2014/11/20

Лпюпэнжсэн төр өөрчлөгдсөн үү?

"Люмпэнгүүдийн ясны зан бол хээв нэг урваж шарвах явдал юм. Тэдэнд байгалаас зарчим жудаг заяагаагүй учраас ийм байдаг. Түүгээр барахгүй урвах бол люмпэнгийн хувьд эрх мэдэл, эд хөрөнгө олж авах бизнес юм. Өнөөдөр манайд, сэтгэлд нь нийцэхүйц албан тушаал хөрөнгө мөнгө амлавал баргийн эр үзлээсээ, нөхдөөсөө, бүлгээсээ, фракцаасаа, намаасаа урвах нь бүр ёс болсон. Урвасан бусдыгаа муугаар нь дуудаж явсан нөхөр цаг нь болохоор өөрөө жишим ч үгүй урвана. Хажуудах чинь урваж мэднэ шүү гэдэг афоризм өнөө цагийн үг мөн"... Одоогийн хотын мэр Э.Бат-Үүл "Люмпэнжсэн төрийн балаг" нэртэй нийтлэлдээ ингэж бичиж байв. Тэр үеэс хойш арваад жил өнгөрчээ. 

Өндөр шилэн байшингууд сүндэрлэж, өрнө дорны машин хөлхөлдөж, утас "ухаажин", хүн "жиргэдэг" болж, нийгэм өөрчлөгдсөн ч өнөөгийн улс төр арван жилийн өмнөхөөс ялгарах юмгүй яг  хэвээрээ байна.

Хоёр жилийн өмнө ялалтын хундага тулгаж явсан АН-ынхан хэдхэн хоногийн өмнө Н.Алтанхуягаасаа Ерөнхий сайдын болон намын тамгаа салгах гэж яаж урвасныг өнөөдөр дахин нурших нь төвөг биз.  Эдийн засгийн хямрал, "Эзэн-100", Н.Энхбаяртай хийсэн гэрээ зэргээр шалтаглаж, Н.Алтанхуягаа унагасан АН-ынхны эцсийн шалтгаан нь ердөө эрх мэдэл, сандал суудал байсан. Тамга тэмдэгийн төлөө намаа хавханд хийчихэж байгаа нөхөд "улс орныхоо эрх ашгийн үүднээс" гэж уран гоёор донгодлоо ч  ямар тэнэг нь итгэх билээ. Хэн ч үүнд үнэмших вэ дээ.

Намаас, нам дамжин  урваж, шарваж явдаг нөхдүүд Л.Цог, Д.Арвин, Д.Батцогт, мэтээс авахуулаад цөөнгүй бий. Хоёр гурван нам сэлгэж, хоёр гурваар тогтохгүй үнэмлэх өвөртөлчихсөн нөхөд АН-д ч бий, МАН-д ч бий. МАХН бол тэртээ тэргүй хогийн сав. Гомдогсод, гологдогсдоор дүүрсэн улс төрийн "хорт хавдар".

Мөнгө, улс төр хоёрыг ялгаж зааглаагүй цагт "Улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвагнадаг" улстөрчдөөс дүүрсэн Монголын төр люмпэнгүүдээсээ салтлаа өдий.

Халамжийн газрын даргыг мөнгө идсэни хэргээр хууль хяналтынхан саатуулжээ. Төрсөн дүү нарынхаа компаниар дамжуулан улсын мөнгийг угаасан байж болзошгүй гэнэ. "Цагаан захтнуудтай" холбоотой сүүлийн үеийн мэдээний нэг. Олон нийт ч цочирдон хүлээн авахаа больсон нь угаасаа л манай дарга нар махчид гэдэгтэй эвлэрснийх гэхэд хэцүү.

Эхнэрийнхээ дансаар олон тэрбумыг угаах, нууц амрагийнхаа дансанд сая, сая доллар нуух, эгчтэйгээ эсвэл ах дүүтэйгээ нийлж төсвийн мөнгийг шамшигдуулах, татвар төлөгчдийн мөнгөөр бие биенээ урамшуулах гээд Монголын төр яг л галзуучуудын эмнэлэг шиг болсон. Ц.Нямдорж, Н.Энхбаярыг хоёрыг хар л даа.  Монголын төрийн өндөр дээд албан тушаал хашч явсан тэд телевизийн дурангийн өмнө захын чавганцаас дор чалчиж байгааг.  "Би  Нямдоржийг дуудаж уулзаад "чиний тухай ийм зүйл яригдаад байна. Чамайг түр түтгэлзүүлье. Шалгуулаад тогтоолгочих, тэгээд буцаад ажилдаа орвол бүр нэр хүндтэй юм биш үү гэхэд "Ц.Нямдорж уйлчих шахаад та надад итгэ, наад муу хүмүүс чинь миний мууг үзэх гээд байгаа юм гэж гуйж байсан" гэж нэг нь авах юмгүй хог ярьж л суудаг. Нөгөөх нь ч "Н.Энхбаяртай аягүй гоё найзууд байсан. Тэгсэн Энхбаяр нь Энхсайхантай найзлаад байхаар нь дургүй нь хүрээд больчихсон" гэж ирээд л тэнэгтэж л байдаг. Ямар таар шуудайнууд гэхээрээ ингэж муу, муухайгаа ичин зовохгүй дэлгэж суудаг байна аа.

Э.Бат-Үүлийн "Люмпэнжсэн төрийн балаг" нийтлэлд "Ичгүүргүй байх нь оновчтой хамгаалалт мөн гэдэг люмпэн улстөрчдийн үг бий. Үүнийг мэддэг төрийн томчуул манайд цөөнгүй бий болжээ. Нэн ялангуяа сайд болсон зарим компанийн захирал асангууд үзүүлээд өгнө. Тэд, телевизийн дурангийн өмнө бие биенийхээ хийсэн хэргийг бичиг баримтаар дэлгэн хэрэлдэх, гадаадын парламентын хулхи гишүүнийг зугаацуулан онгоц унагах, гадаадад байгаа эхнэрийнхээ нэр дээр төсвийн мөнгө шилжүүлэн баригдах, үйлдвэрийн ажил хариуцах атлаа концерт зохион байгуулснаа дамлан наймаалах, гамшгаас хамгаалах ёстой нь гамшигт нэрвэгдүүлэх зэргээр шившгээ хутгана" гэсэн байдаг.

Төрийн мөнгөөр тансаглаж, хувьдаа компани байгуулж, сая, саяар нь "бэлгэвч" шахаж, тэрбумаар нууц амрагаа баярлуулж, нууц мөнгөө эхнэрийнхээ дансаар угааж, улсын байшин үнэгүй авч яг үнэндээ өнөөдөр лпюпэнжсэн төрийн балаг 10 жилийн өмнөхөөс илүү аймаар, илүү эрээ цээргүй болжээ. Энэ нь улстөрийн эрүүл, цэвэр цусаар сэлбэх хэрэгтэй болсны илрэл байх. Эс бөгөөс бүгдээрээ энэ чигээрээ дуусах уу?

Ж.НЯМСҮРЭН

 

0 сэтгэгдэл:

Post a Comment