2013/12/24

Д.Оюунхорол: Та нар эрх хүүхэд шиг аашилж байгаа шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэх хүрээнд гишүүд асуулт тавьж хариултаа авч дууссаны дараа саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Үнэн, худал хоёрын хооронд зөрүү их байна. Эрх баригчдад албан тасалгааны цонхоор харахад амьдрал сайхан харагдаж байгаа юм байна. Монголын эдийн засаг та бүхний яриад байгаа шиг сайхан болоогүй. Энэ онд 301 аж ахуйн нэгж хаалгаа барьж, дампуурлаа, гадаадын хөрөнгө оруулагчид буцлаа. Энэ бол Монгол Улсаас мөнгө зугатаж байгаа гэсэн үг. Мөн эрх баригч та бүхэн долларын ханш буурч 1716 төгрөг болсон гэлээ. Гэвч энэ бол бодит бууралт биш, Засгийн газрыг огцруулах, сайд нарыг огцруулах болохоор интервенц хийж, ам.долларын ханшийг буулгадаг. Ийм л үзэгдэл болж байна. Яагаад гэвэл өнөөдөр хөрөнгө оруулалт нэмэгдээгүй, бизнес эрхлэгчид хаалгаа барьсан,  валютын урсгал нэмэгдэх хандлага гараагүй байхгүй ханш буурах үзэгдэл нь бодитой биш юм.

Хоёрдугаарт, Сангийн сайд та өнөөдөр бэлэн мөнгө их тараадаг байснаас эдийн засаг доройтсон байсан гэлээ. Гэвч "Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр"-ийн хүрээнд жилийн дотор гурван их наяд төгрөг тарааснаас чинь болж монгол төгрөг цаас болж, бүх бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Бидний ард түмэндээ сар тутамд өгдөг байсан 21 мянган төгрөгийг 4-5 жил өгөх, монгол өрхийн амьдралд хэрэг болох мөнгийг та бүхэн "Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр"-ийн хүрээнд "цацсан". Үүнийг зөв үнэлж цэгнэх ёстой.  Эдийн засгийн хөгжлийн сайд та энэ онд 1800 км авто зам барьж ашиглалтад орсон тухай ярилаа. Гэвч Завхан аймагт 1 км зам тавигдаагүй шүү. Өмнө барьсан замууд муудаж байна, 16 цаг давхиад очдог байсан газраа 24-26 цаг давхиж байж хүрч байна. МАН эрх барьж байх үед тавьж байсан замын өртөг таны үед тавьж байсан замын өртөг гурав дахин нэмэгдсэн тухай ард түмэн ярьж байна. Үүнийг бид хэлээд байна. Та нар баян айлын эрх хүүхэд шиг аашилж байгаа шүү.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
- Монгол Улсын хөрөнгө оруулалт буурлаа, 2013 оны төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасарлаа гэж Ерөнхийлөгч хэлсэн нь худлаа хэлсэн байж. Энэ улсад эрх баригчдыг төлөөлсөн 45 хүн үнэн хэлж байгаагаас бусад нь бүгд худал ярьж байгаа юм байна. 

Өөрөөр хэлбэл, улс орны төсвийг 1.5 их наядаар таслахыг сайн зүйл гэж үздэг юм байна, улсыг өрөнд оруулахыг сайн үзэгдэл гэж үздэг юм байна.

Улс орны эдийн засгийг сүйд хийсэн сайд нарыг олонхийн бүлэг хамгаалаад сууж байгаа нь үнэн эмгэнэлтэй байна. Үнэндээ бол олонхиийн бүлгийн гишүүдийг өрөвдөж байна, зөв харж инээгээд буруу харж уйлаад сууж байгаа ш дээ. та нар. 


УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
-Сөрөг хүчин ажлаа хийгээд хариуцлагын асуудал ярьж байгаа бол зөв. Хариуцлага яривал хоёр сайдаар хязгаарлагдахгүй, байнгын хорооны  төвшинд ч хариуцлага ярих ёстой. Мөн сөрөг хүчний хувьд хүлээх хариуцлага ч бий. Өнгөрсөн 20 жил эрх барьсан нам ямар Засгийг хүлээлгэж өглөө гэдгийг яривал ярих юм бий. Хариуцлагын асуудал өөрөө маш эмзэг асуудал. Цаг үеэ олж дуугарахгүй болохоор эдийн засагт улам хортой тусч байна. "Самурай" бондыг авах нөхцөл хүндэрсэн тухай сая Сангийн сайд мэдэгдлээ.  Маш боломжийн нөхцөлтэй байсан. Улстөрийг эдийн засагтай холихоор хор нь хортой тусч байна.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үү гэвэл хүндэрсэн. Бид ч бас зүгээр суухгүй боломжийн хэмжээнд ажиллаад эхэлсэн. Засгийн газраас Г-аас авч байгаа арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгаа. Мөн сайд нарыг огцруулах үндэслэлд хүлээж авах зүйл ч  бий. Цаашид хоёр сайд сөрөг хүчний зүгээс тавьж байгаа шаардлагыг хүлээж авах ёстой. Яагаад гэвэл сайд сольсноор асуудал шийдэгдэхгүй. Ухаалаг төр гэж Засгийн газрын сайдыг огцруулахыг хэлээгүй юм шүү, Ардын намынхаан.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:
-Ардын намынхан захуудаар явж бараа бүтээгдэхүүний үнэ үзэж байгаа юм байна. Одоо л ажиллаж эхэлж байгаа юм байна л даа. Гэхдээ Ардчилсан нам сайн ажиллавал  2016 онд Ардчилсан нам 100 хувь гарч таарна. Буруу зүйл хийвэл ялагдаж таарна. Ардын намынхан ард түмний нэрийг барьж худал ярихаа болих хэрэгтэй шүү.

УИХ-ын гишүүн М.Энхболд:
- Худлаа их яриад байвал хувь хүний рейтинг их унадаг юм шүү. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ онд 1800 км зам барьсан тухай ярьж байна, 1600 км нь 2012 онд тавигдаж, 2013 онд тууз хайчилсан юм шүү. 2013 онд ердөө 200 км зам л тавьсан.

Бизнес эрхлэгчдийг шалгадаг дарамталдаг үзэгдэл хэрээс хэтэрсэн. Эрт хариуцлага тооцвол энэ ард түмэнд ч  хэрэгтэй, улс оронд ч хэрэгтэй.

Г.Уянга:
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хувьд ард түмэндээ амласан амлалтаа хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдгээ дүгнэх цаг ирсэн болов уу. "Шударга ёс" эвслийн бүлгээс санаачлан мэдүүлсэн төслүүдээс хэд нь өнөөдөр УИХ-аар батлагдсан бэ. Хэрвээ бид амлалтаа хангаж чадаагүй байгаа бол Засгийн газарт байх ёстой юу гэдэг асуултыг өөрсөддөө тавих ёстой. Хэрвээ бид амлалтаа хангаж чадахгүй бол 11 суудлынхаа хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Ард түмнээс сонгогдоогүй сайд нарыг хамгаалах нь бидэнд утга учиртай асуудал биш.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Хоёр сайдын хувьд болон энэ Засгийн газрын хувьд урьд өмнө хийгдээгүй ажлууд хийгдсэн, хоёр хөрштэй мөн харилцаа шинэ шатанд гарсан. Нефть гаазын хоолойг тавих асуудлыг бид ярьж байна. Саяхан би Германы канцлерын тангараг өргөх ёслдол оролцоод ирлээ, Монгол Улсын Шадар сайдыг хүлээж авч байгаа нь Монголыг сонирхож байна гэсэн үг. Дойче банк Монгол Улстай хамтрах тухай ярьж байна, энэ бүхэн бол манайхаас гадаадынхан зугатаад байна гэж ярих нь буруу. Мэдээллээр дутаж байна. Бүтээн байгуулалт хийсэн гол хоёр сайдыг огцруулах тухай ярих нь буруу юм.

Ийнхүү УИХ-ын гишүүд хоёр сайдыг огцруулахтай холбоотой асуудлаар саналаа хэлэв. Гэхдээ цайны цаг болсон тул үдээс өмнөх чуулганы хуралдааныг завсарлуулж, үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт эхлэхээр боллоо. Тодруулбал, үдээс хойшхи хуралдаан хоёр сайдыг огцруулахтай холбоотой асуудлаар үргэлжилж, эл асуудалтай холбогдуулж гишүүд саналаа хэлж дууссаны дараа санал хураалт явуулж огцруулах эсэх асуудлыг шийдэх болж байна.

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл:

Post a Comment