2014/10/20

Ирэх оны төсвийг танилцуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг танилцууллаа. Уг төслийн танилцуулгад энэ оны эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулж, үүнд дүгнэлт хийж дараа оны төсөөллийг гаргасан аж. Төслийн зарим үзүүлэлтийг онцловол,

Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн 2013 оны гүйцэтгэл: Дотоодын нийт бүтээгдэхүүн Монгол Улсын эдийн засаг 2013 онд 11.6 хувиар өсч, оны үнээр илэрхийлсэн ДНБ-ий хэмжээ 19 их наяд төгрөгт хүрлээ 2013 онд экспортын орлого буурсан хэдий ч хэрэглээ болон хөрөнгө оруулалт эрчимтэй өссөн нь эдийн засгийн өсөлтөд гол түлхэц болов. Тухайлбал, эцсийн хэрэглээ дунджаар 18.6 хувиар, үндсэн хөрөнгийн хуримтлал 7.8 хувиар тус тус өссөн байна.

Эдийн засгийн өсөлтийг салбаруудаар авч үзвэл 2013 онд мал аж ахуйн салбар, уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбар болон үйлчилгээний салбар харьцангуй өндөр өсөлттэй гарсан байна. Мал сүргийн тоо 2013 оны эцэст 45 сая толгойд хүрснээр мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл өмнөх 2012 оноос 20 гаруй хувиар өссөн, уул уурхайн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт хийгдэж уул уурхайн салбар бүхэлдээ 20 орчим хувиар өссөн байна. Тухайлбал, Оюутолгойн зэс, алтны ордын баяжуулах үйлдвэр 2013 оны 6 дугаар сард ашиглалтад орж, 7 дугаар сараас зэсийн баяжмалаа экспортолсон, газрын тосны бүтээгдэхүүний олборлолтын хэмжээ 41 хувиар өссөн байна.

2013 онд боловсруулах үйлдвэрлэлийн салбар 10 гаруй хувиар өссөн нь Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого үр дүнгээ өгч байгаагийн илрэл.

Ажилгүйдэл

Шинэчлэлийн Засгийн газраас "Ажилтай орлоготой Монгол хүн" хөтөлбөр, "Эзэнтэй Монгол", "40-өөс дээш болон ахмад насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр", "Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр", "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр", "Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах хөтөлбөр", "Ажил олгогчийг дэмжих хөтөлбөр", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр", "Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр"-үүдийг хэрэгжүүлж байна. Монгол Улсын эдийн засгийн идэвхтэй хүн ам 2013 онд 1198.3 мянгад хүрч, ажил эрхлэлтийн түвшин 92.1 хувь, ажилгүйдлийн түвшин 7.9 хувь, ажиллах хүчний оролцооны түвшин 61.9 хувьтай байна. Хөдөлмөрийн хэлтэсүүдэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны эцэст 42.8 мянгад хүрсэн байна.

Инфляци

2013 оны жилийн эцсийн байдлаар хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн инфляцын түвшин улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 12.3 хувьтай гарсан байна. 2013 онд Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийн худалдан авах чадварыг тогтвортой байлгахад анхаарч ажилласан. Тухайлбал, "Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, энэ хүрээнд дэд хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж байна. Үүнд:

1. "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөр
2. "Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах" дэд хөтөлбөр
3. "Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөр
4. "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцын үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөр
5. "Орон сууцын ипотекийн зээл" хөтөлбөр
6. "Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулах" дэд хөтөлбөрүүд байна. Дээрх дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд хэрэглээний гол бүтээгдэхүүнүүд болох шатахуун, мах, гурилын үнэ 2013 онд харьцангуй тогтвортой байлаа. Тухайлбал, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2013 онд махны үнийн өсөлт харьцангуй бага байв. "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, үр дүнд нь шатахууны үнэ 2013 онд тогтвортой байлаа. Мөн 2013 оны 5 дугаар сараас эхлэн эх орны газрын тосыг боловсруулан хийсэн Мон-93 шатахууныг оруулж ирсэн нь үнийн тогтвортой байдлыг хангахад эергээр нөлөөлөв.

"Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах" дэд хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүдийн авто замын тээвэрлэх хүчин чадлыг 2 дахин өсгөж, нэг хоногт багтаан Замын-Үүдээс Улаанбаатарт ачаа хүргэх тогтолцоо бий болсноор импортын бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, дотоодын зах зээл дээрх үнэ харьцангуй тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлсэн байна. "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцын үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын нийлүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, орон сууцын санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа.

2013 оны 8 дугаар сард боловсролын үйлчилгээ болох сургалтын төлбөрийн зардал нэмэгдсэн, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулсан зэргээс шалтгаалан инфляцын түвшин 2013 оны эцэст 12.5 хувь болов.

Bалютын ханш

Төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2013 онд дунджаар 1524 төгрөг болж өмнөх оны дунджаас 12.1 хувиар суларсан үзүүлэлттэй гарлаа. 2013 оны 3 дугаар улирлаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг тогтмол суларсан. Харин тухайн оны 11 дүгээр сарын сүүлчээс чангарч эхэлсэн нь дотоод болон гадаад хүчин зүйлстэй холбоотой юм. Гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг тодотговол, АНУ-ын Холбооны Нөөцийн Сан мөнгөний зөөлөн бодлогоо зогсоосонтой холбоотойгоор түүхий эд экспортлогч орнуудын үндэсний валют ам.долларын эсрэг суларсан байна. Дотоод хүчин зүйлс гэдэгт төлбөрийн тэнцлийн алдагдал өссөн. Урсгал дансны алдагдал нэмэгдэж, төлбөрийн тэнцэл алдагдалтай болсон нь төгрөгийн ханш сулрахад ихээхэн нөлөөлөв. Урьд нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт урсгал тэнцлийн алдагдлыг нөхөж байсан бол 2013 онд Оюу Толгой төслийн эхний шатны хөрөнгө оруулалт дуусаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан тул урсгал дансны алдагдлыг нөхөж чадахгүйд хүрсэн. 2012 оны эцэст төлбөрийн тэнцэл 1705 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2013 оны эцэст 1867.3 сая ам.долларын алдагдалтай гарч гадаад валютын албан нөөц уг дүнгээр буурлаа. Иймд төгрөгийн ханш гадаад валютуудын эсрэг сулрахад төлбөрийн тэнцэл сөргөөр нөлөөлсөн байна.

Төлбөрийн тэнцэл

Төлбөрийн тэнцлийг дансаар авч үзвэл, урсгал дансны алдагдал 2012 оны мөн үеэс 5.1 хувиар буурч, 3192 сая ам.долларын алдагдалтай гарсан ба хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг өмнөх оны мөн үеэс ашиг нь 72.5 хувиар буурч 1345.8 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Урсгал данс: Нийт экспорт 2.6 хувиар буурсан болон нийт импортын хэмжээ 5.9 хувиар (FOB нөхцөлөөр тооцсон) буурсан нь төлбөрийн тэнцлийн урсгал дансанд эергээр нөлөөлжээ. Нийт экспортын ихээхэн хувийг эзэлдэг нүүрсний экспорт өмнөх оноос буурсан бол боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт өмнөх оноос 2.5 дахин өссөн байна. Монгол улсад орж ирэх гадаадын жуулчдын тоо буурсны улмаас аяллын үйлчилгээний тэнцэл буурсан.

Хөрөнгө ба санхүүгийн данс: Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь валютын зах дээрх гадаад валютын нийлүүлэлтийг бууруулж, улмаар төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрахад хүргэв. Нөгөө талаас хувийн хэвшлийн гаргасан бондын эргэн төлөлтийн үе 2013 онд тохиосон нь санхүүгийн дансны ашиг буурахад нөлөөлөв.

Гадаад худалдааны тэнцэл

Монгол улсын гадаад худалдааны бараа эргэлт 2013 онд 10.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 4.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Экспортын хэмжээ 2.6 хувиар, импортын хэмжээ 5.7 хувиар тус тус буурсан тул нийт гадаад худалдааны алдагдал 11.5 хувиар буурч, 2.0 орчим тэрбум ам.долларт хүрэв.

Экспорт: Монгол улсын нийт экспорт 2013 онд өмнөх оноос 2.6 хувиар буурч, нийт экспортын хэмжээ 4.3 тэрбум ам.доллар болов. Энэ нь манай орны экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ буурч, нүүрсний экспортын биет хэмжээ буурсантай холбоотой. Харин бусад экспортын гол бүтээгдэхүүнүүд болох зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй алт, боловсруулаагүй газрын тос зэрэг бүтэгдэхүүний экспортын хэмжээ өссөн байна. Уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд нэхмэл бүтээгдэхүүн болон амьтны гаралтай бүтээгдэхүүн ихэнх хувийг эзэлж байгаа ба үүнээс нэхмэл эдлэл, самнасан ноолуур зэргийн экспортын хэмжээ урьд жилийнхээс өссөн үзүүлэлттэй байгаа бол ноолууран хувцас, хонины ноос, тэмээний ноосон хөнжил зэргийн экспортын хэмжээ 2013 онд буурсан байна.

Импорт: 2013 онд Монгол Улсын нийт импорт 6.4 тэрбум ам.доллар болж өмнөх оныхоос 5.7 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Импортын бууралтад уул уурхайн машин механизмын импорт багассан, мөн шатахууны импорт буурсан нь голлон нөлөөлөв

Дотоодын нийт бүтээгдэхүүний 2014 оны эхний 8 сарын гүйцэтгэл, 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэл

2014 оны эхний 8 сарын гүйцэтгэлд үндэслэн тооцоход оны төгсгөлд эдийн засгийн өсөлт нэмэгдэхээр байна. Үүний тулд Чингис бонд, Хөгжлийн банкнаас оруулах хөрөнгө оруулалт, Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдээс гадна экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх зорилгоор Концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд авто зам, цахилгаан станцын төслүүдийг 2014 онд хэрэгжүүлж байна. Мөн Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлолтыг дэмжин ажиллаж байна. Төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2014 онд аж үйлдвэрийн салбар 11.6 хувиар, үүнээс уул уурхай салбар 17.5 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 5.9 хувиар тус тус өсөхөөр хүлээгдэж байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтын ажлын үр дүнд үйлчилгээний салбар 3.9 хувиар өсөж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ 2014 онд 6.9 хувь, 2015 онд 7.1 хувь, 2016-2017 онд 10 орчим хувиар тус тус өсөхөөр төсөөлөгдөж байна.

Валютын ханшийн 2014 оны эхний 8 сарын гүйцэтгэл, 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэл

2014 оны 8 дугаар сард төгрөгийн дундаж нэрлэсэн ханш 1862.2 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18.6 хувиар суларсан байна. Эхний 8 сарын дундаж ханш 1795.9 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 19.7 хувиар суларсан дүнтэй байна. Төв банкнаас бодлогын хүүгээ 1.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болгосон. Гадаад худалдааны алдагдал буурахаар хүлээгдэж байгаа. Оюу Толгой төслийн 2 дахь шатны хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхээр байгаа зэргээс энэ оны эцэст валютын ханш тогтвортой байхаар байна.

Гадаад худалдааны 2014 оны эхний 8 сарын гүйцэтгэл, 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэл Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014 оны эхний 8 сарын байдлаар 7.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 хувийн өсөлттэй байв. Нийт бараа эргэлтийн хэмжээ бага зэрэг өөрчлөгдсөн боловч гадаад худалдааны тэнцлийн алдагдал 98.5 хувиар буурч, 23 сая ам.долларт хүрэв. Үүнд экспортын хэмжээ 32.6 хувиар өсөж 3,576.3 сая ам.доллар, импортын хэмжээ 15.4 хувиар бууран 3,599.3 сая ам.доллар болсон нь нөлөөлжээ. Монгол улсын нийт экспортын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бүрдүүлж байна.Тодруулбал, зэс, нүүрс, алт, газрын тос зэрэг бүтээгдэхүүнүүд зонхилох байр суурийг эзэлж байна. Импортын хэмжээ 2014 оны эхний 8 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 15.4 хувийн бууралттай байгаа нь нийт импортод голлох нөлөө үзүүлдэг эрдэс бүтээгдэхүүний импорт тэр дундаа дизель түлшний импорт 19.0 хувиар буурсантай холбоотой байна. Мөн авто, агаарын замын тээврийн хэрэгслийн импорт 2014 он гарсаар 43 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд болох машин механизм болон тэдгээрийн түүхий эдийн импортын хэмжээ 2014 оны эхний 8 сарын байдлаар буурсан. Оны эхний хагаст зарим уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспортын хэмжээ өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байгаа боловч гол бүтээгдэхүүнүүд болох зэс нүүрс, газрын тос, алтны экспортын хэмжээ өссөнөөр 2014 оны эцэст нийт экспортыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Улсын төсөв, концессын гэрээ, Чингис бонд, Самурай бонд болон хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалт, төслүүдийн хүрээнд ашиглагдах тоног төхөөрөмж, машин механизмын импорт өсөж, 2014 оны эцэст нийт импортын хэмжээ бага зэрэг нэмэгдэхээр байна.

Чуулганы хуралдаанаар яг одоо энэхүү танилцуулгатай холбоотойгоор гишүүдийн асуулт тодруулга үргэлжилж байна. Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн танилцуулгыг бүрэн эхээр нь ЭНД ээс уншина уу.

Б.ЭНХ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment