2016/04/11

“Төвийг сахих бодлого” уулзалт хэлэлцүүлэг өрнүүлэв

Стратегийн судалгааны хүрээлэн, Германы Конрад Аденаурын сан хамтран "Монгол Улсын байнга төвийг сахих бодлого ба Монгол-Европын харилцаа" сэдэвт уулзалт-хэлэлцүүлгийг өчигдөр /2016.04.11/ зохион байгуулжээ. 

Дотоодын эрдэмтэн, судлаач, ахмад дипломатын төлөөлөл оролцсон энэхүү хэлэлцүүлэг төвийг сахих статусын онол, практикийн асуудлыг хөндөн ярилцаж, олон улсын туршлага, алдаа оноог тунгаан хэлэлцсэнээрээ ач холбогдолтой боллоо. Тухайлбал, Туркменистан улс НҮБ-аар төвийг сахих статусаа баталгаажуулсан цорын ганц  улс гэдгээрээ сонирхол татаж байгаа бол  Австри улс гадаад бодлогын аливаа алхам, шийдвэрээ тус улсын төвийг сахих статустай холбон тайлбарлах онцлогтой тул эдгээр орны туршлагад түлхүү анхаарал хандуулж байгаа явдал хэлэлцүүлгийн үеэр ажиглагдлаа.

Энэхүү хэлэлцүүлэг Монгол Улсын байнга төвийг сахих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа цаг үетэй давхцаж байгаагаараа онцлогтой төдийгүй Монгол Улсын гадаад бодлогын анхаарал татаад байгаа асуудлаар ийнхүү судлаачид цуглан санал бодлоо солилцож байгаа явдал төрийн шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан байх зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа ажээ.

Дашрамд дурдахад Германы Конрад Аденаурын сан 1993 оноос эхлэн Монгол Улсад өөрийн Суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж байгаа цорын ганц улс төрийн Сан бөгөөд ардчилсан төр болон нийгмийн байгууллыг хөгжүүлэх зорилготой юм.

А.АМАР

Let's block ads! (Why?)

0 сэтгэгдэл:

Post a Comment