2014/09/07

МАН ам асууна

Мэдэгдэл, уриалга гаргасан шигээ цагийг нөгчөөж суусан цөөнх эрх баригчдаас ам асуухаар шийджээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдсан нь Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн хугацаанд Засгийн газар хэрхэн ажиллав, энэ хугацаанд нийгэм, эдийн засаг сэргэсэн үү гэдгийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд тулгуурлан дүгнэсэн гэх мэдээлэл байна. Уг нь Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийсэн ажлын тайландаа Улаанбаатар хотын хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудыг багтаасан боловч цөөнх түүнд нь муу дүн тавьжээ. Ийм үнэлгээ авахад, эдийн засгийн үзүүлэлтүүд голлох нөлөө үзүүлсэн гэнэ. Тухайлбал, энэ оны эхний долоон сарын байдлаар татварын орлого 533.4 тэрбум төгрөгөөр тасарсан үзүүлэлттэй байгаа бол банкны сисем дэх чанаргүй зээлийн хэмжээ 599.7 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 550.1 тэрбум төгрөгт хүрчээ. Мөн ажилгүйдэл нэмэгдсэн төдийгүй эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн хугацаанд 300 шахам аж ахуйн нэгж хаалгаа барьсан гэх мэдээлэл байна. Аж ахуйн нэгжүүд ийн олноороо хаалгаа барихад ам.долларын ханшийн өсөлт нөлөөлжээ. Тиймээс УИХ дахь цөөнхийн бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт амлалтыг нь эргэн сануулахаар шийдсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өмнө нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг тавих үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар "Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн үр дүнг харъя. Хариуцлага тооцоход оройтохгүй" хэмээн байр сууриа илэрхийлж байсан нь ийн амыг нь асуух шалтгаан болсон бололтой. Нөгөөтэйгүүр, цөөнхийн бүлгийн гишүүдийн дунд "Сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг хаврын чуулганаар шийдчихсэн бол цаг алдаж, эдийн засаг ийн хүндрэхгүй байсан" гэх яриа ч өрнөөд амжжээ. Харин өнөөдөр тус бүлэг эрх баригч хүчинтэй ямар тооцоо хийх болсоноо хэвлэлийнхэнд мэдээлнэ.

МАН-ын хар дансанд юу бүртгэгдэв

Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн тоолуурыг УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн тавдугаар сарын эхэн үеэс ажиллуулжээ. Ингэхдээ ажлын хэсэг байгуулж, "Эзэн 100" хөтөлбөрийг "Ард 100"-гаар хянасан нь үндсэндээ МАН "Хар данс"-ыг нэлээн зузааруулсан байна. Түүнд гялтайх сайн мэдээ туссангүй, бүгд бараан мэдээ голложээ. Энэ тухай дор сийрүүлье.

МАН-тай эвсэхийг хүсэв

Ардчилсан намынхан УИХ-ын гишүүн С.Баярцогтоор дамжуулан МАН-тай Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах саналыг гаргав. Ардчилсан нам дангаараа 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлж чадахгүй, тиймээс МАН-тай хамтрах хэрэгтэй гэсэн саналыг Ардчилсан намын гишүүд гаргаж эхлэв.

                                                                                                             2014.05.09-нд

Эрчим хүчний үнийг чөлөөлөв

"Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд эрчим хүчний үнийг чөлөөлөх шийдвэр гарав. Иймээc цахилгааны үнэ нэмэгдэх нь тодорхой болсон ба цахилгааны үнэ 10-15 хувь, дулааны үнэ 2 дахин өсөхөөр болов.

                                                                                                                          2014.05.10-нд

Ерөнхий сайдын зөвлөхийн бас нэгэн хууль бус үйлдэл

Ерөнхий сайдын мэдээлэл технологийн орон тооны бус зөвлөх Р.Отгонтулга ямар ч тендергүйгээр нийтийн тээврийг ухаалаг системжүүлэх нэрийдлээр "Слайд" компанид 13,3 тэрбум төгрөг олгов.

Архангайн давхар дээлтнүүд тэргүүний сумыг луйвардав

Засгийн газраас 2 жил тутам шилдэг сумыг шалгаруулж шагналд нь 100 саяын урамшуулал олгодог бөгөөд энэ жил хангайн бүсээс Хөвсгөл аймгийн Тариалан сумыг шалгарсан талаар шалгаруулалтын комиссоос мэдэгджээ. Харин Засгийн газрын мэдээлснээр Архангай аймгийн Эрднэмандал сум гэж зарлав. Энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн эрхмүүд бол Архангайгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрдэнэмандал сумын унаган хүү гэгддэг Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд хатагтай Н.Удвал нар хамтран уг "хор"-ыг найруулжээ.

                                                                                                                            2014.05.12-нд

Хоёр дахин үнэтэй автобус сонгоно

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос Нийслэлийн удирдлагууд парк шинэчлэл нэрийдлээр 150 автобус худалдаж авахаар болж буйг мэдээлэв. Гэтэл 100-г нь дотооддоо угсарсан буюу тус бүрийг нь 150 мянган ам.долларын үнэтэй байхаар тооцжээ. Энэ нь гадаадаас автобус оруулж ирснээс 2 дахин үнэтэй.   

                                                                                                                                    2014.05.13-нд

Төрийн данхайсан бүтэц

"Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд төсвийн зардлыг 20 хувиар бууруулах талаар Н.Алтанхуяг сайд мэдээлсэн. Гэвч өмнө нь 11 яам, 15 сайд, 12 дэд сайдтай байсан төрийн бүтэц, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 16 яам19 сайд, 17дэд сайдтай болж, төрийн албан хаагчдын тоо 121600-167800, төрийн өмчит аж ахуйн нэгжийн тоо 26900-49600, газар хэлтсийн дарга нарын тоо 85-201 болж өсөв. Мөн Улаанбаата хотын захирагч 3-9 орлогчтой, аймаг, дүүргийн засаг дарга нар 1 орлогчоос 2-4 орлогчтой , 334 сумын 1 орлогчоос 2-3 орлогчтой болж өсөв. Энэ хугацаанд төрийн албан хаагчдын орон тоог бууруулж чадсангүй.

                                                                                                                            2014.05.18-нд

17.6 тэрбумаар нэг удаагийн зарим барив

Ерөнхий сайдын мөргөлд зориулж бүтээсэн 17 тэрбумын үнэтэй Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамрын хийд чиглэлийн 42км замыг 2013 оны арваннэгдүгээр сард ашиглалтанд өгч Ерөнхий сайд өөрийн биеэр очиж тууз хайчилсан.Гэтэл хавар болоход бараг машин яваагүй зам нь эвдэрч хэмхэрснийг дахин засахаар болов.

"Изинис эйрвиз" ХХК дампуурав

Иргэний агаарын тээврийн "Изинис Эйрвиз" ХХК дампуурсан нь Монгол Улсын эдийн засгийн байдал уналтанд орж, энэхүү салбар дахь төрийн бодлого алдагдсанаас гадна Засгийн газар  "Оюу толгой" төсөлтэй хэл амаа ололцож чадахгүй байгаагаас шалтгаалан олон хүн ажлаас халагдсанаас үйлчлүүлэгчгүй болсон хэмээн шинжээчид дүгнэв.

                                                                                                                         2014.05.21-нд

"Оюутолгой" ХХК 300 ажилтнаа халав

"Оюутолгой" ХХК нь Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнээс болон татварын торгууль ногдуулсан байдлаас шалтгаалан 300 ажилтнаа ажлаас халав.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулав

Олон улсын  "Мооdy's" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B1-B2 болгон  буулгасан ба энэ нь манай эдийн засагт өгч байгаа үнэлгээ ба Мооdy's агентлагийн мэдээлснээр гадаад валютын нөөц буурсантай холбоотой хэмээн тайлбарлав.Мөн бусад олон улсын агентлагууд одоо мөрдөж байгаа мөнгөний бодлогоо хэвээр баримтлах юм бол цаашид ч эдийн засаг хүндэрч ойрын хугацаанд сайжрах төлөвгүй гэж мэдээлэв

                                                                                                                  2014.05.29-нд

Дундговийн Засаг даргыг огцруулав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зургадугаар сарын 2-нд Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг хоёрдах удаагаа огцруулах тухай шийдвэр гаргалаа. Үүний өмнө 2013 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 188 тоот захирамжаараа С.Сүхбаатарыг Дундговь аймгийн Засаг даргын суудлаас огцруулсан. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн энэ оны хоёрдугаар сарын 14-ний 904 дүгээр захирамжаар "Ерөнхий сайдын 188 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Захирамжийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор давж заалдах  эрхтэй" гэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан шийдвэр гаргажээ. Үүний дараа 2014 оны гуравдугаар сарын 12-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 116 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж энэ нь эцсийн шийдвэр болно гэж заажээ.

10 саяын хуушуур

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо наадмын гурван өдөр Засгийн газрын болон УИХ-ын гишүүд, дарга нарын идэх хуушуурын үнийг бодож, нийтдээ  10 сая төгрөг шаардлагатай гэдэг тооцоог гаргажээ. Учир нь өнгөрсөн жилийн наадмаар сайд,дарга нарт тараасан хуушуур хүрэлцээгүй аж. Тиймээс энэ жил тэдний идэх хуушууранд 10 сая төгрөг төсөвлөсөн гэв.

                                                                                                                      2014.06.20-нд

Дарга нарын тансаглал хэтрэв

2011 он буюу MAH, АН хамтарч засаг барьж байх үед гурван тэрбум гаруй төгрөгийг машин худалдан авахад зарцуулсан бол Шинэчлэлийн Засгийн газар 2013 онд энэ мөнгөний дүнг гурав дахин нэмэгдүүлж, есөн тэрбум 250 сая болгож,  тансаг зэрэглэлийн Lexus-570, Land Cruiser-200, Nissan patrol,Mercedes Benz зэрэг машинуудыг худалдан авсаныг хэвлэлүүд мэдээлэв.

120 сумын ойд 71 тэрбум төгрөг зарцуулав

Энэ жил Засгийн газар наадам, тэгш ойг тэмдэглэхийн тулд сум бүрт дунджаар 800 сая төгрөг төсөвлөсөн. Ингээд 120 сумын тэгш ойг тэмдэглэхэд 71 тэрбумтөгрөг зарцуулж байгаа аж. Энэ мэт сумын төсөвт тавьж буй хяналт гэж огт байхгүй байгааг иргэд хэлж байв.

Засгийн газар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдав

Засгийн газар хотоос 600 км хол Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй очиж хуралдав. Үүнд зориулж төсвийн мөнгөнөөс 20 сая.төгрөг зарцуулав гэжээ.

Энэ мэтээр МАН-ын энэхүү жагсаалт үргэлжилнэ. Нийт 100 фактыг "Хар дансанд"-аа багтаасан байгаа юм. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзэх боломжтой.

Г.БОЛОР

0 сэтгэгдэл:

Post a Comment