2014/10/23

Төмөр замын бодлогыг баталлаа

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төмөр замын талаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцээд, 84 хувийн саналаар баталлаа.  

Уг төслөөр Хятадын талтай хийж байгаа хэлэлцээ эерэг үр дүнд хүрсэн тохиолдолд боловсруулах үйлдвэрээс БНХАУ руу чиглэсэн шинээр барих төмөр замын зарим шугамын царигийн өргөний хэмжээ 1435 мм байх боломжтой. Хэрэв Хятадын талтай төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар хийж байгаа хэлэлцээ амжилттай болсон тохиолдолд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар тогтоолын төслийг боловсруулсан байна.

Засгийн газраас гурван чиглэлээр төмөр зам тавих нь зүйтэй хэмээн оруулж ирснийг УИХ дээр Сайншанд Замын Үүд гэснийг нь хасч, хоёр үндсэн чиглэлийг нь баталж буй аж.

Хуралдааны дэг ёсоор Байнгын хорооноос гишүүд асуулт тавих ёстой бөгөөд эхэнд гишүүн Д.Зоригт "Бидний батлах гэж буй шийдвэр маань хоёр хөрштэйгээ тохирсон гэрээ хэлцэлтэй зөрчилдөх зүйл байгаа юу" гэхэд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар "Нийцэж байгаа" хэмээн товч хариулав.

Дараагаар нь гишүүн Ц.Даваасүрэн "Замын дундаас оруулж ирсэн чиглэлийг УИХ дээр шүүж тунгаан хассан нь зөв. Хоёр хөршийнхөө удирдлагыг ирээд бидэнтэй тохирсон зүйлийг бид биелүүлэх л ёстой. Монголчуудыг дэлхийд худалч хэмээж байна. Эхлээд товчоо тайл, тэгээд хар. Тэгэхгүйгээр хамаг энгэрээ дэлгээд байж болох уу. Энэ утгаараа Хөөт-Бичигтийг ч эргэж харах л ёстой баймаар. Та нар юундаа энгэрээ дэлгээд гүйгээд байдаг юм бэ. Хэдэн бор төгрөгийн төлөө улс орноо худалдах хэрэг байгаа юм уу. Монголыг чинь тусгаар болгох гэж бид хэдэн арван мянгаараа хэлмэгдсэн, хатуу замыг туулсан. Хэдэн зоосны төлөө үхчих гээд байх юм. Монголд компанийн биш хар хайрцагны бодлого л байх ёстой. Үүнийг байнгын хорооны гишүүд маань ахиад харвал яасан юм бэ" гэх санал, шүүмжээ хэлэхэд, Д.Гарамгайбаатар "Зөвхөн эдийн засгийн байнгын хороонд байгаа улсууд энэ асуудлыг зүтгүүлээд байгаа юм биш. Хөөт Бичигтийн асуудлыг хасах санал байнгын хороон дээр гуравны хоёрын санал авч чадаагүй тул үлдсэн шүү дээ. Хуулиараа л явна" гэсэн юм.

Асуултыг Х.Баттулга гишүүн үргэлжлүүлж,

-"Сэтлээд нарийн цариг тавиад орж ирэх зам  Хятадын стандартаар хийгдэнэ.  Энэ төмөр замыг бид барихын тулд мөнгийг нь хаанаас гаргах юм. Бид зээл аваад Хятадын төмөр замын стандартыг оруулж ирэх юм уу... Эдийн засгийн утгаараа цаад тал хөрөнгөө гаргах ёстой биш үү. Өчигдөр л гэхэд хоёр газраас лоббидоод оруулаад ирсэн. Зөвхөн засгийн газрын өргөн барьсан төслийг хэлэлцэх ёстой гээд суугаад байж болохгүй. Судлах ёстой" гэсэн бол үүний хариулт болгож, Д.Гарамгайбаатар "Бодлогын баримт бичиг ёсоор Засгийн газар хөрөнгийн асуудлыг шийднэ" хэмээн товч хариуллаа.

Замын дундаас орж ирсэн маршрутыг дэмжихээс татгалзсантай санал нийлэхгүй байгаагаа С.Бямбацогт илэрхийлж "Сайншанд Замын үүд гэдгийг хасах биш Сайншанд Ханги болгоё хэмээн санал оруулсан. Гэтэл энэ маань хасагдчихлаа. Уг нь тухайн орон нутгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, тарифийн хөнгөлөлт эдлэх боломж бий болох байлаа шүү дээ" гэсэн юм. Үүнд Д.Гарамгайбаатар "Сайншанд Замын Үүдийн чиглэлийн асуудлыг чуулган дээр ярилцсан. Хоёр улсын хооронд хосолмол төмөр зам тавих асуудал яригдаж, үүнтэй нь зөрчилдөж магадгүй гэж үзсэн тул олонхийн саналаар хассан" гэж хариулсан байна.

Нэг зүйл онцлоход, өнөөдрийн хуралдааны үеэр гишүүдийн гар утсанд гишүүдийн дугаараас мессеж ирж буй асуудлыг А.Бакей, Д.Ганхуяг нарын гишүүд хөндсөн бөгөөд өчигдөр шөнө А.Бакей гишүүнд дарамталсан мессеж ирсэн бол З.Энхболд даргын өөрийнх нь дугаараас өөрт нь мессеж ирсэн, Д.Ганхуягт 1000 гаруй мессеж хэн нэгнээс ирсэн гэнэ. Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд тодруулах ёстой хэмээн үзээд ТЕГ-ын дарга Б.Ариунсанд үүрэг болгосон байна.

Б.ЭНХ

0 сэтгэгдэл:

Post a Comment