2014/10/21

Зарчим шүүмжлэгдэж, засгийн төсөв буруудав

"Орон нутагт эрх мэдэл шилжүүлэх нь зүйтэй" гэх зарчим өмнө нь зөв байсан бол өчигдөр УИХ-ын гишүүдийн өмнө буруудав. УИХ-ын өчигдрийн хуралдаанаар 2015 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлэг болсон бөгөөд өдөржин шүүмжлэлд булагдсаар оройд арайхийн дуусч, байнгын хороодод шилжихээр болсон юм.

Ингээд өчигдрийн чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийн талаар ямар яриа өрнөсөн талаар тоймлон хүргэе.

10.00 цаг

Чуулганы эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсвийн төслийг танилцуулав. Тэрээр "6 яам нь 3 болж буйтай холбоотойгоор зарим өөрчлөлт орж буй тул өмнө өргөн барьсан төслөө өөрчилж оруулж ирлээ.  2015 онд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого оруулсан,  орлогыг нэмэгдүүлэх боломжийг тусгасан. Төсвийн урсгал зардал нь ДНБ-д эзлэх хувь хэмжээ буурч байгаа. Иргэд валютын ханшний өсөлт, цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдэл, барааны үнийн өсөлтөд сэтгэл хангалуун бус байгаа. Иймд ирэх орны төсөвт эдгээр санаа зовоосон асуудалд нь чиглэсэн" гэв.

Ирэх онд улсын төсөв 763,8 тэрбумийн зарлагатай, 716,4 тэрбум төгрөгийн орлоготой ажиллана гэж тооцжээ. Эндээс гарч буй зөрүү нь алдагдал болж буй бөгөөд ДНБ-ийн 2 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн хуулийн хүрээнд байгаа аж. Цалин тэтгэврийн нэмэгдэлд шаардагдах мөнгийг 500 тэрбум төгрөгт хүргэхдээ инфляцийг хөөргөдөхгүй байх бодлого барьж зарлахгүй, бүтээмжтэй уялдуулах юм гэнэ. Мөн ам.долларын ханшийг 1750 төгрөг байхаар тооцож төсвөө тооцсон гэсэн юм.

Төсвийн нэгдсэн төслийг ЭНД-ээс харна уу


12.00 цаг

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2015 оны нэгдсэн төсвийн тухай төслийг хэлэлцсээр. Гишүүдийн зүгээс өөрсдийн аймаг орон нутагт хувиарлагдсан төсвийг хасч, танасан зүйл байгаа эсэх талаар тодруулж "аймгийн хөрөнгө оруулалтын дүн ялгаатай харагдаж буй" тухай нийтлэг шүүмжийг хэлцгээж байв.

Засгийн газрынхны өгч буй хариу тайлбараар аймаг орон нутгуудад эрх, хөрөнгө оруулалт шилжиж буйтай холбоотойгоор төсөв шилжсэн, хэн нэгний үзэмжээр ялгамжтай тогтоосон зүйл байхгүй гэж байв. Яг энэ асуудлаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл шүүмжлэлтэй буйгаа илэрхийлэн "Хотын төсөв аюулд орчихсон байгаа. Энэ төсөв батлагдах юм бол хот зүгээр л цалин, нийтийн тээврийн тэтгэлэг олгодог урсгал данс л болно. Улаанбаатар хотын суурь тэнцлийг 280 тэрбумын ашигтай мэт харуулж байгаа. Засгийн газар тавьж чадахгүй цалингийн зардлаа хот дээр тавьчихсан. Нийслэлийн төсөв гэж нэг агентлагын төсвөөс дор болж байна. Суурь зардлыг бидэнд хариуцуулж байгаа юм бидэнд НӨАТ-ийг өгөөч гэж санал тавьж байгаа" гэв. Үүнд "Суурь зардлыг орлогод нь тааруулж нэмж өгсөн. Дээрээс нь 128 тэрбум төгрөгийг тэтгэмж олгож буй" гэсэн байна.

Дараагаар нь гишүүн Б.Бат-Эрдэнэ "Айл өрхийн амьдрал бэрх байна. Гэтэл энэ төсөв дээр үзүүлэлтүүд өссөн талаар танилцууллаа. Ингэж худлаа мэдээлэл өгч болохгүй. Хэнтий аймагт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд юу ч өгсөнгүй. Захын гэр хороололд амьдрал алга" гэж шүүмжиллээ.  Ц.Даваасүрэн мөн энэ санааг дэмжиж "УИХ –ын чуулган дээр чинь газрын даргаас дээш албан тушаалтан ч ирж тайлбар өгөхөө болилоо. Энэ бол төсвийн захиран зарцуулагчдад хариуцлага тооцож чаддаггүйтэй холбоотой. УИХ-аас гарч буй шийдвэрүүдийн хэрэгжилтийг анхаарахгүй бол болохгүй нь. Орон нутагт эрхийг нь шилжүүлж байна гээд нийслэлд баахан ачаагаа шилжүүлчихэж болохгүй байх. Эх үүсвэрийг нь шийдэж өгөөгүй байж ингэж болохгүй" гэв. 

Ирэх оны төсөвт шинээр барих обьектийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт тусаагүй байна хэмээн гишүүд шүүмжилсэн бөгөөд үүнд Н.Алтанхуяг "Шинээр барих, тэр олон дуусаагүй зүйлийг чинь дуусгая гэвэл төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Гэвч өнөөдөр тийм боломж байхгүй. Бондын мөнгөөр сургууль, цэцэрлэг барьж болохгүй.  Харин буцалтгүй тусламжаар шийдэх боломжтой" гэсэн юм.


14.30 цаг

Үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар 2015 оны нэгдсэн төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсээр байна.  Орон нутагт шилжүүлж буй хөрөнгө оруулалт, зардалтай холбоотойгоор шүүмж өрнөсөөр байсан бөгөөд нэгдсэн төсвийн бодлогыг задлаж байна хэмээцгээсэн бол үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Нэгдсэн төсвийг задлаагүй. 800 тэрбумийн 200 тэрбумыг л орон нутагт шилжүүлж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй" хэмээн тайлбарласан юм.

Хуралдааны үеэр гишүүн Д.Сумъяабазар "Улс орны нийгэм эдийн засгийн байдал үнэхээр хүнд байна. Ард иргэдтэй уулзаж, барааны зах, нийтийн тээврээр явж байхад эдийн засгийн байдал уруудан доройтож буй тухай л ярьцгааж байна. Борлуулагч нар дор хаяж тав дахин буурчихаад байгаа тухай хэлж байна. Гэтэл энд бид төсвийг нь хамгаалсан аргацаасан байдлаар л батлах гэж байна" гэсэн бол гишүүн Ц.Оюунбаатар "Хуучин, 1990 оноос өмнөх сэтгэлгээнээсээ салж чадахгүй нь. Шинэчлэл чинь явахгүй нь. Улс төр чинь нийгмийг бухимдуулж байна. Талцал, улс төр чинь, олигархиуд чинь юу ч хийлгэхгүй нь. Олон арван бизнесмэнүүд ажилчдаа харж байна. Тойрог тойрог руугаа хөрөнгө шаардсан хэдэн хүнээс өөр юу ч алга,  тендрийг будлиантуулж байгаа хүмүүстэйгээ яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм. Орон нутагт төсөв шилжүүлж байгаа нь улс төрийн үр дагавартай гэдгийг ойлгож байна уу",Ё.Отгонбаяр "Төсвийн орлого чинь босоо, зарлага чинь хэвтээ байна гэдгийг хүмүүс хэлээд байна шүү дээ. Салбарын нэгдсэн бодлого алдагдана шүү. Зарим нь боловсролдоо анхаарна, зарим нь эрүүл мэнддээ анхаарна. Улсын нэгдсэн бодлого алдагдаж болзошгүй шүү. Ямар заяа муутай нь сайдын багцад багтаад, ямар заяагүй нь тэр орон нутгийн багцад нь ордог юм" гэв. 

Шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлэн "эрх мэдлийг орон нутагт өгнө гэдэг нь хариуцлагагүйгээр үлдээнэ гэсэн үг биш. Мэдээж шинэ зүйлээс болгоомжлох сэтгэлгээ байгааг ойлгож байна. Би тал еэвэнгийн тухай яриагүй. Тэр чинь кинон дээр л гардаг байх. Жишээ нь өмнө Боловсролын яам чинь барилгын боловсролын яам болсныг бид засч барилга барих асуудлыг барилгынх нь яам нь хариуцаг гэсэн шүү дээ. Байшин савтайгаа бодлогоо холиод байна. Та бид хоёр хамтдаа сууж хийсэн нэг буруу зүйлийг урхаг нь одоо ч гараагүй байна. Цэцэрлэгт гарч буй зардал дээр гэхэд 100 хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эх нь даадаг байсан. Гэтэл одоо бүгдэнгийнх нь 100 хувийг төр даадаг. Ингэхээр мөнгө алга болохгүй яадаг юм. Булган аймгийн нэг сургуулийн зардлыг энд  УИХ дээр шийдэх хэрэг байхгүй, тэндээ өөрсдөө шийдэж яагаад болохгүй байгаа юм" гэсэн юм.


19:00 цаг

Төсвийн төсөлтэй холбоотойгоор гишүүн Ж.Батсуурь "Төсвийн эрх мэдлийг орон нутагт нэмэгдүүлж байгааг дэмжиж байна.  Хяналт хариуцлага нь мэдээж хэрэгжих байлгүй. Алийн болгон яамны царай харцгаах вэ дээ"  гэж дэмжиж буйгаа илэрхийлсэн бол гишүүн Ж.Энхбаяр "Энэ жилийн төсвийн орлогын хүлээгдэж буй байдал, тасалдал нь бараг 1 их наяд төгрөгт хүрэх бололтой. Гадаад дотоодын үзүүлэлтийг харахад төсвийн хүрээний мэдэгдэл,  ирэх оны төсвийн мэдэгдэл нь унаж байгаа юм байна. Сүүлийн гурван жил эдийн засаг унасаар байгаад таарах нь. 90 тэрбумын буцалтгүй тусламжаар цэцэрлэг барих юм гэнэ, энэ нь төр өөрийнхөө орлогоор нэг ч цэцэрлэг барьж чадахгүй, чадавхигүй болж байгаа нь харагдаж байна" гэсэн юм.

Я.Содбаатар мөн дараагаар нь "Төсөв гэдэг бол монгол гэх айлын ирэх онд юу идэж уух вэ гэдгийг харуулдаг толь. Гэтэл ийм хариуцлагатай зүйл ярьж байхад танхимд хэдэн цөөхөн хүн л алга. Ардчилсан намаас хэдэн хүн энд сууж байна. Гэтэл албан тушаал ярихаар бүгдээрээ ороод ирдэг. Би хувьдаа төсвийн төслийг буцаах саналтай байна. Анх өргөн барихаас эхлээд л хууль зөрчиж эхэлсэн. Эдийн засгийн хямралын үед төр өөрсдийнхөө бүсийг чангалаач гэж УИХ-аас чиглэл өгсөн. Энэ боломжуудаа гарга гэсэн ч 2014 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад урсгал зардал 15 хувиар нэмэгдсэн байна шүү дээ" гэсэн байна.


19.45 минут

УИХ-ын чуулганы хуралдаан 2015 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцээд хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдааны төгсгөлд Л.Эрдэнэчимэг гишүүн "Бидэнд 3 сая дахь иргэнээ хүлээж авах бэлтгэл алга. Үүнд бэлтгэх цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэхэд засаг хуруугаа ч хөдөлгөхгүй нь. 80 мянган хүүхэд цэцэрлэггүй гэртээ түгжүүлж, 40,50 мянган ажиллах насны эмэгтэйчүүд гэртээ сууж байна. Айл өрхийн амжиргаа гэдэг ажлын байртай л холбоотой" гэсэн бол сайд Л.Гантөмөр үргэлжлүүлэн төсвийн төслийн талаар тайлбар хийж "Энд баригдаж байгаа хороонд ийм цэцэрлэг гэж хэлэхэд амар. Гэхдээ тэнд нь очихоор газар нь байдаггүйгээс эхлээд орон нутагтай нь холбоотой олон зүйл дээр гацдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өөрсдөө сургууль цэцэрлэгийн асуудлаа шийд гээд өгчихөд хангалттай 190 тэрбумийн хөрөнгө байна" гэв.

Харин Ц.Нямдорж хуралдааны ирцийн асуудлыг хөндөж "төсөв хэлэлцэж байхад сайд нь ч алга, гишүүд ч алга" гэсэн бөгөөд "дийлэнх аймгийн засаг дарга нар Ардчилсан намынх тэд нар чинь тал мөнгийг нь сонгуульдаа ашиглана. Манай намын гишүүдээс ч ийм замбараагүй зүйлийг дэмжиж байгаа харамсч байна" гэв. Шүүмжлэлийг Д.Оюунхорол гишүүн үргэлжлүүлэн "зээлийн өрөө нэмэх заалт оруулж иржээ. Бизнесийн орчныг эрүүл байлгая гэж байгаа ч нөгөө гараараа бизнесийг дарамтлах юм байна. Бүхий л сайдуудын багцийг нарийвчлаад харахаад зөрүүтэй байна. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Хөдөө орон нутаг өөрсдөө цэцэрлэг сургууль барих боломж байхгүй. Бид яг ямар обьект дээр юу хийх гэж байгааг харж чадахгүй нь" гэсэн юм.

Ийнхүү хуралдсан бөгөөд өнөөдрөөс эхлэн төсвийн төслийг бүх байнгын хороо тус тусдаа хэлэлцэх юм.

Б.МАНДАХ

 

0 сэтгэгдэл:

Post a Comment