2014/10/30

Н.Алтанхуяг З.Энхболдтой байраа солих уу?

Эцэслэсэн тодорхой мэдэгдэл, мэдээлэлгүйгээр хоёр дахь өдрөө улс төрийн амьдрал үргэлжилж байна. Ардчилсан нам дотроо учир зүйгээ олох гэсэн ч бүрэн дүүрэн тохиролцоонд хүрсэн эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байгаа ч Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ирэх лхагва гариг хүртэл завсарлага авлаа. Учир нь тус намын бүлгийн хуралдаан эцэслэн шийдвэрээ гаргалгүйгээр завсарласан юм. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ-ын чуулганд танилцуулах байсан юм.

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг уржигдар байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хойшилсон. Харин Төрийн гурван өндөрлөг Их тэнгэрт зөвшилцсөн талаар хэвлэлээр мэдээлж байна.  Баттай бус мэдээллээр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг намын даргаасаа татгалзаж, намын даргыг сонгохоор Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа зарлахаар болсон гэнэ. Үүнтэй холбогдуулан зарим аймгаас ҮЗХ-ны гишүүдийг дуудсан ч байж болзошгүй байна. Хэрэв Н.Алтанхуяг намын даргаа өгч, Ерөнхий сайдынхаа суудалд үлдвэл намын даргад хэн нэр дэвших вэ гэсэн асуудал гарч ирэх юм. Төрийн ордонд шивнэлдэж буйгаар УИХ-ын дарга З.Энхболд намын даргаа авах гэнэ. Энэ мэдээлэл үнэн бол түүх дахин давтагдаж, 2007 МАН-ын дарга М.Энхболд С.Баярт эхлээд намын даргаа өгч, дараа нь Ерөнхий сайдаа өгсөн шиг үйлдэл давтагдаж мэдэх юм. С.Баяр М.Энхболдтой хотын хамтарч удирдаж явсан Н.Болормаа тэргүүтнээр өөрийг нь намнуулан, намын ажлаа эрчимжүүлэхийн тулд даргын суудлаа авах шаардлагатай байна гэсэн шалтгаар М.Энхболдыг аргагүй байдалд оруулан давхар дээлийг нь дан болгосон. Харин дараа нь намын дарга Ерөнхий сайд болохгүй бол болохгүй юм байна гэсэн шалтгаанаар үлдсэн дээлийг тайлуулан өөртөө авсан билээ. Үүнтэй нэгэн адилаар З.Энхболд намын даргаа авбал Ерөнхий сайдаа нэмж авахаар гараа сунгах л болно. Энэ нь ч гарцаагүй. Хууль журамдаа ч тийм байгаа.   

Гэхдээ үйл явдал арай өөрөөр ч өрнөж мэдэх юм. Учир нь "УИХ-ын сонгуульд олуулаа болж чадсан, 21 аймгийн 16 аймагт нь Ардчилсан нам засаглаж байгаа нь Н.Алтанхуяг гэдэг хүний гавъяа, хичээл зүтгэл" гэж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дуугарч байна. Магадгүй Н.Алтанхуяг намын даргаа өгөх тохиролцоонд хүрч болох ч ҮЗХ-ны хуралдаанаар асуудлыг өөртөө нааштайгаар эргүүлж мэдэх юм. Ардчилсан намын ҮЗХ-нд түүний толгойлдог "Алтангадас"-ынхан олонхи. Дээр нь өөрөөс нь албан тушаал авсан фракциудын цөөнгүй гишүүд бий. Хэрэв засаг өөрчлөгдвөл тэдний суудал ч савлах нигууртайг хэн хүнгүй мэдэж байгаа.

Төрийн ордноос дуулдаж буй бас нэгэн мэдээлэл нь Н.Алтанхуяг З.Энхболд нар байраа солихоор тохиролцсон гэх шуум. Магадгүй энэ нэлээд ортой байж болох ч бас л батлагдаагүй мэдээлэл. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд аль болох энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа ч зарим нь "УИХ-д авсан суудлынхаа тоогоор шинэ Засгийн газрыг хамтран бүрдүүлэх" тухай ч яриад эхэлсэн байна.

Энэ мэтээр дотоод асуудлынх нь талаар дэн дун мэдээлэл дунд УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдсан ч шийдэлд хүрэлгүй завсарлан үдээс хойш хуралдахаар болов. Ингэхдээ УИХ-ын чуулганы дараа хуралдахаар болжээ.

Энэ бүх мэдээллийн аль нь үнэн бэ гэдгийг ойрын хугацаанд тодорхой болно гэж найдах л үлдэж байна.

Л.ХАЛИУ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment