2012/05/01

Ө.Уянга: Надад дундаж амьдралтай хүний хэрэглээ л хангалттай


Өнөө цагийн монголын сонгодог урлагийн залуу үеийн нэрийн хуудас болж яваа дуучин ......
..........бол Соёлын тэргүүний ажилтан, ДБЭТ-ийн гочлол дуучин Ө.Уянга юм. Тэрбээр дуурийн эх орон Италид мэргэжил дээшлүүлж дуулах ур чадвараа улам өсгөсөн. Ямагт гал цогтой төрхөөрөө өөрийгөө чимж явдаг дуучин бүсгүй ирэх зургадугаар сард уламжлал болсон “Монгол” тоглолтоо хийх аж. Түүнтэй уран бүтээлийн талаар хөөрөлдлөө.
-Саяхан танай гоцлол дууны анги 60 жилийн ойгоо тэмдэглэсэн?
-Миний хувьд бүхэл бүтэн 60 жилийн түүхтэй хамт олны дунд ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ түүхэн ойн том арга хэмжээ болох “Жаран дамжсан зуун эрхэм” нэртэй тоглолт хийлээ. 60 жилийн хугацаанд 100 гаруй солист ажилласан байдаг юм байна. CD, ном гаргасан. Энэ өдөр алдарт уран бүтээлчидтэйгээ уулзан учирч тайзан дээр дуулахыг нь харж баясч хамтдаа баярлалаа. Бид энэ тоглолтод өвөрмөц байдлаар хүндэтгэлийн хэлбэртэй оролцсон.
Гэхдээ би улаан хивсэн дээр тод өнгийн платье өмсөөгүй. Урлах эрдэм загварын агентлагийн хувцас буюу монгол хүний оюун ухаанаар бүтсэн хувцсыг өмслөө. Би Урлах эрдэм, Сити загварын товчоотой хамтарч ажилладаг. Энэ удаа ч гэсэн тэднийхээ урласан хувцсыг өмсч, тэдний брэндийг сурталчиллаа.
-Та улаан хивсний ёслол дээр ямар уран бүтээлээр бэлэг барьсан бэ?
-Миний хувьд хамгийн сайн дуулдаг аригаа дуулсан. Хүмүүс ч сайхан хүлээж авсан.
-Дууриасаа гадна хувийн уран бүтээл дээрээ хэр ажиллаж байна вэ?
-Хувийн уран бүтээл гэвэл маш их ажилтай байна. Одоо МУГЖ Банди багшийн маань нэрэмжит дуулаачийн өдрүүд явагдаж байгаа. Би СУИС, Хөгжим бүжгийн дунд сургууль, Сити дээд сургуульд хичээлээ зааж байгаа. Эхлээд СУИС-дээр мастер классикийн хичээл хийхэд маш үр дүнтэй болсон. Одоо тавдугаар сарын 2-нд хөгжим бүжгийн дунд сургууль дээр хийнэ. Дараа нь манай Банди багшийн нэрэмжит улсын уралдаан болно. Дандаа мэргэжлийн дуучид оролцох учраас өргөн цар хүрээтэй уралдаан болох юм.
-Таны “Монгол” тоглолтыг үзэгчид их хүсэн хүлээдэг. Энэ жил хэзээ тоглох вэ?
-Зургадугаар сарын эхээр хийнэ. Энэ жил зургаа дахь удаагаа болж байгаа. Миний тэргүүлдэг Гранд опера гэж ТББ байдаг юм. Энэ байгууллага маань сан болж өргөжөөд энэ хүрээндээ дуурийн урлагийг сурталчлах, дэлхийд монголын дуурийг сурталчлах, монголд дэлхийн дуурийн урлагийг сурталчлах үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хүрээнд бүх үйл ажиллагаа хийгдэж байгаа юм.
-Анх энэ тоглолтоо 35 доллараар тоглож байсан. 35 доллараар монголд хэдэн хүн үзэх бол гэдгийг бодолцож үзсэн болов уу гэж бодож байснаа нуугаад яахав. Харин энэ удаагийн тоглолт хэдэн төгрөгийн тасалбартай вэ?
-Тоглолтын үнийг хувийнхаа зүгээс өндөрсгөө гэсэн зорилготойгоор хандаж ирсэн. Театр анх 3000, 5000-ын тасалбартай байхад би 35 ам.доллараар зоригтой тоглож байсан. Одоо тэр мөнгө их мөнгө биш. Түүнээс хойш үнэ өссөөр байгаад улаан хивсний ёслол 50.000 төгрөгийн үнэтэй боллоо. Гэхдээ энэ бага үнэтэйд орж байгаа. Яагаад гэвэл хүмүүс 100,150 доллараар тоглож байна. Тийм учраас миний хувийн тоглолтын үнэ буухгүй тодорхой хэмжээгээр үнэтэй байх болов уу гэж бодож байна. Учир нь амьдаар дуулж хөгжимдөж байгаа учраас зайлшгүй үнэлэх ёстой.
-Дуучид тоглолт хийж багагүй орлогоо нэмэгдүүлдэг?
-Надад дундаж амьдралтай хүний унадаг машин, өмсдөг хувцас байхад л хангалттай. Сонгодог урлаг өөрөө гоё зүйлийг шаарддаг. Энэ бүхэнд тохируулж өөрийгөө авч явдаг. Түүнээс ямар нэг брэндийг тахин шүтээд түүн рүү хошуурах байдалд миний бодол санаа одоохондоо автаагүй. Ерөнхийдөө үндэснийхээ зүйлсийг монголдоо брэнд болгохыг хүсдэг.
-”Классик жем” хамтлагтайгаа хамтарч уран бүтээл хийх үү?
-Одоо би дуурийнхаа чиглэлээр уран бүтээлээ хийж байгаа учраас хамтлагтайгаа уран бүтээл хийхгүй байгаа. Харин тэд тусдаа уран бүтээл хийж болох юм.
-Дуучин болгон тоглолт хийдэг болохоор тасалбар борлуулна гэдэг багагүй толгойн өвчин болдог юм шиг санагддаг?
-Уран бүтээлч хүн үзэгчиддээ мартагдаж гээгдэхгүйн тулд байнга өөрийгөө шинэчилж байх ёстой гэж би ойлгодог. Тийм учраас тоглолтуудаа аль болох шинэлэг хэлбэрээр урьд урьдынхаасаа давтагдахгүй хийхийг боддог. Энэ ч утгаар тодорхой хэмжээний үзэгчидтэй болсон юм болов уу гэж боддог юм. Ямар ч байсан үзэгчид ирж миний дууг сонсдогт баяртай байдаг.
-Тоглолтынхоо ашгаас хүмүүнлэгийн ажилд хэрхэн зарцуулдаг вэ?
-Үнэнийг хэлэхэд тоглолт ашигтай гэхээсээ ашиггүй байх нь их. Гэхдээ энэ нь хүмүүжлийн маш ач холбогдолтой. Бид “Классик жем” хамтлагийнхаа шугамаар жил бүрийн зургадугаар сарын 1-нд Жем интернейшль компанитай хамтарч хүүхдийн асрамжийн газар болон эмэгтэйчүүдийн хорих газарт очиж тоглолт хийж гарын бэлэг өгдөг байлаа. Харин одоо хүүхэд, залуучуудыг яаж дуурийн урлагаар хүмүүжүүлж яаж сонгодог урлагийг ойлгуулахав гэдэг талаас сургалт явуулж байгаа.
-Та байсхийгээд стиль имижээ өөрчлөх юм?
-Тухайн жилийн дуурийн дуучдын ч гэдэг юмуу бусад загварын чиг хандлага хаашаа байна, түүнийг дагаж хувцсаа зохицуулдаг. ДБЭТ монголын нэг номерын театр. Энэ театр зөвхөн дуучид биш, бүжигчин, хөгжимчин, бүгд байдаг. Тэр дундаа гоцлол дуучид дуулахынхаа хажуугаар жүжиглэдэг. Нэг ёсны урлагийн цогц үйл ажиллагаа явагдаж байдаг. Нэг номерын театрын дуучид өөрсдөө нэг номерын байх ёстой. Манайд залуу авьяаслаг уран бүтээлчид олноор орж ирж байна. Дөнгөж сая олон улсын уралдаанаас гранпри шагналыг аваад ирлээ. Өмнө нь ч том том уралдаанаас том шагналууд авчирсан. Сүүлийн үед маш их одтой байгаа. Бид өөр өөрийн өнгө төрхтэй дуучид. Дахин давтагдашгүй бүх хоолойнууд нь өөр өөрийн өнгөтэй. Тэгж байж дуурьтаа дуулж олон янзын дүр бүтээдэг.
-Та хэдэн дуурьт гарав?
-Би 2003 оноос ДБЭТ-т ажилласан. Энэ хугацаанд арваад дуурийн гол дүрд дуулсан. Туслах дүр гээд яривал нэлээд зүйл болно. Дээр нь дуулааүй, гараагүй дүр нэлээд бий. Энэ бүхнийг амжуулна гэж боддог.
-Та их эмоцтой, эрч хүчтэй уран бүтээлч. Магадгүй ингэж байж ч чанартай сайн уран бүтээл төрдөг байх?
-Энэ үнэн. Тэгж байж бүтээл төрнө. Урлагийн хүн олон хүнийг баясгаж уяруулж байдаг учраас тэр бүхэндээ сэтгэлээ зориулах нь зүйн хэрэг. Тийм учраас тайзан дээр байдаг. Уянгаа амьдрал дээр байдаг Уянгаа хоёр үнэнээрээ байх ёстой. Миний хувьд хамгийн түрүүнд өөрийгөө хөгжүүлье гэж боддог. СУИС-ын магистрт сурсан ч ажил ихтэй болохоор түр зуур хойшлуулчихаад байгаа. Хэлний мэдлэгээ улам сайжруулж зунаас гадагш явж сурах байх.
-Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл?
-Гоцлол дууны ангийн 60 жилийн ойг тэмдэглэнэ гэдэг бидний мөрөөдөл байсан. Жаран дамжсан уран бүтээлчдийг алдаршуулж Төрийн соёрхолт Л.Цогзолмаа гуайгаас эхлээд Ардын жүжигчин Пүрэвдорж гуай, Хайдав, Уртнасан манай багш Банди, УГЗ Эрдэнэбулган нарын том дуучидтай уулзаж тэдний үнэтэй сургаалыг сонссондоо бахархалтай байлаа.
-Танд дуурийн урлаг юуг өгсөн бэ?
-Улам дайчин шаргуу болдог юм байна. Европын соёлоос суралцаж олон зуун жилийн түүхтэй, Европын урлагаас эзэмшинэ гэдэг бүхэл бүтэн хүнийг хүмүүжүүлдэг гэж хэлж болно. Ер нь аливаа юм жижигхэн байх тусмаа амттай байдаг. Би “Классик жем” хамтлагт байх гурван жилийн хугацаанд хоёр цомог гаргасан, хэд хэдэн тоглолт хийсэн учраас надад хангалттай.
Д.Нэргүй

0 сэтгэгдэл:

Post a Comment