
Засгийн газар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж хуулийн төсөл боловсруулснаа өчигдөр УИХ-д өргөн мэдүүллээ.
Хуульд өөрчлөлт оруулах болсон нь хэд, хэдэн шалтгаантай аж. Үүнд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгчийн асрамжинд байсан 0-16 (сургуульд суралцаж байгаа бол 19) хүртэлх насны хүүхэд авах эрхтэй боловч хүүхэд бүтэн өнчин болсон тохиодолд нас барсан 1 даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тэжээгчээ алдсаны тэтгэврийг тооцон олгодог нь тэтгэврийг бодитой тогтоох үндэслэл болж чаддаггүй аж. Иймд эцэг, эхийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг нэгтгэсэн дүнгээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг бодож, тогтоох нь оновчтой хэмээн үзэж, энэ зохицуулалтыг оруулж өгсөн байна.
Мөн даатгуулагч нь өөрийн санхүүгийн чадамж, эрүүл мэнд болон бусдын хайхрамжгүй байдлын улмаас сүүлийн 1 жилийн 1 сарын дотор тэтгэврийн даатгалын шимтгэлээ тасалдуулах тохиолдол гардаг учир тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах нөхцлийг хөнгөрүүлж, шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол түүнийг нь үлдсэн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэтгэвэр авах эрхтэй байхаар өөрчлөн найруулжээ.
Түүнчлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авахын тулд 16-19 насны хүүхэд бүр сургуульд суралцаж байгаа тухайн сургуулийн тодорхойлолтыг жил бүрийн зургаа, есдүгээр сард авч ирэх шаадлагатай байдаг нь нийгмийн даатгалын байгууллагад жилд 2 удаа заавал ирэх зэрэг чирэгдэл хүндрэл гардаг аж. Энэ байдлыг харгалзан үзэж бичиг баримтын бүрдүүлэлтийг цөөлжээ.
Хуульд оруулж байгаа хоёр дахь том өөрчлөлт нь, Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэх журмын тухай хуулийн 32-т заасан хөдөлмөрийн хөлсийг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Засгийн газраас шинэчлэн тогтоосноор зарим тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээ нь буурдаг аж. Иймд Засгийн газраас итгэлцүүрийг шинэчлэн тогтоосоны дараа тэтгэвэр авагч хөдөлмөрийн хөлсөө зөвхөн 1 удаа өөрчлөн сонгож, өөртөө илүү таатай нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгож болохоор заалт оруулжээ.
Гурав дахь өөрчлөлт нь, Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах нөхцөлд эмнэлгийн хуудас авснаас хойш хүндэтгэх шалтгаантай бол зургаан долоо хоногийн дотор өргөдөл гаргах, хуульд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгөх үүрэг хүлээдэг ч зарим тохиолдолд энэ хугацаанд амждаггүй аж. Тиймээс дээрх хугацааг зургаан сарын дотор болгон өөрчлөн найруулжээ
Дээрх өөрчлөлтийг хийснээр дараах эерэг үзүүлэлт гарна гэж үзэж байна.
1.Бүтэн өнчин хүүхдэд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ нэмэгдэж хүүхдийн нийгмийн баталгаа нь сайжирах гэнэ. Улсын хэмжээнд 4000 орчим бүтэн өнчин хүүхэд байдаг ч тэтгэврийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг 1000 гаруй аж. Үүнээс 2 асран хамгаалагч нь даатгуулагч байсан бүтэн өнчин хүүхдийн тоо 200 орчим юм байна. Эдгээр хүүхдүүдийн тэтгэврийн нэмэгдэлд сард дундажаар 15 сая орчим төгрөг шаардагдах аж.
2.Засгийн газраас итгэлцүүрийн хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор ижил ажил хөдөлмөр эрхэлж байсан тэтгэвэр авагчдын дунд бий болдог тэтгэврийн нэмэгдлийн зөрүүг арилна.
3.0-19 хүртэлх насны хүүхдийг тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнээр тогтоодог болсноор хүүхдийн эрхийг хамгаалж, даатгалын үйлчилгээг шаардлагагүй баримт бичиг нэхэлгүйгээр түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөл боломж бүрдэнэ.
4.Тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах нөхцлийг хөнгөрүүлж шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол эрх нь үүсэхээр өөрчлөн найруулснаар өнчин хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авах боломж нэмэгдэж, нийгмийн баталгаа нь хангагдана.
5.Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахдаа эмнэлгийн хуудас авснаас хойш хүндэтгэх шалтгаантай бол "6 долоо хоногийн" дотор өргөдөл гаргах, хуульд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгөхөөр заасныг "зургаан сарын дотор" болгон өөрчилсөнөөр эхчүүдэд илүү боломж олгоно хэмээн салбарынхан нь эерэгэр харж байна.
Г.НАРАН
0 сэтгэгдэл:
Post a Comment