Манай сонин долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад байгаа цагдаагийн экс удирдлагуудыг......
-Ахын тань биеийн байдал ямар байгаа бол. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Их турсан байна лээ. Гэртээ байсан бол сахарынхаа дэгийг бариад л хоол ундаа тохируулах байсан. Тэнд хоолноос нь авахуулаад зохихгүй зүйл зөндөө л байгаа байх. Ахынхаа биеийн байдалд маш их санаа зовж байна. Өнгөрсөн долоо хоногт уулзах байсан ч зөвшөөрөл өгөөгүй. Тэгэхээр утсаар ярих биш, уулзаж чадахгүй холбоо тасарсан байдалтай байна. Гэхдээ биеийнх нь байдал муу байгаа гэдгийг л мэдэж байгаа.
-Хоригдохоосоо өмнө Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан. Тухайн үед нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээнд хамрагдаж чадсан болов уу?
-Ерөнхий шинжилгээ л өгсөн. Нарийн мэргэжлийн шинжилгээнд хамрагдаагүй.
-Эмнэлэгт хэвтэж байхдаа өрөөндөө архи уусан, гадны хүн оруулсан мэтээр ярьдаг. Бодит байдал дээр биеийнх нь байдал сайнгүй байсан шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?
-Хүнийг зовсон дээр нь зовоох гэж байгаа юм шиг худлаа ярьж болохгүй. Согтуу байсан мэтээр. Бид тухайн үед эмнэлэг дээр байсан. Ах маань өглөөний 09.00 цагт л хувцсаа өмсөөд бэлдчихсэн. "Адилхан тушаал гүйцэтгэдэг цагдаа нараа зовоогоод яах вэ" гэж хэлсэн. Тэр хооронд нь хэвтрийн өвгөн ирж таараад өрөөгөө суллаж өгсөн. Тэгээд эмнэлгээс гараад хэдэн үг хэлсэн. "Миний цагдаа нар адилхан л цус нөжөө гоожуулаад тэмцэж явсан. Дарга нь цагаадаад гараад ирнэ. Битгий санаа зов" гэхэд цагдаа нар нь уйлж байсан. Тухайн үед сэтгүүлчид ховор байсан л даа. Ахыг үг хэлээд, цагдаа нарыг уйлахад сэтгэл эмзэглэж байсан ч бахархсан.
-Экс дарга нарыг баривчлах үед хугацаа заагаагүй. Гэтэл одоо cap гаруй хугацаа өнгөрлөө?
-Тэглээ. Cap гаруйн хугацаа өнгөрчихлөө. Энэ хүмүүсийг биеийн байдлаас нь шалтгаалан гадуур шалгаж болдоггүй юм байхдаа. Эдгээр хүмүүс оргоод зугтаад явчихгүй. Яагаад цагдан хориод байдаг юм. Бидний хүсэлт бол батлан даалтад гаргаад шүүх хурлаа хийгээсэй гэж бодож байна. Энэ хооронд бие нь муудвал хэн хариуцах юм бэ.
-Шүүх хурлыг үнэн зөв явуулахын тулд өмгөөлөгч сонгох хэрэгтэй. Гэтэл өнөөдрийг болтол өмгөөлөгчгүй сууж байна. Үүнд ар гэрийнхэн нь санаа зовж л байгаа байх даа?
-Өмгөөлөгч сонгогдоод дараагаар нь хавтаст хэрэгтэй танилцах л байх. Тийм хугацаа өгөхгүй байна шүү дээ.
-Өмнөх өмгөөлөгчтэй нь уулзсан уу. Тэр хүн энэ хэргийг дөрвөн жилийн турш судалсан болохоор туршлагатай байгаа?
-Нэгэнтээ л өмгөөлөхгүй гэсэн болохоор яах ч аргагүй. Дараа нь дахиад өмгөөлөгч томилсон. Бас л өмгөөлөөгүй. Бид нарийн мэдээллийг нь мэдэхгүй. Зурагтаар л энэ хэргийн эргэн тойрны мэдээллийг сонсдог.
-Ахыг тань хэрэгт унагасан өдөр бол долдугаар сарын нэгэн. Тэгэхээр энэ өдрийг эргэн дурсвал...?
