2016/04/13

Тоглоомын УИХ байгуулах тохиролцоо дуусав уу?

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэдхэн хоногийн өмнө "Тоглоомын УИХ байгуулах гэж байна" гэдэг ноцтой үгийг Төрийн ордноос хийсэн мэдэгдэлдээ дурдсаныг санаж байна уу. Ардчилсан Монголын төрийг сонгох, байгуулах эрхийг иргэдээсээ булааж авах хуйвалдаан хөшигний ард явж байгааг битүүхэн сануулсан түүнийг үг үнэн рүү улам дөхөж байгааг нотлохуйц дараагийн мэдээлэл цацагдлаа. Юу гэхээр парламентад олон суудалтай хоёр том нам хуйвалдаж, хоёрхон сарын дараа болох сонгуульд зориулан хууль өөрчлөхөөр тохиролцсон гэдэг мэдээлэл байна. УИХ-ын 28 гишүүнийг намын авсан саналын харьцаагаар, 48-ыг нь тойргоос шууд сонгох хуулиа энэ удаад өөрчилж, бүх 76 гишүүнийг шууд тойргоос сонгох зарчмыг хуульчлахаар ярьж байна гэсэн үг.

Төрийн эрхийг улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлэхээс өөр сонголт байхгүй гэдэг. Тийм ч учраас хэн нэг улстөрчийг гэхээс илүү аль нэг намыг сонгох нь сонгодог зарчим гэх онол бий. Монгол Улс анх 2012 оны сонгуульдаа намыг, бас хүнийг сонгох холимог тогтолцоог нэвтрүүлсэн. Энэ шийдэлд хүрэх гэж бас ч олон жилийн турш онол, зарчим, сургамж ярьж мэтгэлцэж, зөвшилцсөн. Одоо үүнээсээ ухрах гэж байна. Хоёр алхам урагш гишгэж, нэг алхам хойш суусаар байвал бид хэзээ ч хөгжил дэвшил рүү дөтөлж чадахгүй. Үүнийг эс тооцлоо гэхэд хамгийн хор хөнөөлтэй нь гэвэл хууль цаазыг хоёр том нам тохиролцож байгаад хэзээ хэрэгтэй үедээ өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчилж болдог жишиг тогтох гэж байна. Тэр дундаа ардчиллын амин сүнс- иргэн нь төрөө сонгох эрхийг баталгаажуулж байдаг хуулийг дархлаагүй болгож, тогтолцоогоор нь тоглоно гэдэг байж боломгүй. 2012 он хүртэл явж ирсэн жижиг 76 тойргоос нэг гишүүн сонгодог тогтолцоо яагаад буруу байсныг тэр үед хангалттай ярьж байсан. Төрийн эрх барьж, бодлого  тодорхойлох гэж байгаа улс төрийн намын үзэл санаа чухал биш жалга, дов, хамаатан саданд дулдуйдсан хувь хүний хүчин зүйлийг харгалзсан сонголт явагддаг. Сонгогчдын санал үлэмж хэмжээгээр гээгддэг. Цаашлаад "Бизнесийн бүлэглэлүүдтэй сүлбэлдсэн улстөрчид нэг тойргийг элбэг худалдаад авч чадна. Тэр хэрээр гадныхны мөнгөөр улстөрчдийг тойрогтой нь худалдаж авахад амархан болно. Монголын төр харийнхны эрхшээлд орно". Энэ мэт хартай, хардлагатай зүйлсийг тоочиж байгаад мажоратори тогтолцооны сул талуудыг нөхөх гэж хувь тэнцүүлэх зарчмыг хольсон өнөөгийн холимог тогтолцоог 2012 оны сонгуулийн өмнө УИХ-аас хуульчилсан. Тэр үед хууль батлалцсан гишүүдийн нэлээд нь өнөөгийн парламентад сууж байгаа. Одоо бүгд ярьсан хэлснээ мартаад өөрсдийн эрх ашгаа өмнөө тавихад хүрсэн гэхэд итгэмээргүй.

Хуулийг өөрчлөх гэж хуйвалдаж байгаа хоёр нам хэдийнээ жижиг 76 тойргийг  найртай сайхнаар хуваагаад худалдаад авчихсан байж ч магадгүй юм... Энэ бол хэтэрхий увайгүй бүдүүлэг хардлага байж болох ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэн "тоглоомын УИХ бүрэлдэх гэж байна" гэсэн үгийг хайхрахгүй орхиж боломгүй.

Өнөөдөртөө хүчин төгөлдөр байгаа сонгуулийн хуулиар бол 28 суудал дээр улс төрийн намууд өрсөлдөнө. Нэг үгээр бол намуудын чансаагаар шийдэгдэх суудал. Тэгвэл өнөөдөр хоёр голлох намын чансаа 20 хувиас хэтрэхгүй байгаа. Тэдний хувьд сонгуулийн өмнө ийм рейтингтэй байсан удаа үгүй учраас айж байгаа биз.  Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталгаажуулж, СЕХ-нд хүргэх ёстой хуулийн хугацаа дөхсөөр байгаа ч алинд нь ч хөгжлийн хөтөлбөр гэхээр санаа оноо алга.

Төр нь мөнгөгүй, лидерүүдийнх нь чансаа лойдоруудынхаа дор орсон цоо шинэ орчинд ээлжит сонгууль болох гэж байна. Улс төрийн намууд ийм шинэ нөхцөлд чухамдаа ямар үзэл санаа, хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлдөх, яавал сонгогчдод таалагдахаа төсөөлж ч чадахгүй байх шиг. Одоо намуудад сонгуульд ялах ямар арга зам байна вэ? Арай тэд өрсөлдөхгүйгээр суудлаа хуваах хуйвалдааны замыг сонгосон юм биш биз дээ?!

Парламентад 35 х 26 харьцаатай АН, МАН л тохиролцсон бол бусад жижгүүд юу ч гээд нэмэргүй. Тэр тусмаа улс төрийн гадна байгаа бид ёстой л Ерөнхий сайдын хэлдэгээр "ардчилсан мал" учраас юу ч хэлж чадахгүй, хэл үггүй хүлээн зөвшөөрөөд л явах байх даа.

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment