2014/10/23

Номын сангийн тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо Номын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. ССАЖЯ-наас уг хуулийн төслийг боловсруулсан бөгөөд танилцуулгыг салбарын сайд Ц.Оюунгэрэл танилцуулсан юм.

Манай Улсад нийт 1509 номын сан үйл ажиллагаа явуулж байгаагаас Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, орон нутгийн 373 номын сан, их, дээд сургуулийн 101, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 54, ерөнхий боловсролын сургуулийн 817, албан байгууллагын дэргэд 120, эрдэм шинжилгээний 44 номын сан байдаг аж. Эдгээр номын сан нь харьяаллын хувьд олон салбарт хамаардаг бөгөөд соёлын болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн. Харьяалал, салбар дундын зохицуулалтаас хамааран номын сангийн санхүүжилт, сан хөмрөгийн бүртгэл, тооцоо, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин зэрэг асуудал нь жигд бус шийдвэрлэгддэг байна.

Мөн Үндэсний номын санд хадгалагдаж буй түүх, соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамаарах цөөн тооны судар, гар бичмэл нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд хамгаалагддаг бол хувийн номын сан, хувь хүнд хадгалагдаж буй гар бичмэл, судрын хадгалалт хамгаалалт, бүртгэл, тооцоо, үйлчилгээ нь хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтгүй явсаар иржээ.

Монгол Улсад 1990 онд нийтийн номын сан 400 гаруй байсан бол 2000 онд 181 нийтийн номын сантай болтлоо буурсан бөгөөд 165 сумын номын санг сургуулийн номын сантай нэгтгэн, Хүүхдийн номын сан, Улаанбаатар хотын нийтийн номын сангийн уншлагын газруудыг татан буулгаж, хувьчилсан нь иргэдийн мэдээлэл авах боломжийг хязгаарлаж, номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо, хүүхэд залуусын ном унших сонирхол, идэвх буурахад нөлөөлсөн гэж үздэг юм. Түүнчлэн номын сангийн үйлчилгээг төрөөс дэмжих бодлого алдагдаж, номын сангийн төсөв хөрөнгө хүрэлцэхгүйгээс шинэ номын баяжилт хийх, материаллаг баазаа сайжруулах, уншигчдад тав тухтай орчныг бүрдүүлэх, уншлага, үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, хүний нөөцөө бэлтгэх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа нь хуулийн орчин бий болгох шаардлага болжээ.

 ЮНЕСКО болон Олон улсын номын сангийн холбооноос номын сангийн харилцааг бие даасан хуулиар зохицуулахыг шаарддаг бөгөөд улс орнууд номын сангийн тухай тусгайлсан хуультай байдаг гэнэ. Энэхүү хуульдаа төрийн зүгээс ямар эрх, үүрэг, бодлоготой ажиллах, эдийн засгийн зохицуулалт, хамтын ажиллагаа, хадгалалт хамгаалалтын асуудлыг нарийвчлан тусгаж, улсын хэмжээнд хэвлэгдэн гарсан ном, хэвлэл тус бүрээс номын санд үнэ, төлбөргүйгээр тодорхой тооны хувийг шилжүүлж үндэсний оюун санааны түүхээ баримтжуулан үлдээхийг зорьдог аж.  Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс соёлын талаар баримтлах бодлого"-д "Соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, орчин нөхцөлийг бүрдүүлэх" зорилтыг дэвшүүлсэн бол Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэм боловсролтой, зөв монгол хүнийг төлөвшүүлж, хөрвөх чадвартай боловсролыг эх орондоо олж авахад "номын сангийн үйлчилгээ" чухал болохыг тодорхойлсон байна.

Номын сангийн тухай хуулиар хамгийн эхэнд номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулах бөгөөд номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж тооцож. Бүтцийн хувьд одоо өргөн баригдсан байдлаар хуулийн төсөл 7 бүлэг, 27 зүйлтэй бөгөөд номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээдийн эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, номын сангийн төрөл, эрх, үүрэг, ном бүрдүүлэлт, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, номын сангийн уншлага үйлчилгээ, зөөврийн номын сангийн болон цахим уншлагын үйлчилгээг ЮНЕСКО болон Олон улсын номын сангийн холбооноос гаргасан баримт бичгүүд, олон улсын стандарт, бусад улсын туршлагыг судалж, тэдгээрт нийцүүлэн боловсруулсан аж.

Түүнчлэн номын сангийн уншигчийн эрх, үүрэг, тусгай бүлэг уншигчийн эрх, үүрэг, номын сангийн сан хөмрөг, түүнийг хэрхэн бүрдүүлэхийг зааж номын сангийн заавал авах хувийг тогтоож. Худалдан авах номын жагсаалт, номын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого хийх, ганц хувь бүтээл, гар бичмэлийг ашиглуулах, сэргээн засварлах, сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тусгажээ.

Б.ЭНХ

0 сэтгэгдэл:

Post a Comment