2016/04/04

“Эхлээд хүмүүс орлогожих ёстой”

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.


Монголбанкны Ерөнхий эдийн засагч С.Болд:

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хуримтлал болгохгүйгээр хэрэглээний огцом тэлэлт хийхийг зөвшөөрдөг, хэрэглээний зээлийг 100 хувиар өсөхийг дэмждэг, импортыг 99 хувиар тэлэхийг урамшуулдаг, импортын бараанд ногдуулсан татварын орлогын өсөлтөөр нийгмийн халамжийг санхүүжүүлдэг, төгрөгийн бодит ханшаа 30 хувиар чангаруулдаг байсан Монголын өмнөх загвар нь маш аюултай бөгөөд буруу байсан юм. Ийм загвар цаг зуурын, хуримтлалд биш хэрэглээнд тулгуурласан тогтворгүй өндөр өсөлт бий болгож, тэр нь дундаж давхаргад нялздаггүй байсан. Харин ч түүхий эдийн үнэ унахад нийт эдийн засгаараа огцом уналт хийлгэх гээд байдаг муу загвар байлаа. Ийм гашуун сургамжийг Монголын эдийн засаг нэгэнт амссан учраас хөгжлийн загвараа өөрчилсөн. Тэр шинэ загвар нь дундаж давхаргын хуримтлал, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, экспортод суурилсан урт хугацааны тогтвортой өсөлтийн загвар юм. Үүнийг бид макро эдийн засгийн "шинэ тэнцвэр"-ийн бодлогоор тодорхойлдог.

Эх сурвалж: www.news.mn


УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Эхлээд хүмүүс орлогожих ёстой. Аж ахуйн нэгжүүд орлоготой болох нь чухал. Үндэсний том макро орчинд холимог ашиг орлого буюу тухайн компанийн ашиг орлогын хэмжээг үзүүлдэг. Өрхийн бодит орлого буюу өрхийн эзэмшилд үлдэж байгаа мөнгө нь хуримтлал үүсгэх боломжгүй байна. Үүнийг эхлээд бодъё. Хөрөнгийн бирж бол хоёрдагч асуудал. Миний мөнгийг би яаж зарцуулах вэ гэдэг санхүүгийн механизм. Санхүүгийн сектор нь хүртээмжтэй санхүүжилтийн хэлбэр буюу хүмүүсийг орлогожуулдаг хэлбэр рүү орох ёстой. Тэрнээс биш орлогыг гацаадаг, багасгадаг, өрөнд оруулдаг, хавханд оруулдаг байж болохгүй.

Эх сурвалж: www.mminfo.mn


УИХ-ын дарга З.Энхболд:

-Манай нийт өрхүүдийн тэн хагас нь хөдөө аж ахуйн салбарaac хамаарч байна. Гэтэл, манай нийт хөрөнгө оруулалтын хоёрхон хувь нь хөдөө аж ахуйн салбарт орж байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж хурдан өсөхгүй байгаа гол шалтгаан юм. Энэ том салбарынхаа хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих вэ?"

Эх сурвалж: Монголын Эдийн засгийн форум дээр хэлсэн үгээс

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment