2016/04/01

УИХ-ын дарга баталсан хууль тогтоомжийг танилцуулав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2016 оны 04 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллах юм. Тэрээр өнөөдөр /2016.04.01/ Булган аймгийн иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулга хийлээ.

Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа эхэнд, 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралдаж, нийт 426 хууль, 64 тогтоол баталлаа. Эдгээрээс бие даасан хууль 29, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 355, олон улсын гэрээ конвенц соёрхон батлах тухай 11 хуулийг тус тус баталсан гэлээ.

Улсын Их Хурлын дарга эдгээр хуулиудаас онцлон 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан Эрүүгийн тухай хуулийн талаар танилцуулав. Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаарх олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг нутагшуулах шаардлага үүссэн. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууд тохирсон ял оногдуулах боломж бага, гэмт хэргийн ангилал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хатуу хязгаарын хүрээнд ял оногдуулдаг хуулийн зохицуулалт оновчгүй байсан, шинэ төрлийн гэмт хэргийг хуульчлах зэрэг шаардлагуудын үүднээс Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан гэв. Эрүүгийн тухай хуульд ялын бодлогыг өөрчилж, хорихоос гадна зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах, торгууль оногдуулах болсон гэлээ. Мөн шинэ төрлийн гэмт хэргүүдийн талаарх хууль, эрх зүйн зохицуулалтуудыг тусгасан талаар танилцуулав.

Мөн Зөрчлийн тухай хуулийн талаар танилцуулав. Энэ хууль нь Захиргааны хариуцлагын тухай болон бусад 210 гаруй хуульд байдаг торгох ялыг нэгтгэн стандартчилжээ. Үүний үр дүнд хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэгдээгүй, 210 гаруй хуулиар зохицуулж байсан 1250 орчим зөрчлийг нэг стандартаар төрөлжүүлэн нэгтгэсэн байна.

Улсын Их Хурлын дарга Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх болон энэ оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх, төрийн үйлчилгээ авах иргэн бүрт хамааралтай Захиргааны ерөнхий хуулийн талаар танилцуулсан юм. Мөн улс орны эдийн засгийн зарим асуудлуудын талаар мэдээлэл иргэдэд хийлээ.

Монгол Улсын орлогын эх үүсвэр болсон алт, зэс, төмрийн хүдэр, алтны үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Харин эдийн засгийн дийлэнх хувь нь уул уурхайгаас шууд хамааралтай манай улсад үнийн уналт нь хүндээр туссан гээд эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт байсныг тоо, баримтад тулгуурлан тайлбарласан. Түүнчлэн Оюутолгой ордын далд уурхайг барихад цемент, арматур, ажиллах хүч чухал бөгөөд Монгол Улсад эдгээр нь хангалттай байгаа учраас далд уурхайн бүтээн байгуулалтыг Засгийн газар дэмжсэн гэлээ. Уул уурхайн бус гадаадын хөрөнгө оруулалт манай улсад тун чухал бөгөөд эдийн засгаа төрөлжүүлэх боломж өргөн байгааг хэлж байсан.

Уул уурхайн түүхий эдийн уналт дотоодын эдийн засагт хүндээр туссан бөгөөд энэ үед Улсын Их Хурал, Засгийн газраас "Чингис", "Самурай" бондыг авсан. Манай улстай адил уул уурхайн түүхий эдийн экспортдоо тулгуурладаг орнууд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан дотоодын мөнгөн тэмдэгт нь дунджаар 2.3 дахин унасан. Төр, засгаас валютын ханшид зохицуулалт хийдэггүй шалтгаануудын нэг бол ам.долларын ханш өндөр байхын хэрээр үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа идэвхждэг байна. Валютын ханш өсөхийн хэрээр импортын барааны үнэ өсч, нөгөө талд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний эрэлт өсдөг байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт их байхын хэрээр үйл ажиллагаа нь өргөжин, олон монгол хүн ажлын байртай, тогтмол орлоготой болж байгаа эерэг нөлөөллийг харах хэрэгтэй. Харин валютын ханш буурахад импортын худалдаа эрс нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэгчид хямд өртөгтэй импортын бараатай өрсөлдөж чадахгүйд хүрч үйл ажиллагаагаа зогсооно. Ингэвэл ажилчид халагдаж, монголчууд орлогогүй, ажилгүй болох эрсдэлтэй гэлээ.

Зээл авах нь санхүүгийн энгийн харилцаа бөгөөд улсын авсан зээлийг бонд гэж нэрлэдэг. 2008-2012 онд Засгийн газар гаднаас 600 сая ам.долларын зээл авсан бөгөөд үүнийгээ шинээр гэрлэгсдэд 500.000, иргэн бүрт сар бүр 21.000 төгрөг гэх мэтээр тараасан. Өөрөөр хэлбэл, энэ их хэмжээний өрийг ямар ч үр ашиггүй зарцуулсан. Харин 2012 оноос хойш Засгийн газар дээрх өрийг барагдуулсаар өнөөдрийн байдлаар 400 сая ам.долларыг төлөөд байгаа юм байна.

Харин "Чингис", "Самурай" бондын хөрөнгийг үндэсний үйлдвэрээ хөгжүүлэхэд, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Шинээр баригдсан орон сууц, авто зам, аймаг, сумдад баригдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг бүгд бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бондын хөрөнгийн зарцуулалт янз бүрийн хэлбэрээр эргэн төлөгдөх бөгөөд үр дүнд нь Монгол Улсын хөгжил тодорхой хэмнэлээр хурдасч, зээл төлөвлөгөөнийхөө дагуу төлөгдөж байна гэлээ. 2015 оны эхний хагас жилийн байдлаар 1055 үйлдвэржилтийн төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байна. Эдгээрийн 15 хувь нь 2014 онд, 2015 онд 77 хувь нь ашиглалтад орсон бол 23 хувь нь энэ онд ашиглалтад ороход бэлэн болоод байна гэж Улсын Их Хурлын дарга эрчим хүч, авто зам, инженерийн дэд бүтэц, барилгын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын тайланг танилцуулж, үр ашгийн талаар мэдээлэл өглөө.

Мөн улсын өрийн талаар бодит мэдээллийг танилцуулж, ДНБ дэх Засгийн газрын өрийн хэмжээ нь манай улстай адилхан 35 улс байгаа бөгөөд бондын төлөлт хэвийн явагдаж байгаа гэдгийг хэллээ. Бондын хөрөнгийн гуравны нэгээр үйлдвэрүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бол төр үндэсний үйлдвэрлэгчдэдээ эрх зүйн орчинд дэмжлэг үзүүлж, татварын зохицуулалт, хуулиар зах зээлийг нь хамгаалахаар "Үйлдвэрлэлийг дэмжих тухай" хуулийг баталж, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Мөн энэ жил улсын төсөвт "Монгол цэрэг бүтээн байгуулалтад" хөтөлбөрт 24 тэрбум төгрөгийг суулгасан болон энэхүү хөтөлбөрийн үр ашгийн талаар мэдээлэл өгөв. 2016 онд хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Цэргийн алба хааж байх хугацаандаа бүтээн байгуулалтад оролцсон залуус мэргэжилтэй болох бөгөөд цэргээс халагдахдаа дансандаа орон сууцны урьдчилгаа төлөх хэмжээний хуримтлалтай болох тооцоог салбарын мэргэжилтнүүд хийсэн болохыг Улсын Их Хурлын дарга танилцууллаа.

Түүнчлэн барилгын салбарын хөгжил болон ипотекийн зээлийн үзүүлсэн нөлөөллийн талаар иргэдэд танилцуулсан. Жил бүр шинэ орон сууцууд ашиглалтад орж байгаа ч иргэдэд бага хүүтэй орон сууцны зээл олгож байгаа учир худалдан авч байгаа. Энэ нь барилгын салбарын санхүүгийн эргэлтийг хангадаг байна.

Мөн малчны зээлийн хүүг бууруулан, малчин бүр "Сайн малчин" болох нь өөрт нь төдийгүй улс орны эдийн засагт чухал нөлөөтэй гэв. Тиймээс малчид малаа эрүүлжүүлэн, эхний ээлжинд БНХАУ, ОХУ, Вьетнам Улсад мах экспортлох боломжоо ашиглах хэрэгтэй. Ингэснээр улсын хэмжээнд малчдын өрхийн орлого бодитоор өснө. Сая Булган аймгийн Төрийн банкны үйл ажиллагаатай танилцах үеэрээ би малчдаас энэхүү гурван шаардлагыг хангахад хэцүү эсэх талаар асуулаа. Тэд хэлэхдээ, малаа эрүүл байлгах, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, малчин дансаараа гүйлгээ хийнэ гэдэг бол малчдын хийсээр ирсэн ажил. Тиймээс "Сайн малчин" хөтөлбөрийн шаардлагыг хангах нь хүндрэл, бэрхшээлтэй зүйл биш гэлээ. Энэ мэт боломжуудаа ашиглах тал дээр идэвх, санаачлагатай байхыг уриаллаа. Хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын боломжийн талаар Улсын Их Хурлын дарга танилцуулаад "Тавантолгойд биш, таван хошуу малдаа найдаж хөгжие" хэмээн уриалав.

Мөн иргэдэд газар тариалангийн салбарын талаарх мэдээллийг өгөв. Манай улсын үр тарианы үйлдвэрлэлийн хувьд 2012 онд 306.3 мянган га талбайд тариалж байсан бол 2016 онд 389.6 мянган га талбайд үр тариа тариалжээ. Мөн таримал тэжээл үйлдвэрлэл, хүнсний ногооны үйлдвэрлэл, жимс жимсгэнэ, чацаргана хөтөлбөрийн талаар танилцууллаа. Жимс, жимсгэнэ, чацарганы салбарын нийт тариалалтын хувьд 2014 онд чацаргана 92 хувь, бусад жимс 8 хувийг эзэлж байсан бол 2020 он гэхэд чацарганыг 75 хувь, бусад жимсийг 25 хувь байхаар төлөвлөжээ. Харин хэрэгжүүлсэн арга хэмжээний хувьд 5.6 тэрбум төгрөгийн 2100 гад тариалах 2.6 сая ширхэг суулгацыг 1500 гаруй  ААН, иргэнд зээлээр олгож тариалуулав. Чацарганыг кластераар хөгжүүлэх, нэмүү өртгийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлжээ. Мөн 78 иргэн, ААН-д 2.4 тэрбум төгрөгийн зээл олгож, жимс, жимсгэний тайлбайг 200 га-гаар нэмэгдүүлэв. 300 тонны багтаамжтай 35 ширхэг хөргөлттэй агуулах зээлээр олгосон байна. Хүлэмжийн аж ахуйн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 141 дүгээр тогтоолоор "Чингис" бондын санхүүжилтээс "Хүлэмжийн аж ахуй байгуулах" төсөлд 17.4 сая ам долларын зээл олгохоор шийдвэрлэж, Голомт банкаар дамжуулан 30 аж ахуйн нэгжид 25.14 тэрбум төгрөгийн зээл олгон 10.1 га талбай бүхий өвлийн хүлэмж байгуулж, хүнсний нарийн ногооны үйлдвэрлэлийг 4000 тонноор нэмэгдүүлж, импортыг бууруулсан байна. Мөн техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, элетавторын багтаамжийг нэмэгдүүлэх болон төмс хүнсний ногооны зоорийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ, газар тариалангийн салбарын цаашдын зорилт хүрэх үр дүнгийн талаар танилцууллаа. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Булган аймгийн иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөв. 

Булган аймгийн иргэн н.Жамбалдорж 2015 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар баталсан НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон кассын машинтай холбогдуулан мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн борлуулж буй малчид НӨАТ-ын тухай хуулиар өндөр өртөгтэй кассын машин авах шаардлага бий эсэхийг тодруулсан юм. Улсын Их Хурлын дарга хариулахдаа, НӨАТ-ын тухай хуулийн талаарх асуулт аймаг бүрт гарч байна. Энэ хуулиар 50 сая төгрөгөөс дээш хэмжээний орлоготой аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-ын буцаалтын тэмдэглэгээ бүхий кассын машин авахыг үүрэг болгосон. Харин үүнээс бага хэмжээний орлоготой аж ахуйн нэгж, худалдаа, бизнес эрхлэгчдийн хувьд үүрэг хүлээлгээгүй, гэхдээ иргэд НӨАТ-ын буцаалтын тэмдэглэгээ бүхий тооцооны хуудас авах хүсэлтэй байгааг та бүхэн анзаарсан байх. Монгол төрийг татвараа бүрдүүлэхэд тусалж буй иргэдэд 2 хувийн урамшуулал олгож байгаа юм. Тиймээс иргэд үйлчилгээ, худалдаа эрхлэгчдээс НӨАТ-ын буцаалт олгох тооцооны хуудас шаардаж байгаа, энэ бол иргэдийн шаардлага гэдгийг ялгаж ойлгоорой. Малчдын тухайд НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй тохиолдолд хуулиар үүрэг хүлээхгүй хэмээн тайлбарлав. Мөн орон нутгийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, ахмад настнуудын нийгмийн халамжийн асуудлаар тодуурлсан асуултуудад хариулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 

УИХ-ын дарга З.Энхболд Булган аймгийн иргэдтэй уулзалт хийж, 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулга хийх арга хэмжээнд Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, ИТХ-ын дарга Д.Батсайхан болон албаны бусад хүмүүс байлцав.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment