Бямбасүрэнгийн Эрдэнэбилэгийн үйлдсэн гэмт хэрэг хууль .......
.........хяналтын байгууллагын үнэн нүүр царайг илчилж орхив бололтой. Прокурор, шүүхийн байгууллага хаана алдав, хэрхэн засах вэ гэхийн оронд өөрсдийгеө өмгөөлөх арга саам хайж байна. Тэгэхээр энэ байгууллагуудын ялзрал, цус ойртолт даамжирсны улмаас гэмт хэрэгтэнд ял завших бололцоо олгосон гэхэд болно.
Хамгийн гол нь Б.Эрдэнэбилэг 2009 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгтээ өдгөө ял эдлээд сууж байх байв. Үйлдсэн хэргийнхээ ялыг эдэлж байсан бол өдгөө нэгэн гэр бүлийн гурван хүний халуун амь үрэгдэхгүй байх байсан. Тэрээр 2009 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр С.Эрдэнэбаяр, Д.Цогтбаатар, Б.Мэндбаяр нарыг Ш.Гантулгатай нийлэн хутга тулган зодож байгаад хүлсэн байдаг.
Тэгэхдээ С.Эрдэнэбаяр, Д.Цогтбаатар нарын гарыг элгэн тушаа цахилгааны утсаар хүлсэн хэрнээ Б.Мэндбаярыг “нум” нэртэй аргаар хүлсэн гэнэ.
Цахилгааны утсыг хоолойгоор нь гогцоолдон арагш татан гэдийлгээд хөл, гартай нь холбон хулжээ. Хөл, гараа хөдөлгөх тусам Б.Мэндбаярын амьсгал боогдон тарчилж нас барсан гэдэг. Энэ хүлэлтээс болж талийгаачийн ам, хамраас цус сад гавин, өтгөн шингэнтэй холилдон амиа алдсан юм билээ. Хамгийн зэрлэг, тарчилган зовоосон аллага гэхэд болно.
С.Эрдэнэбаяр, Д.Цогтбаатар хоёр гарынхаа уяаг тайлж байх зуур Б.Эрдэнэбилэг Б.Мэндбаярынд дайран орсон аж. Тэгээд дүүг нь эхэлж хүлж орхиод ээжид нь хутга тулган хүчирхийлсэн байдаг. Б.Эрдэнэбилэг дур хүслээ хангах явцдаа хохирогчийн бэлэг эрхтэн рүү хутгаар хатгах зэргээр хүний ой тойнд баймгүй үйлдэл хийжээ. Гэрээс гарахдаа алтан ээмэг, бөгж, зүүлт зэргийг аваад гарчээ.
Улсын мөрдөн байцаах газрын онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх хэлтсийн хошууч Л.Төгс-Ухаан Ш.Гантулга, Б.Эрдэнэбилэг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32,2 дахь хэсгийн 91 дүгээр зүйлийн 91,2,2, 91,2,11, 91,2,15,91,2,16-аар яллах дүгнэлт үйлдсэн аж. Танхай, хүчин, дээрэм, булаалт зэргийг нь оруулах юм бол барагдахгүй урт жагсаалт болох юм билээ.
Зөвхөн хүн амины хэрэгтээ л ялын дээд хэмжээ авах бололцоотой байв. Анхан шатны шүүх дээр талийгаач Б.Мэндбаярын ээжийг оролцуулсангүй. Хохирогчдын талаас удаа дараа Нийслэлийи прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбатыг улсын яллагчаар оруулахыг татгалзаж байсан ч тэрээр “Талийгаач Б.Мэндбаярын ээж шүүх хуралд оролцох шаардлагагүй” гэж үзэж байсан байх юм.
Шүүх хурал ч гэж дээ. Б.Эрдэнэбилэгийн талынхан хуралдав. Тэгсэн хэдий ч түүнд 22 жилийн ял оноосон байна. Тэгтэл хавтаст хэрэг мөрдөн байцаалтад буцаж прокурор Ц.Насанбат “Б.Эрдэнэбилэг санамсар болгоомжгүйгээр бусдын амь насыг хөнөөсөн” гээд зүйл ангийг өөрчилжээ. Энэ зүйл анги нь таван жил хүртэлх хорих ялтай.
“Санамсар болгоомжгүй” гэдэг зүйл ангийг ахуйн осол, гэмтэл дээр хэрэглэдэг. Тухайлбал иргэн Бат төмөр хавтан буулгаж байгаад Доржийн дээрээс унаган амь насыг хөнөөлөө гэх мэт. Гэтэл Б.Мэндбаярыг үхэлд хүргэх уяагаар хүлж тарчилган зовоосныг огт хайхарсангүй. Цахилгааны уяагаар хүлсэн “Талийгаач Б.Мэндбаяр өөрөө тайлах боломжтой байсан” гэсэн марзан тайлбар хийсэн байгаа юм.
Цаг хугацаа урагшлах явцад хамтран бусдыг хүлсэн, дээрэмдсэн Ш.Гантулгын хэрэг бүдгэрэн тэнсэн харгалзах ял болсон. Өөрөөр хэлбэл энэ этгээд ялгүй салжээ. Талийгаач Б.Мэндбаярын ээж “Шүүх хурал дээр намайг доромжлох шиг болсон. Өмгөөлөгч Ц.Итгэл “Энэ эмэгтэй хүүгээ хөнөөлгөсний дараа хүчиндүүлсэн гэж мэдэгдсэн. Үүнийг нь нотлох хэрэгтэй” гэж хэлж байсан гэнэ.
Давж заалдах шатны шүүх хурлаар Б.Эрдэнэбилэгийг “Санамсар болгоомжгүйгээр бусдын амь насыг хөнөөсөн” гэж үзээд 4,5 жилийн ял оноосон байна. Тэгээд цагдан хорих хугацаа нь дууссан гэж үзсэн учраас сулласан аж. Б.Эрдэнэбилэгийг суллагдаж байхад талийгаач Б.Мэндбаярын дүүгийн сэтгэцэд гүн өөрчлөлт орж “Шар хадны” эмнэлэгт хэвтсэн гэнэ. Ингээд нэгэн гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэсэн гэдэг.
Б.Эрдэнэбилэгийн хэрэг дээр нэртэй өмгөөлөгч Ц.Итгэл, Б.Оюунбилэг нарын дөрвөн өмгөөлөгч өндөр хөлстэй ажилласан гэх мэдээлэл бий. Энэ талаар өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй холбогдвол “Энэ хэргийн талаар өнгөрөгч тав дахь өдөр дууллаа. Талийгаач нарын ар гэрт л харамсч байна. Талийгаач бүсгүй Б.Дэнсмаа Б.Эрдэнэбилэгийн араас санаа тавьж явдаг байсан” гэв.
Өмгөөлөгч Б.Итгэлээс “Б.Эрдэнэбилэгийг хэдий хэрийн хөлстэйгээр өмгөөлдөг байсан бэ” гэж асуулаа. Тэрээр “Б.Эрдэнэбилэгийн аав, ээж зайлуул зах дээр бараа зардаг айл. Өмгөөллийн хөлс гэж их мөнгө авч байгаагүй. Залуухан өмгөөлөгч нар хүн амины ноцтой хэрэг дээр 5-10 сая төгрөг авдаг. Харин би тэгдэггүй” гэсэн юм. Гайхалтай нь хохирогч Нарангэрэлийн өмгөөлөгчөөр Б.Дэнсмаагийн хамаатан Эрдэнэбаатар гэгч ажиллаж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл Б.Эрдэнэбилэгт мэдээлэл дамжуулах зорилгоор хохирогчийн талд орж ажилласан бололтой.
Б.ЭРДЭНЭБИЛЭГ НАИЗ ОХИНОО СҮХДЭН УНАГААД ХУТГАЛЖЭЭ
Дүүргийн газрын албанд ажилладаг, 25 настай Б.Дэнсмаа одоогоос дөрвөн жилийн өмнө Б.Эрдэнэбилэгтэй танилцсан байна. Төд удалгүй Б.Эрдэнэбилэг хүн амины ноцтой хэрэгт холбогдон урьдчилан хорих төвд хоригджээ. Түүнийг эргэж тойрох, гэмт хэргийн хохирлыг Б.Дэнсмаа барагдуулж байсан аж. Дөрвөн өмгөөлөгч нарын ажлын хөлс, эргэлт тойролт гээд л…
Өмгөөлөгч нарт цалингаасаа нэг, хоёр зуун мянган төгрөг илүүчлээд байсан байгаа юм. 2009 оноос хойш гэмт хэргийн төлбөр тооцоог хийж байсан агаад Б.Эрдэнэбилэгийг цагдан хорихоос гарч ирснээс хойш харьцаагаа салгахаа хэлсэн аж. Үүнд хорссон Б.Эрдэнэбилэг наймдугаар сарын 26-ны орой Баянзүрх дүүргийн IV хорооны III байранд амьдрах Б.Баасанжавынд хүрч ирсэн байна.
Тэрээр үүдний тэндээс Б.Дэнсмаатай хэрэлдэн орж ирэнгүүтээ том өрөөнд сүхдэн унагаад хэд хэдэн удаа хутгалсан аж. Тэгээд тэтгэврийн хөгшчүүл болох аав, ээж хоёрыг нь 5-6 удаа хутгалан амь насыг нь бүрэлгэсэн гэнэ. Харин 16 настай хүүг хүлж хаяад гэрээс нь хоёр сая төгрөг аваад гарчээ. Тэгэхдээ талийгаач Дэнсмаагийн жийп машиныг унаад явсан байна.
Б.Эрдэнэбилэг цагдаад баригдахдаа хоёр жилийн өмнө Б.Мэндбаяраас дээрэмдсэн гутал, куртик зэргийг өмсөөд явсан гэнэ. Б.Баасанжавын голомтыг самрахад прокурор Ц.Насанбатын “санамсар болгоомжгүйгээс хүний амь хөнөөсөн” зүйлчлэл, шүүхийн “хүний амь хөнөөсөн нь нотлогдоогүй” гэсэн үндэслэл “оролцсон” гэхэд болно.
Г.ЯЛГУУН Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
Imerhu adguusnuudig tsazar awah hergtei shde, ed nar amid bla ged hend hergtei um be. Dahij uur hen negnig aluulah ged bga umu hasha um!!! mongolin shuuh arai ch de!!!
ReplyDelete