-Шөнөжингөө л зурагт үзэж уйлсан. Аймар байсан. Цагдааг доошоо унахад тэр олон хүн өшиглөөд л цагдаа өрөөсөн бөөрөө авахуулсан байдаг. Тухайн үед бодохдоо "Дарга нь юм чинь удирдлагаараа хангаад гайгүй байх" гээд ахдаа санаа зовох нь бага байсан. Манай ах цагдаа нар шигээ чулуу модонд цохиулаад л үүргээ гүйцэтгэсэн. Тэр үед хөл, гартаа зөндөө шарх авсан. Одоо ч сорви нь бий. Чулуунд нүдүүлээд, балбуулаад яг адилхан гүйж явсан.
-Үймээний үеэр Эргүүл хамгаалалтын газрынхан голчлон үүрэг гүйцэтгэсэн байдаг. Танай ах тус газрын дарга байсан болохоор бүх хариуцлага л оногдсон байх?
-Ерөөсөө гол цөм нь Эргүүл хамгаалалтын газар байсан. Ах маань тэр өдөр гэртээ ирээгүй. Тэр үед манай эгчийн бие муу, сэхээнд байсан. Тэгэхэд үүргээ гүйцэтгээд л явж байсан хүн шүү дээ. Маргааш нь цус нөжтэйгээ холилдчихсон ирсэн.
-Үймээний үеэр зарлагдсан онц байдал олон асуултын учгийг тайлах юм шиг санагддаг. Тухайн үед онц байдал гээчийг эрт зарлаж болох байсан уу. Заавал шөнийн цагаар зарлаж, тэр үед нь хүний амь нас хохирсон байгаа шүү дээ?
-Хувь хүн талаасаа бодохоор онц байдлыг эртхэн зарласан бол байдал ямар ч байх байсан юм. Шөнө болохоор бүх зүйл задгай болсон. Миний бодлоор дөрвөн хүн нас барсан асуудал хэцүү л дээ. Хохирогчдыг ойлгож байна. Гэхдээ намын байранд байсан тэр олон мянган хүнийг эсэн мэнд аварсныг яагаад хэн ч ярихгүй байгаа юм бэ. Тэр дунд чинь жирэмсэн эмэгтэй ч байсан гээд ярилцлага гарсныг уншсан. Тэгэхээр энэ олон хүний амийг аварна гэдэг цагдаа нар сайн ажилласных. Дөрвөн хүн яагаад нас барсныг ойлгохгүй л байна. Бид ч гэсэн зовж л байна шүү дээ. Шууд хэлэхэд, миний ээж энэ үйл явдлаас болж цус харвасан. Мөн сэтгэл санааны хямралаас болоод хавдар нь илэрсэн. Эмчийн хяналтад байдаг. Тэгэхээр бид бусдын адил л хохирогчид. Онц байдал зарласан л бол цагдаагийнхан ямар ч эрх мэдэлгүй юм билээ. Тэгэхээр улс орон, ард иргэд, цагдаа нар энэ хэрэгт туршлагагүй хандсан. Ийм зүйлийг бид үзээгүй шүү дээ. Анх удаа л үзлээ.
-Ш.Батсүх хурандааг цагдаагийн бие бүрэлдэхүүнийг удирдаад явахаас гадна, гэр бүлийнхээ гишүүдийн ноён нуруу байсан гэдэг. Энэ талаар ярихгүй юу?
-Миний ах өнчин хэдэн дүү нартаа ч биш хамтран ажиллаж байсан хүмүүсийнхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг нэгэн. Тийм л нэртэй хүн. Таксинд суугаад явж байсан чинь "Батсүх хурандаа гэж сайхан сэтгэлтэй, хүнийг хайрладаг хүн" гээд хэлэхээр сайхан л сонсогдож байсан. Миний ахад хүмүүс ам сайтай байдаг болохоор би бахархдаг юм. Хамт ажиллаж байсан хүмүүстээ аав шиг нь ханддаг. Хамгийн сүүлд Эргүүл хамгаалалтын газрынхантайгаа амралтад явсан. Тэр үед цагдаа нар нь ахад их баярласан гэсэн. Яг л аав шиг нь авч явсан гээд ярьдаг. Ах минь мундаг л даа. Бид өнчин, аав минь эрт өнгөрсөн. Хэдэн дүүгийнхээ гарыг ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүн. Тэгэхээр бидний аав л гэсэн үг.
