2016/04/13

Хил залгаа бүс нутагт бизнесийг өргөжүүлнэ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна. С.В.Лавров Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзаж, хоёр орны харилцааны баримт бичигт гарын үсэг зурсаны дараа хоёр орны сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд хийж байгаа энэ  удаагийн айлчлал хоёр улсын стратегийн түншлэлийг шинэ түвшинд хүргэнэ гэж найдаж байгаагаа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээллийн эхэнд онцолсон. Айлчлалын хүрээнд Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, эдийн засаг, улс төрийн шинэ арга барил хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцжээ.

Монголоос ОХУ-ын төлөх өрийг саяхан шийдвэрлэсэн. Тиймээс зээл авах боломжтой болсон гэж Л.Пүрэвсүрэн сайд хэллээ. Түүнчлэн ОХУ-тай хил залгаа бүс нутгуудад бизнесийн чиглэлийг өргөжүүлэх, бараа материалын үзэсгэлэн худалдааг хамтарч хийж байхаар тохирцоонд хүрсэн байна.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров хэлэхдээ "Хоёр орны дипломат харилцаа тогтсоны 95 жилийн ойг хамтран тэмдэглэх ажлыг сайшааж байна. Хоёр орны Ерөнхийлөгчид 2014 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо уулзахдаа хоёр орны стратегийн хамтын ажиллагааг дунд хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр  боловсруулсан. Үүний хүрээнд олон талын баримт бичиг боловсруулж байгаагийн дотор БНХАУ, Монгол, ОХУ-ыг дамнасан Эдийн засгийн коридор байгуулах баримт бичигт энэ оны зургадугаар сард болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурна гэж найдаж байна гэлээ. Мөн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана гэв. Энэ оны долдугаар сард Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болох гэж байна. "Өндөр дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд өндөр байгаагийн илрэл. Бид энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлэх болно" гэсэн юм.


Ийнхүү хоёр орны сайд нар үг хэлж дууссаны дараа Монголын талаас нэг, Оросын талаас нэг сэтгүүлч асуулт асуусан юм.

-Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэт" үйлдвэр, "Улаанбаатар төмөр зам", "Монросцветмет" гэсэн гурван үйлдвэрийг хамтран бий болгосон. 1980-аад оноос хойш хамтарсан эдийн засгийн төсөл хэрэгжээгүй гэж ойлгож байна. Цаашид ямар салбарт томоохон хөрөнгө хийхээр төлөвлөж байгаа вэ?

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров

-Энэ гурван төсөл бол хоёр орны материалаг хамтын ажиллагааны үндэс юм. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хоёр талаас зохих алхам хийх хэрэгтэй. Энэ алхам нь харилцан ашигтай байх ёстой. Эдгээр хамтарсан үйлдвэрийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байхад бүтээсэн. Одоо бол зах зээлийн эдийн засагтай. Дэлхийн эдийн засаг тааруухан байгааг харгалзан үзэх ёстой. Одоогийн байдлаар зэсийн үнэ тааруухан байна. Гэвч миний санаж байгаагаар "Эрдэнэт" үйлдвэр Монголын эдийн засгийн 20 хувийг бүрдүүлдэг. Хэрэв дэлхийн зах зээлийн нөхцөл байдал сайжирвал үндэстэн дамнасан корпорациуд Монголд салбараа нээхээр зэхэж байгаа нь тодорхой.

-Монголын өрийг шийдсэн учраас ОХУ-аас рублийн зээл авахаар ярилцаж байна. Иймд энэ удаагийн айлчлалаар зээлийн асуудлыг хөндсөн болов уу?

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

-Эдийн засгийн асуудал, худалдааны асуудалд ихээхэн анхаарч байна. Монгол- Оросын худалдааны нийт эргэлт 2015 оны байдлаар нэг тэрбум ам.доллартай тэнцсэн. Нийт эргэлтийн 67 сая орчим ам.доллар нь бараа бүтээгдэхүүн үлдсэн хувийг нефьт эзэлж байгаа юм. Худалдааны балансыг сайжруулах үүднээс рублийн зээлд ач холбогдол үзүүлнэ.             

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров

-Цаашид зээлийн харилцааг хөгжүүлэх талаар эрх зүй саадгүй болсон. Тиймээс зээлийн асуудлыг хоёр орны Төв банкуудтай хамтарч хэлэлцэж байна. Зээлийн нөхцөл хоёр талд харилцан ашигтай байх ёстой гэж үзэж байгаа.

Т.ДАВААНЯМ

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment