутамдаа улсыг болон иргэдийг луйварддаг "шинэ монголчууд"-аас хол байхыг хичээдэг.

Либертариуд хүн бүрд таалагдахыг боддоггүй, мөн өөрсдөө ч хүн бүрийг таалаад байдаггүй. Адгийн тэнэг бас тэгээд арчаагүйгээр амиа боддог атлаа  "эх орон, ард түмэн минь" хэмээн хоосон хашхирагсад либертари үзлийг үзэн яддагийг мэднэ. Либертариуд тийм хүмүүст үзэн ядагдсандаа тааламжтай байдаг (тийм хүмүүст таалагдаад байх юм бол хэн болж таарах билээ). Хоёр нүүр гаргадаг, ам, ажил нь үргэлж зөрдөг улс төрч, "ордны псевдо-сэхээтэн", луйварчин бизнесмэн, ямар ч боловсролгүй эрүүгийн элемент, аль нэг намын туг болон намирч байдаг, улс төржихөөс өөр юм мэдэхгүй залуус Ф.Бастиа, Л.Мизес, М.Ротбард, А.Рэнд, М.Фридманыг барьчихсан "Үүн шиг мундаг ном байхгүй" гээд явж байвал либертариуд нэг их баярлахгүй нь лав. Ийм амьтдад магтуулснаас хараалгаж байвал дээр гэнэ. Тэгвэл ёстой юм ёсоороо болж буй хэрэг.     

Хүн хүндээ хүндлэгдэх, таалагдахын тулд нэр төртэй, ёс суртахуунтай, гол нь ам ажил хоёр нь зөрдөггүй, товчхондоо худлаа ярьдаггүй байх хэрэгтэй. "Достойная жизнь" гэж ярьдаг даа. Нэр төр гэсэн ойлголтод эд хөрөнгө, эрх мэдэл, царай зүс нэг их гол шалгуур биш. 

Либертариуд улс төрч юм уу, жүжигчид биш учраас олон хүн л таалж байвал баясдаг хүмүүс биш. Олонх магтлаа гээд хөөрцөглөөд, мууллаа гээд гудайгаад байдаггүй. Тэд олонход нэг их ач холбогдол өгөөд байдаггүй юм билээ. Харин ч олонхтой санал нийлбэл өөрсдийн үзэл баримтлал, дүгнэлтэд болгоомжтой ханддаг. Олонхын бодол санаа дундаж иргэний бодол санаанаас ч хамаагүй дутуу дулим зүйл байдгийг мэддэг. Олонх гэдэг бол "буух эзэн, буцах замгүй", хэн ч хариуцлага хүлээдэггүй тийм л феномен. Олонх олуулаа байгаадаа эрдэж, хувь хүнийг ямагт золигт гаргана. "Олонх" гэдэг бол хувь хүн дээр асгасан нойтон цемент, хатаад ирэхээрээ чулуу шиг болж, доороо байгаа бүхнийг няцлан, хар ч биш, цагаан ч биш хатуу саарал юм болгодог. Тэгвэл хувь хүн гэдэг бол олонхын ашигладаг багаж биш. Тэдний хэрэгцээг гүйцэлдүүлэгч зарц биш, олонхын шархаа боодог боолт биш, тэдний өмнөөс золигт гардаг барам биш.

Олонхыг дэмжигчид (коллектививистууд) ажиллаж амьдрахдаа байнга бусдынхаа хүрээ уруу ордог. Тэд ямагт бусдаар амьдардаг бол харин хувь хүнийг дээдлэгчид (индивидуалистууд) өөрөөрөө амьдарна. Индивидуалист хүн бусдад хор хөнөөл эс учруулна, нэгнийхээ хүрээ уруу үл орно, өөрөө л өөрийгөө даана. Ийм учраас хэзээ ч бусдад гай болдоггүй, хор хөнөөл, гэм зэм учруулдаггүй.

Бид олонх болон хувь хүний асуудлыг хэвшмэл байр суурь, улс төрийн өнцгөөс бус оюунлаг байр суурь, философи өнцгөөс харах цаг болжээ.    


"ОЛОНХЫН АНХААРАЛД ӨРТӨЖ, БУСДААС ТАЛАРХАЛ ХҮЛЭЭХ ГЭСЭН ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ НЬ ХҮНИЙГ ЭД БАЯЛАГ, ЭРХ МЭДЭЛД ХЭТ ТАТАГДАХАД ХҮРГЭЖ, ӨЧҮҮХЭН БОДГАЛЬ БОЛГОН ХУВИРГАДАГ."    

Мишэль Монтэнь  (1533-1592 он. Францын философич)

"ХЭРЭВ ТА ӨӨРИЙГӨӨ ОЛОНХТОЙ АДИЛ СЭТГЭЖ БАЙГААГ МЭДВЭЛ ӨӨРТӨӨ ЭРГЭЛЗЭХ ЦАГ БОЛСОН ГЭСЭН ҮГ."

Марк Твэйн (1835-1910 он. Америкийн зохиолч)

"БИД ОЛОНХЫН НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙНА. ХЭРЭВ ОЛОНХ ЭРҮҮЛ СЭТГЭХ ЧАДВАРАА АЛДСАН БОЛ ЭРҮҮЛ СЭТГЭГЧ ЦӨӨНХ СЭТГЭЛ МЭДРЭЛИЙН ЭМНЭЛЭГТ ОЧИХООС ӨӨР АРГАГҮЙ БОЛДОГ."

Tomas Манн (1875-1955 он. Германы зохиолч)


This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

1 сэтгэгдэл: