УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар Монгол Улсын баатар цолоор шагнагдсан Халх голын байлдааны ахмад дайчин П.Шагдарсүрэнг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Домогт Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 38 –н ахмад дайчдыг төрийн дээд одонгоор шагнаж урамшуулсан. Тэдний дундаас Тамсагийн зургадугаар морьт двизийн 17 дугаар морьт хороонд Штабын дарга, хороон даргаар ажиллаж байсан ахмад дайчин П.Шагдарсүрэнг Монгол Улсын баатар цолоор шагнасан юм.


Уулзалтын үеэр П.Шагдарсүрэн 1939 оны тулааны талаар намынхаа дарга нартай хөөрөлдөв. Тэрээр "...Бидний үеийнхэн ч цөөрч дээ. Бараг домог болж. Амьд сэрүүн байгаагаар нь надад энэ өндөр шагналыг авах аз завшаан тохиолоо, энэ шагнал бол ганц надад өгч байгаа шагнал биш Монгол –Зөвлөлтийн домогт дайчдын ялалтын бэлгэ тэмдэг гэж би ойлгож байна. Үнэндээ Зөвлөлтийн нөхөд маань байгаагүй бол манай морьт хороо дангаараа энэ ялалтыг авч чадахгүй байлаа. Ямар азаар Монгол –Зөвлөлтийн цэргийг домогт баатар Г.К.Жуков удирдаж байсан юм бол гэж би заримдаа боддог" хэмээлээ. Мөн тэрээр дайны дараа Маршал Х.Чойбалсангийн дэргэд есөн жил комиссараар, түний дараа Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж 35 жил тасралтгүй ажилласан тухайгаа ярьсан юм. Эх орондоо ялалтын уухай авч ирсэн 50 дайчдыг маршал Х.Чойбалсан өөрийнхөө дэргэд авч ажиллуулан энх цагт эх орныхоо төлөө зүтгэх боломжийг ч бас өгч байсан гэдэг.
Энэ тухай Монгол Улсын Баатар П.Шагдарсүрэн дурсахдаа "Маршал маань биднийг их өндрөөр үнэлж дандаа л дарга болгож байлаа. Манай Пулемётийн сумангийн дарга н.Жүгдэрнамжил л гэхэд Эрүүлийг Хамгаалахын сайд хийж байлаа шүү дээ. Бид ингэж л дайны талбараас эх орон, ард түмнийхээ энхийн манаанд зогсох хүндтэй албанд зүтгэцгэцгээсэн. Маршал маань бидэнд ингэж их итгэж, хүндэлж байсан нь бидэнд ямар ч том гавьяа шагналаас илүү байсан юм шүү" хэмээн хуучиллаа.
Тэрээр 1939 оны гуравдугаар сард цэргийн сургуулийг төгсөж, сарын дараа 21 насандаа Тамсагийн 6 дугаар морьт дивизийн 17 дугаар морьт хороонд Штабын даргаар томилогдон очиж байжээ.
0 сэтгэгдэл:
Post a Comment