2013/12/23

Хурууны хээгээр ирц бүртгэх нь зөв үү?

УИХ-ын  чуулганын өнөөдрийн нэгдсэн хуралдаанд гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүллээ. Гишүүдийн ирц харьцангуй сайн байгаа ч хурууны хээгээр ирц бүртгүүлэх, ирсэн дарааллаар асуулт асуух, үг хэлэх  асуудал маргаан дагуулав.

УИХ-ын гишүүн С.Баярцогт "Ирсэн дарааллаар үг хэлнэ гэдэг гишүүдийн эрхийг зөрчиж байгаа асуудал. Ард түмэнд таалагдаж байгаа гээд туйлширч болохгүй" гэсэн бол МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Хурууны хээгээр ирц бүртгэх тухай хууль батлаагүй байж шууд оруулж ирж байгаа нь буруу" гэсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд "Гишүүдийн ирцийг бүрдүүлэх арга хэмжээ авах нь УИХ-ын даргын мэдэлд байдаг. Тиймээс хууль батлахыг хүлээх шаардлагагүй" гэлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар  УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх нь дэмжсэн. Гэхдээ зарим гишүүд  дээрх хуульд хурууны хээгээр ирц бүртгүүлэх тухай заалтыг мөн л эсэргүүцэж байлаа. УИХ-ын гишүүн Су.Батболд "Хурууны хээгээр ирц бүртгүүлэх нь  үндсэн хуультай зөрчилдөж байна. Гадны зарим улсад 10 гишүүн суугаад хууль баталж  л байдаг. УИХ компани биш. Санал, шүүмжлэл хэлэх эрхэд нь халдаж байгаа бүдүүлэг хууль" гэсний хариуд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей "Бүдүүлэг биш боловсронгуй хууль" гэх тайлбар хэлсэн юм.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, А.Бакей нарын хувьд дээрх төслийг УИХ-аар баталсан нөхцөлд гишүүд храиуцлагатай болж, ирц хүрэхгүйгээс байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хойшлох сөрөг үзэгдэл гарахгүй болно гэж үзэж байгаа юм.

С.ОТГОН


0 сэтгэгдэл:

Post a Comment