2014/04/18

С.Бямбацогт: Мал өссөн нь хуц, ухнын хийсэн ажил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийсэн бөгөөд УИХ-ын гишүүд энэ хүрээнд Засгийн газрын сайд нарт хандан асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Ерөнхий сайдад хандан "Иргэдийн худалдан авах чадвар буурч, ахмад настнууд тэтгэврээрээ сарынхаа хүнсийг авч хүчрэхгүй болсон тухай ярьж байхад Засгийн газар нь инфляци өнгөрсөн жилийнхээс нэг их өсөөгүй тухай хэлэх нь увайгүй байна. Монголд өчнөөн мянган аж ахуйн нэгж хаалгаа барьчихсан, өргүй хүн Моголд үгүй болсон зэрэг нь Засгийн газрын бодлого алдаатай байсны үр нөлөө.

Ийм байтал та өчигдөр Ардын нам, Авлигатай тэмцэх газар хоёр ажил хийлгэхгүй байна гэж хэлсэн байсан. Харин ч цөөнх Засгийн газраас оруулж ирсэн бүх хуулиуд дээр дэмжлэг үзүүлж ирсэн. Тэтгэврийн хуультай холбоотойгоор 200-гаад тэрбум төгрөг шаардлагатай төслийг яагаад оруулаад ирэв гэдгийг харин хэлсэн байх" гэлээ.

Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Нүүрсний гаралтаа нэмэгдүүлж байна, өөр арга хэмжээ авмаар байна. Ерөнхий сайд нь тоо гаргадаггүй болоод 20 жил болсон. Статистикийн хорооноос гаргасан тоо ярьж байна, түүнээс би өөртөө тааруулж тоо яриагүй. Ер нь та нар эдийн засаг ингээд байна гэх мөртлөө нөгөө гараараа хэрэггүй улстөр хийгээд суугаад байх юм. Ард түмний төлөөлөл юм бол ард түмнээ хорло гэж хэн хэлсэн юм" гэх хариулт өгөв.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Мал сүрэг өссөн нь хуц ухнын хийсэн ажил болохоос Н.Алтанхуягийн хийсэн ажил биш. Эдийн засгийн өсөлт саарч энэ олон аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барихад Засгийн газрын бодлого нөлөөлсөн. Ипотекийн зээл авсан асар олон иргэн орлогогүй болж зээлээ төлж чадахгүй болсон байна. Эдийн засгийн өсөлт ингэж илэрч байна" хэмээн шүүмжиллээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "Өнгөрсөн онд Засгийн газар 13 их наяд төгрөгийг зарцуулсан байтал яагаад энэ олон 40 мянга гаруй аж ахуй нэгж дампуурчихав аа" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Улсын өмнө тулгамдсан чухал асуудлыг хэлэлцэж байхад 76 гишүүнээс 20 хүрэхгүй нь хуралдаанд оролцож буй нь харамсаж байна. "Давхар дээл"-ийн асуудал, Элчин сайд томилох тухай хэлэлцдэг шигээ ирц сайтай оролцмоор байна гэлээ. Түүнчлэн судалгаагаар нийт иргэдийн 70 орчим хувь валютын ханшийн өсөлт хүндээр тусч байгаагаа илэрхийлсэн болохыг Засгийн газрын тэргүүнд онцлов.

Мөн  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Чингис бондын хүүнд өнгөрсөн жил 63.7 сая ам.доллар төлсөн. Валютын ханшийн зөрүүнээс 25 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Энэ бүхнийг зөв тооцож ухаан гаргахгүй бол Ерөнхий сайд та "Ноднингийн мөн үеийнхээс юмны үнэ бараг өссөнгүй" гэлээ. Статистик ийм мэдээ гаргаж байгаа ч долоо хоногт будаа, элсэн чихрийн үнэ 200 төгрөгөөр өсч байна. Ингэж Засгийн газар Монголын эдийн засгийг шоглож байна. Ажил төрлөө сайжруулах талаар юм хийхгүй бол 2016 оны сонгуулийн дараа энэ 76-гаас ихэнх нь зайлаад л явна биз, энэ улсын амьдрал сайжрахгүй үлдэнэ шүү дээ" гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 17.00 цагт завсарлах ёстой ч хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой санал дуусаагүй байгаа тул хуралдааны цагийг сунгаад байна.

b


0 сэтгэгдэл:

Post a Comment