-Цагдаагийн дарга нарыг яллах үндэслэл хууль зүйн талаасаа хэр оновчтой бол. Тэдэнд тулгасан зүйл ангиуд өнөөдрийг хүртэл асуулт дагуулсан хэвээр байна. Энэ талаар судалж үзсэн үү?
-Нэгдүгээрт хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн. Хоёрт гэвэл, цэргийн гэмт хэрэг гэдэг зүйлчлэл чинь Ц.Нямдоржийн ярьж буйгаар байхгүй юм билээ. Тэгэхээр энэ зүйл ангиар шийтгэх гээд байгаа нь сонин. Дорлигжав прокурор хурлын протокол үзүүлээд байсан. Түүнд дээр юу ч байж болно шүү дээ. Хамгийн гол нь гарсан шийдвэр чухал. Хуулийн мэргэжилтэй биш болохоор ойлгохгүй л байна. Өршөөлийн хуульд хамрагдах үед нь үнэхээр баярлаж байсан. Тухайн үед Еренхийлөгчийг үнэхээр зөв зүйл хийлээ, шударга байна гэж бодож байлаа. Гэтэл хоёр заагтай л зүйл байж дээ гэж бодож байна.
-Энэ хэрэгт заавал цагдаа нарыг буруутгах гээд зүтгээд байх шиг. Гэтэл ард түмний үзэл бодол арай өөр байгааг анзаарсан уу?
-Ихэнх хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй л байгаагаас биш цагдаагаа өрөвдөж хайрладаг юм билээ. Зарим нь хүний амь хохироосон гэдгээр бодож байж магадгүй. Гэтэл энэ дөрвөн дарга чинь шууд хүн буудчихаагүй шүү дээ. Б гэдэг иргэнийг Батсүх буудаагүй. Энэ хэрэг нотлогдоогүй л гэдэг. Хавтаст хэрэг дээр юу гэсэн байдгийг мэдэхгүй.
-Эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийнхан сургуулилтын сумаар анхааруулж буудсан. Харин хүний амийг галт зэвсгээр хөнөөсөн. Энэ хоёрын хооронд хол зөрөө бий?
-Зөндөө олон сум илэрсэн. Гэхдээ цагдаагийн байгууллагад бүртгэлгүй сумнууд олон гээд сонинд бичсэн байсныг харсан. Тэгэхээр гайхаж байна л даа. Яахаараа тэр цагдаагийн байгууллагад байхгүй сум гараад ирэв. Үүнийг нарийн шалгах л ёстой байх.
-Цагдаагийн байгууллаган нарийн дэг журамтай. Энэ хүрээнд буу, сум нь хүртэл бүртгэлтэй байх ёстой?
-Маш нарийн шүү дээ.
-Ш.Батсүх хурандаа хоригдохоосоо өмнө гэр бүлийнхэндээ юу гэж хэлдэг байсан бэ. Мэдээж ах дүүгээсээ нуух юмгүй биз?
-Манай ах ажлынхаа талаар нарийн ярьдаггүй байсан. Гэхдээ бид "Ахаа одоо яах бол. Бид танд санаа зовж байна" гээд асуусан. Тэгэхэд ах "Учир нь олдох байх аа. Ах нь хүн буудаж алаагүй. Зөвөөр л шийдэгдэх байх" гэж хариулсан. Хурандаа болтлоо ажилласан хүн бидэн шиг биш шүү дээ.
-Танай гэр бүлд цагдаагийн албан хаагчид бий юү. Хурандаа маань цагдаагийн байгууллагад хэр удаан ажилласан юм бэ?
