2016/04/06

Жэнко ялж Зи ялагдаж байна

Орчин үеийн улс төрийн урлагт орон зайн ту­хай ойлголт илүү чухал болж на­мууд ямар стратеги барихаас шалтгаалж тэд шахагдаж эсвэл тэлж байдаг амьдралын мөчлөгтэй. Ялангуяа эрх баригч намын хувьд шийдвэр гаргах эрх мэдлээ сонгогчдоос авсаны дараа улс төрийн зах зээл дээр бодитоор тэлж чадсан уу, ерөөсөө тэлэх стратеги байна уу гэдэг бол дараагийн ялалтанд нэн чухал. Энэ удаа бид чөлөөт нийгэмд намуудын тэлэх стратегийн хамгийн гол элэмент болох монголчуудад ПР гэх товч нэрээр ойлгогддог олон нийттэй харилцах урлагийг эрх баригчдын жишээн дээр товч хүүрнэх болно.

Нөхцөл байдал буюу АН-ын зодоон

1971 онд археологийн гайхамшигт нээлт монголоос олдсон тухай дэлхийн хэвлэлүүд шуугижээ. Энэ нь өмнөговийн Баянзагаас олдсон ноцолдож байгаад хамтдаа үхсэн хоёр үлэг гүрвэлийн олдвор юм. Өнөөдрийн ардчилсан намын нөхцөл байдал төдийгүй ирээдүйн төлөв нь улс төрийн археологийн олдвор болоход  тун ойрхон байна. Мэдээж динозаврууд дэлхийн анхаарлыг татсан бол ардчилсан нам олдворт тооцогдох нь ирээдүй үеийнхэнд огтоос сонин биш. Ардчилсан намын олон нийттэй харилцах ажил өнөөдөр нэгдсэн стратегигүй, олон нийттэй харилцах мэргэжилтэнүүд нь тус тусын харъяалагддаг фракц бүлгийн толгойлогч нарт харъяалагдаж үйлчилж байна. Тодруулбал, энэ намын олон нийттэй харилцах ажил нь бүлэг фракцын хэрүүлд живж, хоорондын хэвлэлийн дайнд нэгнээ хэрсэн, баярьцаалсан байдалтай зууралдан хэвтэж байна. Одоо элсээр шуурахад л шууд улс төрийн зах зээл дэх археологийн олдвор болж хувирна.

АН-ын сул тал  бол Тавантолгойн хэрүүл

Нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааг харьцуулахад эрх баригч ардчилсан намын рейтинг дунджаар 18 хувьтай буюу дөнгөж 10 сонгогчын хоёрынх нь л дэмжлэгийг авч байна. МАН ч гялтайгаад тодроод байх юмгүй мөн 20 хувийн хатуу дэмжлэгтэй. Эрх барьж буй намын хувьд ийм сул рейтингтэй байгаагийн үндсэн шалтгааныг эдийн засгийн хямрал гэхээсээ намынх нь дотоод хэрүүл, лидерүүдийнх нь зөрчилөөс гэж судалгаанд оролцогчид хариулжээ. Хэрүүлийн гол бай нь улс төрийн гэхээсээ илүү эдийн засгийн асуудал болсон Тавантолгой. Өнгөц харахад Жэнко Энэржи хоёрын аж ахуйн зодоонд эрх баригч намын лидерүүд таван хэсэг толгой болон татагдан орж зодолдож байна. Эдгээр лидеэрүүд хувь улс төрчийнхөө хувьд нийгэмд муухай харагдаж буй мэт боловч бодит хохирол нь намын дарга З.Энхболдод ирж буйг судалгаанд оролцогчидын дүгнэлт, намын рейтинг унаж байгаагаар нотолж болно.        

Хэрвээ ардчилсан намын рейтинг ийм замаар тасралтгүй доошилж, тавантолгойн хэрүүл үргэлжилсээр байвал 2016 оны сонгуулийн дараа ялагдах нь гарцаагүй. Тэр үед ялагдлын хариуцлага хүлээх цорын ганц субъект нь намын дарга З.Энхболд юм. Улс төрийн том нам ялангуяа засгийн эрхийг бүх түвшинд барьж буй ардчилсан намын хувьд монгол 2020 хэмээх мөрийн хөтөлбөртөө амалсан шударга ёс хайсан хууль эрх зүй, ёроолдоо тулсан эдийн засгаа босгох суурь шинэчлэлүүд, унаад байгаа спорт, эрүүл мэндийн салбарыг босгох талаар иргэд сонгогчиддоо ярих, тайлбарлах үндсэн ажлаа орхиод үндэснийхээ нэг компанитай аж ахуйн хэрүүл хийх нь гол пр нь болтолоо "жижгэрчихэж". Тавантолгойн уурхайг хэн эзэмших хэрүүл ардчилсан намын гол ажил мөн үү гэдэг намын даргын хувьд сайн бодох асуулт юм.

Жэнкогийн том пр

Сонгуулийн сүүлийн жил ардчилсан намынхан нийгмийн тодорхой сигментүүд рүү илүү хандсан, тэднийг багцалсан байдлаар бодож хийсэн сайн кампанит ажил бол малчны зээлийн хүүгийн бууралт, орон сууцны ипотекийн зээлийн 5 хувь байлаа. Шинэчлэлийн засгийн газар ипотекийн зээлээ сурталчилж, Ардчилсан намын дарга З.Энхболд, Р.Бурмаа сайдтай хамтраад малчдын зөвлөгөөн хийж хэрдээ хичээсэн боловч нийгэмд трэнд болж чадсангүй. Үндсэн шалтгаан нь Жэнко даргын хийсэн гэх Мүүн ажиллагаа, жудагт монгол жагсаал гэх мэт савангийн дууриудыг монголын олон нийт илүү сонирхож, илүү ихээр шуугив.

Хамгийн харамсалтай нь Жэнко гишүүний хийж буй эдгээр пр эвэнтүүд нь ардчилсан намын өнгөрсөн дөрвөн жилдээ олон нийтийн дунд олж авсан жаахан нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээн байгуулалтын тухай сурталчилгааг системтэй устгаж байгаад байна. Монголын ард түмэн ардчилсан намын үед хэдэн километр зам тавигдсаныг биш хэн хэн мүүнчин болох тухай илүү их ярьж байна. Эдийн засгийг хэрхэн сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхээр Засгийн Газар хөөцөлдөж буйг дэмжихийн оронд хэн хятад гаралтай, гадаадын шулаачдыг хөөж гаргах тухай эх оронч уриагаар амаараа дүүрэн цагаан хөөстэй хашгиралдсан гео эх орончдоор эх орон минь дүүрэн. Жэнко гишүүний энэ бүх  гео бөгөөд том  пр-ын хохирогч нь өөрийнх нь байгуулалцсан ардчилсан нам, түүний гишүүд л байна.

Оросууд дайныг хүсээ гэж үү

Ийм нэртэй агуу их эх орны дайны тухай оросын алдартай дуу бий. Ийм утгатай дууг хамгийн чангаар гэхдээ цээжин дотроо дуулж буй нь ардчилсан намын олон мянган гишүүд гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Учир нь тавантолгойн хэрүүл бол ардчилсан намын гишүүдэд огт хамаагүй хэрүүл юм. Тэдний нийтлэг сонирхол бол ирэх сонгуульд бөөнөөрөө ялагдаж дахин гудамжинд олон жилээр гарчих вий гэсэн айдас л байна. Тиймээс олноороо зодоонд оролцохгүй, чимээгүй ажиглаж, "дайныг" хүсэхгүй эсэргүүцлээ чимээгүй илэрхийлж байна.

Одоо яах вэ?  Одоо зүгээр тавантолгойн аж ахуйн хэрүүлээс ардчилсан намыг татан гаргаж улс төрийнх нь талбарт буцааж оруулах хэрэгтэй. Бодит байдал дээр тэртээ тэргүй тавантолгойн эзэмшигч энэ хавар, энэ засгийн газар, энэ парламентээр тодрохгүй нь үнэн. Тиймээс тавантолгойг түр "мартаад" сонгуулийн ажилдаа орж, эвээ хичээх нь ардчилсан намын гол стратеги, намын даргын үүрэг, гишүүдийнх нь эрх ашиг байна даа.

Улс төр судлаач А.АМАР

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment