2014/04/20

Засгийн газар огцрох уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тухай болон Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд цөөнхийн бүлгээс тавьсан хоёр санал олонхийн дэмжлэг хүлээсэн нь Н.Алтанхуягийн танхимд өөрчлөлт оруулж болзошгүй нөхцөл үүсгээд байна. Гэхдээ УИХ-аар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд нөхцөл байдал өөрчлөгдөж мэднэ.  

Ямартай ч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд "Хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулж болохгүй" гэх байр суурь барьж байгаа бол УИХ дахь МАН-ын бүлэг "Засгийн газрын ажлыг сайжруулах гарц нь сайдууд "Давхар дээл"-ээ тайлах явдал. Ерөнхий сайд, ерөнхий чиг үүргийн яамдын сайдаас бусад сайд нарыг парламентын гаднаас томилох нь УИХ-ын Засгийн газартаа тавих хяналтыг сайжруулна" хэмээн үзэж байна. Иймд "NEWS WEEK" сонин энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын байр суурийг онцоллоо.

 УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр:
 
УИХ-аар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд Ерөнхийлөгч хэрэгжих хугацаан дээр хориг тавьж болно. Гэвч хоригийг хүлээж авах нь хүнд, УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор шийдэх учраас. Тэгэхээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн шатанд явахад төсөл санаачлагч хуулиа татаж авч болох юм. Гэхдээ татаж авах нь зөв хувилбар биш. УИХ, Засгийн газар хоёрыг салгах ёстой гэсэн нийгмийн захиалга, хүлээлт цаана нь бий. Дээр нь энэ төслийг Ерөнхийлөгч санаачилсан. Ухаалаг төр лүү алхах алхмын нэг нь энэ.

Хоёрт, хуулийн зөрчил үүсгэхгүйн тулд МАН-ын бүлгээс Ерөнхий сайд болон Үндсэн чиг үүргийн яамдын сайд нарын УИХ-аас сонгогдож болно гэж засч өгсөн. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл анхны хувилбараараа батлагдчихвал Үндсэн хуулийн зөрчил үүсгэхээр байсан. Зөрчлийг арилгачихсан болохоор одоо  асуудалгүй, хэрэгжээд явах зам нь засагдсан гэсэн үг.

Гуравт, өнөөдөр үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл нь УИХ, Засгийн газрын хоорондох харилцаатай холбоотойгоор бий болсон, уг суурь нь. Өөрөөр хэлбэл, УИХ Засгийн газартаа хяналт тавьж чадахаа больсон. Төсвөөс гадуурх асар их мөнгөний зарцуулалтыг Засгийн газар бие дааж хийж байна. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдлыг асар ихээр хүндрүүллээ. Эцэстээ эдийн засгийн уналтыг бий болгож байгаа гэдэг нь өнөөдөр ил боллоо. Тийм болохоор энэ асуудлыг яаралтай засах нь эхний ээлжинд улстөрийн эрх мэдлийн хуваарилалт дээр буюу Засгийн газрын танхимдаа яаралтай өөрчлөлт хийгээд урагшлах явдал. Ядаж УИХ-аас Засгийн газарт тавих хяналт сайжирна.  Өнөөдөр УИХ, Засгийн газрын хоёр төрлийн зарцуулалтад хяналт тавьж чадахгүй байна.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс хоёр дахин их хөрөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус байна. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг яаж зарцуулсан нь нууц байна. Нөгөө талдаа улсын төсөв тасарчихсан цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Шулуухан хэлэхэд Монгол Улсын Их хурал Засгийн газар хоёр нийгэм эдийн засгийг  жолоодох жолоогоо алдчихсан, өрийн хавцал руу жолоодлогогүй нисч байна шүү дээ. Тэгэхээр хууль ирэх долдугаар сараас хэрэгжих нь зөв байгаа юм, хугацаа алдахгүй.

Харин намууд сонголтоо хийнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүд дунд сайд болсон цөөнгүй хүн байгаа. Тэд сайдын албаа сонгох уу, УИХ-ын гишүүнээ сонгох уу гэдэг сонголт хийж таарна. Түүнийг дагаад УИХ-ын бүтцэд нэлээд өөрчлөлт гарах болов уу. УИХ-ын бүрэлдэхүүнд шинээр 4-5 хүн намын жагсаалтаар орж ирж таарна.
                                                                        
www.news.mn 2014.04.18

УИХ-ын гишүүн  Р.Гончигдорж:

- "Засгийн газар үүргээ гүйцэтгэж чадахгүй байна, эдийн засаг муу байна, энэ бүхнээс үүдэн огцруулах шаардлагатай" гэж байгаа бол асуудлыг хуулийн хүрээнд тавих ёстой. Ингэж байж л Засгийн газрыг огцруулах асуудал жам ёсны яригдана. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан дараагийн УИХ-ын үед хэрэгжих заалттай, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байхыг хориглох хууль дээр сөрөг хүчин дөрөөлөөд байгаа нь олон зөрчлийг үүсгэнэ. Шууд хэлбэл хууль гаргаад түүнийхээ хүрээнд Засгийн газрыг огцруулж болохгүй гэсэн үг. Энэ хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдвөл Засгийн газрын гишүүдийн талаас илүү нь өөрчлөгдөх учраас огцрох тухай асуудал босно. Харин Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг Үндсэн хууль болон бусад хуулийн заалтаар шийддэг. Түүнээс биш нэг хууль гаргачихаад үр дүнд нь Засгийн газрыг огцруулдаг, чөлөөлдөг зүйл байхгүй. Энэ бүхэн хуулийн ерөнхий агуулгыг зөрчиж байгаа. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч хуулийг өргөн барихдаа энэ Их хурлын бүрэн эрх дуусч дараагийн парламент бүрдэхээс өмнө буюу 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөх шаардлагатай гэж төсөлдөө тодотгосон. Энэ хуулийн хэрэгжих хугацааг урагшлуулбал тухайн заалт дээр хориг тавина гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн.

Өнөөдөр Засгийн газрын тухай хуулийг өөрчлөх асуудлыг ярьж байгаа болохоос биш Засгийн газрыг огцруулах асуудлыг яриагүй. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн тэр хууль Засгийн газрыг огцруулахтай огт холбогдолгүй. МАН-ынхан Засгийн газрыг огцруулна гэж үзэж байгаа юм бол ийм үндэслэлээр Засгийн газарт хариуцлага тооцъё гээд бичиг баримтаа боловсруулах ёстой. Энэ бүрэн эрх нь цөөнхөд хадгалагдаж байгаа.

Эдийн засагт учирч байгаа  бэрхшээл, сорилтуудын цаад агуулгыг хүн бүр мэдэж байгаа. Экспорт буурч байгаатай холбоотойгоор валютын үнэ өсч байна. Мөн үүнтэй уялдаж төсвийн орлого тасалдаж байгаа. Энэ бүхэн эдийн засгийн нэг том сорилт. Гадаад орчиндоо итгэл үүсгэх нь тухайн орны дотоод орчны тогтвортой байдлыг хангадаг. Тэгэхээр Засгийн газрыг огцруулна гэж МАН-ынхан яриад байгаа нь Монголын дотоод байдлыг тогтворгүй юм шиг гадаад орчинд харагдуулах нөхцөл байдлыг үүсгэж байна. Эдийн засгийн хүндрэлийг арилгахын тулд Засгийн газрыг огцруулна гэлгүйгээр өөр арга замыг хайх ёстой. Нөгөө талаас эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд Засгийн газар хийх ёстой ажлаа хийж чадаж байна уу гэдгийг ярих шаардлага байна. Миний бодлоор энэ Засгийн газар олон түмэнд амласнаа нэлээд хэмжээгээр хийж байх шиг. Чингис бонд гэх мэтчилэн Монголын хөрөнгө оруулалтын чадавхийг нэмэгдүүлэх өөр эх үүсвэрийг олж чадаагүй бол өнөөдөр ямар байх байсан бэ. Энэ арга хэмжээг аваагүй бол гадаад хөрөнгө тасалдчихсан, дотоодын хөрөнгийн асуудал өнөөдрийнхөөс дор байдалд орж, валютын ханш бүр дордсон байх эдийн засгийн анализийг хийж болно. Тэгэхээр асуудлыг зөв оношлох ёстой. Оношийг буруу тавьж Засгийн газрыг огцруулбал дараагийнх нь үүнээс илүү ажиллаж чадахгүй.
                                                
 "Өдрийн сонин" 2014.04.16

Бэлтгэсэн Г.ДАРЬ

Эх сурвалж:


0 сэтгэгдэл:

Post a Comment