-Аав ээж хоёр минь ардын армид насаараа ажилласан хүмүүс. Аав маань 026 дугаар ангид жолооч, ээж цэргийн ангид насаараа нягтлан бодогч хийсэн. Манай ах 1975 онд аравдугаар ангиа төгсөөд 17 настайдаа тусгай дунд сургуульд орж байсан. Тэгээд л 20 настайдаа цагдаа болсон. Ингээд Архангайд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаад хот руу шилжсэн. Баянзүрх дүүрэгт хүүхдийн байцаагчаар ажиллаж байгаад Москвад суралцахаар явсан. Ирээд Сүхбаатар дүүрэгт орлогчоор ажилласан байдаг юм. Дарга байх хугацаандаа долоон жил дараалан аварга болсон. Олон ноцтой хэрэг илрүүлж байсан юм билээ. Тухайлбал, "Шунхлай"-н Батхүүгийн гэрт байсан хүүхдийг нь хөнөөсөн хэргийг цаг алдалгүй илрүүлсэн байдаг. Сайн ажиллаж л хурандаа цол авсан. Хурандаа болтлоо ажиллана гэдэг ажлын туршлага их нөлөөтэй шүү дээ.
-Хурандаа цол авахад нь баярлаж байсан байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Бид бөөн баяр болсон. Дэд хурандаа цолыг бага зүүсэн дээ. Х.Тэмүүжин гишүүний ярьж буйгаар жирийн цагдаа, дарга гээд ялгаж харьцаад байх, юм. Жирийн цагдаагаасаа л сайн, сайхан ажиллаж хурандаа болохыг л хүсдэг биз дээ. Цагдаа хүний мөрөөдөл хурандаа болох л байдаг. Гэтэл өнөөдөр жирийн цагдаа, дарга гээд ярихаар гайхаад байна. Мөн 2008 онд Цагдаагийн ар гэрийн холбоог дуугараагүй байж дарга нарыг хэрэгт холбогдохоор дуугарлаа гэдэг. Худлаа шүү дээ. Жинхэнэ л тэмцэж явсан. Цагдаа нараа шоронд ороход нь гаргаж авах гээд л тэмцсэн. Бид бүгд л ар гэрийн холбооны гишүүд шүү дээ.
-Та иргэн хүнийхээ хувьд шүүхийн үйл ажиллагааг юу гэж дүгнэж байна вэ. Үнэлэлт өгөх хүмүүс цөөнгүй л байх юм?
-Шүүхэд эцсээ хүртэл итгэж байна. Шударга шүүх байх. Энэ дөрвөн даргыг заавал шоронд хийх нь чухал биш. Хэргийг үнэн зөв л шийдэх хэрэгтэй. Гэмт хэрэг хийсэн хүнтэй үүрэгт ажлаа хийсэн хүмүүсийг харьцуулж болохгүй. Эдгээр хүмүүс сайн дураараа жагсаалд оролцоогүй, эмх замбараагүй байдлыг арилгах гэж л зүтгэсэн. Би ахыгаа ажлаа хийх гэж очсон л гэж бодож байна. Тэрнээс биш баахан цагдаа дагуулаад очоогүй. Тушаал биелүүлсэн л гэж ойлгож байгаа.
-Долдугаар сарын 1-ний хэрэг сонгуулийн будлиантай холбоотойг олон хүн хэлдэг. Таны бодол?
-Тийм зүйл болно гэж бодоогүй. Манай Баянгол дүүргээс С.Эрдэнэ, Х.Тэмүүжин гишүүн сонгогдсон. Тэгэхэд тэнцүү л санал өгсөн байдаг. Тэр өдөр охинтойгоо дэлгүүрт орсон чинь зурагтаар аймаар юм гарч байсан. Айсандаа гэр рүүгээ явсан. Миний дүү, хүү ч цагдаад ажилладаг. Зодуулж байгаа цагдааг хараад битгий унаасай гэж бодож байсан шүү. Цагдаа нарыг гамгүй зодсон. Манайхан цагдаа нараа хэр өмөөрдөгийг мэдэхгүй. Гэхдээ яг цагаа тулахаар цагдаа шиг хэрэгтэй хүн байхгүй. Цагдаа бүх юманд байдаг. Цагдаагаа нохойд барьдаг мод шиг л ашигладаг болж. Тэгээд буруудах болохоор цагдаа. Гэтэл цагдаад чинь бидний үр хүүхэд ахан дүүс л байдаг шүү дээ. Гэтэл яагаад хайрлахгүй, бүх зүйлд буруутгах гээд байгааг нь ойлгохгүй юм. Эсвэл дүрэмт хувцас өмссөнд нь дургүйцээд байдаг хэрэг үү. Хүүхэд бүр л цагдаа болно гэдэг байсан бол одоо бараг айж байгаа байх. Ганц нэгээрээ явж байгаа цагдааг зодож ч магадгүй болжээ. Зодуулж ч байгаа шүү дээ.
-Ингээд ярихаар цагдаа нарын эрх ашгийг хамгаалах газар алга. Хувцас хэрэглэл, цалин мөнгө өглөө ч албан хаагчийн сэтгэл зүй, эрх ашиг хамгаалагдахгүй байх шиг санагддаг?
-Алга л юм шиг санагддаг. Цагдаа дандаа буруутан болдог. Хоёр иргэн нэг цагдаа зодолдлоо гэхэд цагдаа л буруудна. Тэгээд л ажлаасаа халагдана. Тэд амьдрах гэж л яваа аавын хүүхдүүд шүү дээ.
-Өглөө сэрэх бүрдээ ахыгаа суллагдах болов уу гэсэн найдлага тээдэг байлгүй?
-Өө, тэгнэ. Өглөө бүхэн дээжээ өргөж, Ганц худгаас гарчихаасай гэж хүсдэг. Эрүүл саруул байж байгаад шүүх хурал нь болоосой, эмчилгээгээ хийлгээсэй гээд залбирдаг. Ганц худагт нарийн мэргэжлийн эмч нар байхгүй байх гэж боддог. Сахар гэдэг чинь хэцүү өвчин. Дэглэмээр хооллож тариа хийлгэх ёстой. Ер нь бие муутай хүн.
-Сахарын өвчин гэснээс эдгээр дарга нар нэг төрлийн өвчтэй байгаа нь олны анхаарлыг татаад байх шиг?
-Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хүн цаг наргүй, хоол ундны дэглэм барихгүй ажилладаг. Тэгэхээр ихэнх нь бие муутай, сахарын өвчтэй байдаг юм. Ер нь шинжилгээ хийгээд үзвэл ихэнх нь сахарын өвчтэй гарах байх.
-Өмгөөлөгчдийг шууд томилох нь хуулийнхаа хүрээнд буруу гэх. Тэгэхээр дөрвөн даргад өмгөөлөгч сонгох асуудал өнөөдрийг болтол шийдэгдэхгүй байна?
-Олон хавтаст хэргийг өмнөх өмгөөлөгч нар бүрэн гүйцэт уншиж амжаагүй байхад хэдхэн хоногийн дотор танилцана гэдэг хүний эрхийг зөрчиж буй хэлбэр гэж үзэж байна.
-Энэ хэргээс болоод өмгөөлөгч нар бас шийтгэгдээд байна уу даа?
-Өмгөөлөгчдийг нь 14 хоног хорилоо. Ингээд байхаар өмгөөлөгчдөд хэцүү. Тэр тусмаа эмэгтэй өмгөөлөгчдөд бүүр л хэцүү дээ. Хорих ангид болсон шүүх хурлын үеэр Итгэл өмгөөлөгчийн бие муудсан. Тухайн үед өрөвдөж л байлаа. Бие муутай, настай хүн шүү дээ. За хоёр эрэгтэй өмгөөлөгч нь хоригдоод гараад ирлээ гэхэд дараа дараагийн өмгөөлөгчид нь эмэгтэй хүн байвал яах вэ. Өмгөөлөгч гэдэг шударга л хандаж байгаа биз дээ. Өмгөөлөгч нарт баярладаг юм.
-Экс дарга нарын эрх шоронд хоригдсоноор хасагдаагүй. Харин өнгөрсөн дөрвөн жилийн турш эрх мэдэлгүй, хохирлоо шүү дээ. Энэ байдал ар гэрийнхэнд ч нөлөөлнө биз?
-Маш хэцүү байсан. Эрх нь хоригдоод гадагшаа ч явж болохгүй байсан шүү дээ. Нүүрэн дээр болохоор "Ах нь зүгээр" л гэдэг. Гэтэл бодит байдал дээр шөнө ч унтаж чаддаггүй байсан гэж бэр эгч хэлсэн. Шөнө сэрээд харахаар нүд нь хараастай хэвтэж байдаг гэсэн. Бид амралтын өдөр л ахтайгаа уулздаг байсан. Тэр үед л сэтгэл санаагаар дэмждэг байсан. Тэгж л тэр хүмүүсийг зовоосон. Ахаас гадна бид ч дөрвөн жил шаналлаа. Үүнээс болж ээж маань ч шаналж байна. Манай ах хамгийн том нь, бид эхээс наймуулаа. Тэгээд ээж "Та нар ахыгаа харж хандахгүй байна" гэдэг. Харамсалтай нь бид хаашаа л очно, хана мөргөөд байгаа юм чинь.
-Хурандаа хэдэн хүүхэдтэй вэ?
-Гурван хүүхэдтэй. Бүгд л сайхан ажил хийж, сайн явж байна. Ахын минь л буян. Хамт ажиллаж байсан хүмүүс нь бидэнд сэтгэл санааны дэм өгдөг. Шүүх хурал нь болох өдөр шүүхийн гадна цуглаад, хий л санаа тавиад явахаар сэтгэл өөдрөг л байна. Миний ах өөрөө олон эрэгтэй дүүтэй болохоор цагдаа нарыг хайрладаг байсан. Тийм учраас ахад хамт олон нь дасдаг байх л даа. Цагаан сараар бужигнасан айл байдаг юм.
-Шүүхийн гадна цагдаа нар жагсч өөрсдийн сэтгэлээр дэм өгч байсан нь таны сэтгэлд үлдсэн байх даа?
-Цагдаа нар ирсэн. Гэхдээ ажлаа хийж явсан цагдаа нар биш. Бүгд ээлжнээс буугаад ажилгүй байсан хүмүүс. Бид тэр болгоныг танихгүй шүү дээ. Ихэнх нь хуучин хамт олон нь гэсэн.
-Шүүх хурал болдог өглөө гэрээсээ гарахдаа хоригдоно чинээ бодоогүй биз?
-Тэгсэн. Хоригдоод явчихна гэж санаагүй. Дуудсан цагт нь ирдэг байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн яриад байгаа шиг дуудахад ирээгүй учир баривчиллаа гэдэг худлаа. Тийм зүйл болоогүй. Тэгэхээр шүүхийнхэн хүлээцтэй, ухаантай хандах хэрэгтэй байх. Энэ хүмүүс хэд хоног ч гэсэн эрүүл саруул байгаасай гэж бодож байна.
-Долдугаар сарын 1-ний хэргийг эргэн сөхөхөд хэцүү байдаг уу?
-Тэгнэ шүү дээ. Бид аавыгаа алдаад, дараа нь дүүгээ алдаж их зовсон. Бид ярьдаг юм. "Хүн гэдэг богинохон настай. Тэгэхээр бусдадаа буян болж явах ёстой юм байна" гээд ах дүүсээрээ ярьж байсан шүү. Яг энэ утгаар л ах минь ажилласан байх гэж бодож байна. Заавал хэн нэгнийг буруутгаж, муу муухайг нь үзэх хэрэггүй шүү дээ. Бие биедээ тустай л явж байвал боллоо.
-Манай цагдаагийнханд мэргэн бууч байдаг юм болов уу?
-Нас барсан хүмүүсийн эрүү рүү буудсан гээд байгаа. Энэ их сонин. Цагдаад тийм мэргэн бууч байхгүй байх аа. Цагдаа бороохойдсон гэвэл үнэн. Тэрнээс биш эрүүгээр нь буудаад шилээр нь гаргаад байна гэвэл утгагүй биз дээ. Тэгээд ч цагдаа нар мэргэн буучийн биш сургалтын АКМ-тай байсан байдаг.
-Тухайн үеийн Эргүүл хамгаалалтын газарт тусгай тасаг гэж байсан?
-Мундаг бууддаг цагдаа байхгүй байх аа. Яахав бусдыгаа бодвол биеийн тамираар илүү хичээллэдэг хүмүүс л бий. Тийм л цагдаа байдаг байх гэж бодож байна.
-Ер нь цагдаагийн техник хэрэгсэл их муу санагдсан. Хагархай бамбай, хугарсан бороохойноос өөр зүйлгүй?
-Муу, муу. Хүмүүс харсан байлгүй. Ганц цохиулаад л хагарч унах жишээтэй. Нөгөө хагарсан бамбай, малгайгаа ээлжлээд л өмсч байсан гэдэг.
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хар дэвтэр нээж, задраагүй нууцыг илчилсэн хүн. Тэмдэглэл хөтөлсөн гэх цагдааг Эргүүл хамгаалалтын газарт ажилладаг байсан гэцгээх юм билээ?
-Үймээн, самууны дараа Эргүүл хамгаалалтын газраас хэвлэлийн хурал хийж байсан юм. Тэр үед, нүдний шилтэй эмэгтэй "Хохь чинь тэр буудуулсан хүмүүс гэж хэлсэн". Энэ үед хүмүүс гомдоод л, яахаараа биднийг хохь чинь гэдгийн гээд шуугиан болсон шүү дээ. Гэтэл тэр эмэгтэйн хүүхэд Төмөрхуяг гэх нөхөр л тэмдэглэл хөтөлсөн гээд байгаа. Одоо Авлигатай тэмцэх газарт жолооч хийдэг юм гэнэ лээ. Энэ бол шударга бус. Ээжийнх нь хэлсэн үг аль нэг телевизийн бичлэгт байж л байгаа байх. Энэ тэмдэглэлд би итгэхгүй байна. Тэр бол шоу. Тэр цагдаа хоригдоогүй, ганцаараа зугтсан гэлцдэг юм билээ.
-Хүний амь хөнөөсөн сумнууд улс төрчдиин халаасанд байгаа нь олны гайхшралыг төрүүлдэг. Тэр сум нотлох баримт гэгдэх ёстой. Гэтэл хэн ч шалгаагүй байтал хаа хамаагүй хүний гарт орчихсон. Энэ бас эргэлзээтэй асуултын нэг л дээ?
-Хуулийнхан, прокурорууд их сонин зүйл ярьдаг. Шалгагдаж байгаа хэргийг наана нь хэзээ ч ярьдаггүй. Гэтэл тэгсэн ингэсэн гээд нотлогдчихсон юм шиг ярихаар сонин байдаг юм. Шүүхээр нотлогдсоны дараа ярих ёстой. Би мэргэжпийнх нь хүн биш болохоор сайн мэдэхгүй юм. Худал хэлсэн хүнд, нотлох баримт бариагүй ч хүн алга.
-Энэ хэргээс болоод хуулийн мэдлэгтэй болж байна уу?
-Бага зэргийн мэдлэгтэй болсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг уншиж үзье гэж бодоод байна.
-Ахтай нь мөр зэрэгцэн зүтгэж явсан дарга нар өнөөдөр хоригдож байгаад харамсдаг уу?
-О.Зоригт л гэхэд хөлнийх нь судас бүдүүрчихсэн гишгэж чадахгүй эмнэлэгт байгаа. Бусад нь ч хэцүү л байна. Ах минь их турсан байсан. Бүгд л зовж байгаа шүү дээ.
-Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг танд үлдээе?
-Үнэхээр уриалж байна. Цагдаа нараа бүх юманд явуулдаг. Гэтэл тэднийг өмөөрч хамгаалах хэн ч байхгүй. Мөрдэс зүүсэн хэдэн хүний чинь амьдрал хэцүү байна. Цагдаа нараа хайрлаач ээ. Сая л гэхэд Н.Энхбаярыг баривчлах үеэр цагдаа нар л буруутан боллоо. Үүрэг гүйцэтгэснийх нь төлөө буруутгах ёсгүй. Иргэд цагдаа хоёрын дунд зааг ч гараад байх шиг. Энэ олон залуусын хүсэл зоригийг мохоох хэрэггүй. Цагдаа нар тушаалаар л ажилладаг. Хоригдсон хүмүүсийн ар гэрийнхэн ингэж зовж байхад нас барсан хүмүүсийн ар гэр үүнээс илүү л шаналж байгаа. Тэрийг ойлгож байна. Ахыгаа гарч ирээд долоо хоногийн өмнө ч болтугай эмчлүүлээсэй гэж хүсч байна.
А.Лхагважав
Эх сурвалж: "Нийгмийн толь"
0 сэтгэгдэл:
Post a Comment