2014/04/24

Н.Алтанхуяг: Би намаас хөөдөг хүн биш

Долоо хоног бүрийн пүрэв гаригийн 12.30 цагт товлогддог "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт ямар ажил хийхээр төлөвлөснөө танилцууллаа.

УИХ-д өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхижүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд 23 төрлийн арга хэмжээ авахаар төлөвлөсөн бол түүнийг дагаж гарах журамд таван төрлийн 50 гаруй ажил төлөвлөгдсөн тухай Ерөнхий сайд онцлов. Үүнд үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг нь төр худалдаж авах, түүнийг сурталчилахад дэмжлэг үзүүлэх.

Төгрөг юанын своп хэлцлийг 20 тэрбум юаниар нэмэгдүүлэх, Зээлийн үндэсний даатгалын корпораци байгуулах. Уул уурхайн салбараас орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аар батлуулах хүрээнд хайгуулын лиценз олгохыг зөвшөөрөх, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, алтны олборлолтыг өсгөх. Асгатын мөнгөний ордын үйл ажиллагааг эхлүүлэх, Хятадын хөрөнгө оруулалттай нүүрс хийжүүлэх үйлдвэр барих ажлыг эхлүүлэх.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн хэмжээг 100 хүртэл тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, ноос ноолуурын үйлдвэрийг нэмж бий болгоход 270 тэрбум төгрөг зарцуулах, 100 мянга ам.долларын хөрөнгө оруулалт татаж буй банк бус санхүүгийн байгууллагын ашгийн татварыг 0 лэх зэрэг нийт 50 гаруй ажил төлөвлөгдсөн байна.

Дээрх мэдээллийг хийсний дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Өнгөрсөн долоо хоногт та "Авлигатай тэмцэх газар /АТГ/, Ардын нам хоёр ажил хийлгэхгүй байгаа" гэж хэлсэн. АТГ-ын дарга таны тэр үгийг "Хувийн байр суурь нь байх" гэж хэлсэн байсан. Таны хувийн байр суурь байсан уу, эсвэл?

-АТГ-ын тухай хувийн байр сууриа илэрхийлээгүй Ерөнхий сайдын хувиар хэлсэн. Ямар үйл ажиллагаа нь буруу харагдаж байгаа вэ гэхээр эдийн засаг өсч хөгжихөд АТГ-ын явуулж байгаа үйл ажиллагаа маш их саад тотгор учруулж байгаа. Ялангуяа баялаг бүтээж байгаа, юм хийе, бүтээе гээд явж байгаа хүмүүсийг дарамталдаг, барьж авч шоронд хийдэг, энэ бол манай нийгэмд байж болшгүй үзэгдэл учраас хэлсэн.

-Эдийн засгийг идэвхижүүлэх арга хэмжээний хүрээнд нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлнэ гэж. Түүхийгээр нь гаргаад ашиг олох уу, үнэ уначихсан байгаа үед?

-Нүүрсний борлуулалтын тухайд нэг хэсгийг түүхийгээр нь экспортолно. Зарим нүүрсийг угаана. Ухаа худагт нүүрс угаах үйлдвэр барьчихсан байгаа, түүгээр зарим нүүрсийг угаалгана. Цаашдаа нүүрсийг угаах болон бусад байдлаар боловсруулахын төлөө явна.

-100 хоногт эдийн засгийг идэвхижүүлэх арга хэмжээ авснаар ам.долларын ханшийг бууруулж, инфляцийг нэг оронтой тоо руу оруулж чадах уу. Гарах үр дүн нь юу байх вэ?

-100 хоногийн хүрээнд 50 гаруй ажлыг эрчимтэй хийснээр эдийн засгийн өсөлт бий болгоно. Инфляцид шууд нөлөө үзүүлэхгүй. Ер нь бол Засгийн газар гаднаас зээл авах бус гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд нэлээн анхаарал тавьж байна. Хэрвээ Концессын гэрээгээр зарим ажлуудаа хийлгэчих юм бол 1 тэрбум ам.доллар ороод ирнэ. Энэ мэт ажлууд дээр онцгой анхаарал тавьж ажиллаж байна.

-Тагнуулын ерөнхий газрын дэд дарга н.Эрдэнийг чөлөөлсөн гэх мэдээлэл байна, үнэн үү. Ямар үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн юм бэ?

-Ерөнхий сайдын захирамжаар өөрчилсөн.

-Үндэслэл нь яг юу вэ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж ажилласан 1.8 жилийн хугацаанд Тагнуулын ерөнхий газрын гурван ч даргыг өөрчиллөө. Улсын нүд, чих болсон байгууллагын удирдлагыг ингэж хурдан өөрчлөөд байх нь эрсдэлтэй биш үү?

-Би өөрөө тавьсан, чөлөөлсөн. Саяхны асуудал.

-"Буянт-Ухаа" хорооллын азтан яагаад шалгарахгүй байна вэ. Төрийн орон сууцны корпорацийн зүгээс "Засгийн газартай ойлголцохгүй байгаагаас ажил саатаж байна" гэх?

-Засгийн газар талаас саатуулсан юм байхгүй. 1700 гаруй орон сууцны захилга дээр 8000 иргэний захиалга ирсэн. Тэр бүгд дээр баталгаажуулалт явж байна. Энэ долоо хоногт амжих уу гэхэд ТОСК-ийн зүгээс "Дахиад долоо хоног шаардлагатай" гэсэн. Электрон сугалаа явуулна гэж байснаа больсон, цаасан сугалаа ашиглана. Ил тод байна. маргаан гарахгүй.

-Давхар дээл тайлах төсөл дээр эсрэг кноп дарсан гишүүдэд Ардчилсан нам хариуцлага тооцох тухай яригдаж байгаа гэх?

-Саяхан аймгуудын Ардчилсан намынхантай цахим хурал хийхэд хариуцлага тооцох асуудлыг шахсан байна лээ.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Ерөнхий сайд надад дарамт шахалт үзүүлж намаас хөөнө гэсэн" гэж хэлсэн. Та түүнийг дарамталсан юм уу?

-Би намаас хөөдөг хүн биш, буруу мэдээлэл байна.

Г.ДАРЬ


0 сэтгэгдэл:

Post a Comment